Улаанбаатар 1c

Д.Оюунтуяа: Монголын гимнастикчдийн олимпын буухиа 40 жил тасарсан

1980 оны Москвагийн олимпын наадмын спортын гимнастикийн төрөлд эх орноо төлөөлөн амжилттай оролцож явсан ОУХМ Д.Оюунтуяатай ярилцлаа. Тэрбээр  одоо Монголын гимнастикийн холбооны дасгалжуулагчаар  ажиллаж байгаа билээ.

-Гимнастикийн спортоор анх хичээллэж эхэлсэн үеэ эргэн дурсаач?
-Санамсаргүй байдлаар 1975 оны  сүүлээр З.Давааням багштай тааралдаад, спортын гимнастиктай амьдралаа холбосон. Би гэрийнхээ  гадаа 120 мянгатын тоглоомын талбайд тоглож байхад багшийн нүдэнд туссан юм билээ. Манай  ах Д.Оюунбат бас гимнастикаар сонирхож хичээллэсэн. Ах намайг дагуулж цуг явдаг байлаа. Намайг  гимнастикаар  хичээллэж байх үед ганцхан спортын гимнастик олимпын хөтөлбөрт байсан. Харин уран сайхны гимнастик олимпод ороогүй байсан үе. Бидний үед спортоор хичээллэдэггүй хүүхэд гэж байхгүй шахам байлаа.

З.Давааням багш олон сургуулийн хүүхдээс шалгаруулалт явуулж авдаг байв. Тэр сонгож авсан хүүхдүүдийн дотор Д.Ариунаа бид хоёр байсан. Тэр цагаас хойш Орос, Монгол багш нарынхаа удирдлагаар тасралтгүй бэлтгэл сургуулилалт хийгээд 1980 оны олимпод оролцсон түүхтэй. Олимпын өмнө Украины нийслэл Киев хотод бэлтгэлээ базаасан. З.Давааням, Ц.Март багш нараас гадна ЗХУ-ын гавьяат дасгалжуулагчид бидэнд зөвлөгөө өгч бэлтгэл хийлгэж байлаа.

-Хэдэн настайдаа 1980 оны олимпод оролцож байв?
-Би олимпод 14 настайдаа, Д.Ариунаа 15 настай байхдаа орсон. 1980 оны олимп маш өндөр түвшинд зохион байгуулагдан явагдсан. Спортын гимнастикийн төрөлд 50 гаруй орны тамирчид өрсөлдсөн. Хүмүүс 1980 оны олимпод зөвхөн социалист системийн орнууд орсон гэж өрөөсгөл байдлаар ярьдаг. Яг үнэндээ капиталист орны олон тамирчин оролцсон.

Тухайн үеийн олимп, дэлхийн аварга тамирчин БНАСАУ-ын Ким Нелли, Румыны  XX зууны алдарт гимнастикчин, олимпын таван удаагийн аварга Надъя Команечи нартай өрсөлдөж явсандаа бахархдаг. Их сайхан дурсамж үлдээсэн олимпын наадам  байлаа. Д.Ариун бид хоёр шилдэг тамирчдын хамт шигшээ 36-д шалгарч үлдсэн. Шигшээ тэмцээнд өрсөлдөж би 23 дугаарт, Д.Ариунаа 26 дугаар байрт шалгарсан.

-1984 оны Лос-Анжелесын олимпод социалист системийн орнууд оролцоогүй. Та хоёр 1984 оны “Сайн санааны тоглолт”-д оролцсон уу?
-1984 онд Д.Ариунаа маань сургуульд явсан. Би шагайндаа гэмтэл аваад “Сайн санааны тоглолт”-д оролцож чадаагүй.  

-Д.Ариунаа эгч та хоёр гимнастикаар олимпын наадамд оролцсон Монголын хамгийн сүүлийн тамирчид байх. Та хоёроос өмнө ямар тамирчид олимпод оролцож байсан бэ?
-Монголын тамирчдаас анх Токиогийн 1964 оны олимп, Мехикогийн 1968 оны олимпод Д.Норолхоо, Я.Туяа, З.Нямдаваа багш нар оролцож байсан.  Гимнастик Монголын спорт холбоодын анхдагч 100 жилийн түүхэн замналтай спорт. 1921 онд  жанжин Д.Сүхбаатар модон морин дээгүүр харайдаг, бургас чавчдаг, гимнастикийн дасгал хөдөлгөөн  хийдэг байсан анхдагчдын нэг. Тэр үеэс Монголд спортын гимнастик сууриа тавьж хөгжсөн. Ирэх жил  Монголын гимнастикийн холбоо байгуулагдсаны 60 жил. Монгол Улсад гимнастикийн спорт үүсэж хөгжсөний  100  жилийн ойг тэмдэглэнэ.

Сүүлийн жилүүдэд улсын баяр наадмын нээлт, хаалтын тоглолтод гимнастик орохоо больсон байна. Тэрнээс биш бидний үед наадмын нээлтэд 3-4 мянган дунд сургуулийн хүүхэд, их, дээд сургуулийн оюутныг хамарсан гимнастикийн тоглолт хийдэг байлаа. Тэр бүхэнд төр засгаас маш их анхаарал хандуулж, ач холбогдол өгдөг байв. Үүнээс гимнастикийн спортыг сонирхогчдын хүрээ тэлдэг, гимнастикийн анхан шатны мэдэгдэхүүнтэй хүмүүс олширч байлаа. Тэр бүхнээс хүүхэд залуус бие бялдрын өв тэгш хүмүүжил, төлөвшил, ёс суртахуун, тэсвэр хатуужил, дэг журамтай байдлыг суралцдаг байв.

-Хэдий үеэс гимнастикийн дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн бэ?
-Намайг УБДС-ийг  төгсөх үед зах зээлийн нийгэм эхэлсэн үе таарсан. ТИС, КТМС зэрэг сургуульд багшилж байгаад хувийн хэвшил рүү орж үзсэн ч сэтгэл зүрх маань  гимнастикаасаа холдож чаддаггүй. Тэгээд гимнастиктаа буцаж ирсэн.

-Зах зээлийн шилжилтийн үед гимнастикийн хөгжил жаахан суларсан. Одоо гимнастикийн холбооны үйл ажиллагаа хэр сэргэж чадсан бэ?
-Одоо манай холбооны нарийн бичгийн даргаар Г.Ерөөлбат ажиллаж байгаа. Залуу хүн, гимнастикаар хичээллэж байсан тамирчны хувьд эрч хүчтэй, зохион байгуулах чадвар сайтай, цаг үеэ мэдэрч чаддаг, гайхалтай удирдагч. Хэсэг хугацаанд тасараад байсан шигшээ багийг дахин байгуулж чадлаа. Спортын гимнастик, уран сайхны гимнастикийн шигшээ баг эргэн сэргэлээ. Холбооны нарийн бичиг,  түргэн шуурхай, юмыг сэтгэж, хөдөлгөж явж байна, тэр хэмжээгээр гимнастикийн спорт хөгждөг. Ер нь спорт холбоодын нарийн бичиг заавал тэр спортоо мэддэг мэргэжлийн хүн байх нь зөв юм байна.

-Та Ази тив болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байв уу?
-Бид 1978 онд Тайландын Бангкокт болсон Азийн наадамд орсон. Тэр үед Вьетнам, Хятадын хооронд дайн болоод биднийг онгоцоор явах нь аюултай гээд галт тэргээр явуулсан. Тэгсэн хятадууд Вьетнамын төмөр замыг бөмбөгдсөн үетэй таарав. Ханой хотод саатаж, төмөр зам засахыг хүлээж 20 гаруй хоносон. Тэгж ядарч яваад тэмцээнд орж, багаараа тавдугаар байрт шалгарсан амжилт үзүүлсэн. Одоо Нийслэлийн БТСХ-д байгаа А. Болдмаа эгч, Д.Ариунаа, би, О.Үрлээхүү эгч, ҮБДС-ийн захирал Л.Алтанцэцэг эгч бид тав нэг баг болж явсан.

Биднийг буцах үед арав билүү, арваннэгдүгээр сар гарч сэрүү орсон үе таарсан санагддаг. Хятадын хил дээр бидэнд тариа хийсэн юм. Азийн наадамд оролцоод буцаж явсан манай тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс тэр тарианы дараа халуурсан. Ямар учраас бидэнд ямар тариа хийснийг мэдээгүй.Тэр тарианы дараа бидний бие суларч, халуурч эхэлсэн юм. Албаны хүмүүс халуун хүйтэн харшилснаас болж хатгаа авсан гэдэг.

1983 онд Унгар Улсад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа орж байсан. Д.Ариунаа бид хоёроос гадна одоо сэтгэл судлалын доктор болсон манай найз Ц.Солонгоо, Яармагийн 34 дүгээр дунд сургуулийн багш, ОУХМ Ж.Чулуунцэцэг, одоо Америкт амьдарч байгаа Э.Энхчимэг бид тав баг болж орсон. 1964, 1968 оны олимпод оролцсон Я.Туяа багш шүүгчээр явсан.  Бид 60 гаруй орны багаас 25-26 дугаар байрт шалгарсан. 

Манай З.Давааням багш гимнастикаас гадна Одесст инженер мэргэжил эзэмшсэн өндөр боловсролтой хүн байв. Багш бидний дараа, дараагийн залгамж халааг бэлтгэхэд их анхаарал хандуулж явсан. Инженер хүн болохоор гимнастикийн хамгаалалтын техник, хэрэгслийг өөрөө зохиож бүтээж хийдэг байлаа. Байнга л шинийг сэтгэн, бодож төлөвлөнө. Би багшаасаа их зүйлийг сурч авахыг хичээсэн. Ер нь дасгалжуулагч хүн байнга өөрийгөө хөгжүүлж,  үргэлж шинийг суралцагч байх ёстой. Өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлдэггүй багшийн шавь нарын амжилт нэг хэвийн түвшинд тогтчихдог юм билээ. Тамирчдын өндөр амжилтад хүрэх хүсэл тэмүүлэл, өөртөө итгэл, сэтгэл зүй нь хүртэл төлөвшиж чадаагүй байдаг.

-Манай гимнастикчид 1980 оноос хойш олимпын наадамд ороогүй явна уу?
-2010 онд манай Г.Эрдэнэболд залуучуудын олимпын алтан медаль хүртсэн. Тэрнээс биш, 1980 оноос хойш олимпын наадамд ороогүй л яваа. Монголын гимнастикчдийн олимпын буухиа 40 жил тасарсан. Одоо олимпын эрх авч оролцож байгаа. Бидний үед ч гэсэн шалгуур тавьдаг, босго өндөр байв. Тив, дэлхийн аварга, олон улсын чанартай тэмцээнд тодорхой өндөр амжилт гаргасан байдлыг харгалзан олимпод оруулна. Тийм учраас бид Киев хотод очиж хоёр сар гаруйн хугацааны өндөр бэлтгэлжилтийн түвшинтэй, эрчимтэй бэлтгэл сургуулилалт хийсэн. Гимнастикийн нарийн элемент, техник сурч, нүд нээгдсэн. Одоо тэр үед Оросын алдартай гавьяат дасгалжуулагч, багш нараар заалган, сурч мэдэж авсан,  суурь мэдлэг, туршлагаа орчин үетэй хослуулан хөгжүүлэн ажиллаж байна. Гэхдээ мэдээж миний анхны багшийн туршлага, арга барил, заах арга гол суурь болж байгаа. Тамирчин хүн дасгалжуулагч болохоороо, багшийнхаа арга барилаар  ажилладаг юм байна гэдгийг  өөрийнхөө амьдралаас харж мэдэрлээ.

-Бэртэл гэмтэл гэдэг тамирчин хүний амжилтын гол “дайсан” байдаг. Гэмтэл аваад зодог тайлсан уу?
-Ер нь тамирчид техник, гүйцэтгэлийг буруу хийх,  санамсар болгоомжгүй байдал, бие халаалт болон хамгаалалтыг найдвартай хийгээгүй үед бэртэл авдаг.  Мөн их зан гаргаж биеэ тоосон үедээ алдаа гардаг юм билээ. Намайг  1982 онд Энэтхэгийн Дели хотод Азийн наадамд явахын өмнө хүн болгон магтаад “Ёстой мундаг, чадвартай охин” гэж хөөргөөд, хүүхэд юм болохоор онгирч, сагсуурч, биеэ тоосон үе. Делигийн тэмцээнд ороод, өндөр, нам савлуурт орооцолдон дэмийртлээ савуулсан. Түүнээс хойш их зан гэдэг зүйл тамирчин хүнд байж болохгүйг ойлгож билээ. Тамирчин хүн бусдын хоосон, хуурай магтаалд хөл алдан хөөрөөд хэрэггүй юм байна  лээ.

-Та хэдэн онд зодог тайлсан бэ?
-Би 1984 онд аравдугаар ангиа төгссөн. 1987 оны УАШТ-д орсон юм. Чөлөөт хөдөлгөөний  дэвжээний шахалт суларч хооронд нь зай гарсныг харалгүй тэр завсарт хөл таараад өвдөг мултарсан. Тэгээд л тамирчны замналаа орхисон. Түүний дараа таэквондогийн спортоор хичээллэх гэж оролдож үзээд больсон. Хөлийн цохилт, савалт хийхээр мултарсан өвдөгний бэртэл сэдрэх гээд байх юм билээ.

-Та дасгалжуулагчийн мэргэжлээр хэзээ төгссөн бэ?
-УБДС-ийн Биеийн тамирын дээд сургуульд1985 онд элсэн орсон. Сургуулиа төгсөөд Найрамдлын районы БТСХ-д гимнастикийн дасгалжуулагчаар ажилд орж байлаа. Түүний дараа 1988 онд тавдугаар ТМС-д биеийн тамирын багшаар очив.  Тэгсэн ТИС, тавдугаар ТМС-ийг аваад КТМС болгосон. Тэнд нэг хэсэг багшилж байгаад гарсан. Хэсэг хугацаанд хувиараа ажилласан. Тэгээд л 2009 онд Монголын гимнастикийн холбоондоо дасгалжуулагчаар ирсэн.

-Сүүлийн жилүүдэд спортын сэргэлт эрчимтэй явагдаж байна. Танай Гимнастикийн холбооны техник, хэрэгсэл бүрэн шинэчлэгдэж чадсан уу?
-1990 оны үед техник, хэрэгсэл муудаж, хуучирсан. 1970, 1980 оны  хэрэглэл, материалаа шинэчлэхээсээ өмнө бид заалгүй болох аюултай тулгарсан хүнд үеийг туулсан. Намайг  багшийн ажлаас хөндийрсөн 1990-ээд оны үед манай багш Э.Оргилмаа, Б.Анхбаяр, Р.Лхамсүрэн нар гимнастикийн заалаа хувьчлалд оруулахгүй гэж зааландаа хонон, өнжин  тэмцэж байж авч үлдсэн гавьяатай хүмүүс байгаа юм.

Мөн тухайн үед Гимнастикийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан  УИХ-ын гишүүн Л.Халтар, Нийслэлийн  Биеийн тамир спортын хорооны ахлах мэргэжилтэн А.Болдмаа эгчийн  хичээл, зүтгэл хэмжээлшгүй их. Гимнастикийн заалыг бүрэн бүтэн авч үлдсэн  эдгээр хүмүүсийн ач тусыг бид хэзээ ч мартаж болохгүй. Бахархмаар үйлс бүтээсэн энэ хүмүүсийн хичээл, зүтгэл гимнастикийн түүхэнд мөнхрөн үлдэх ёстой.  

Гимнастикийн заал байгаа энэ цогцолборыг хувьчилсан нь үнэхээр маш буруу шийдвэр байсан. Анх байсан Хүүхдийн спорт сургалтын төвөөр нь ажиллуулах ёстой байлаа. Энэ төвөөс олимп, дэлхийн медальтан, олон шилдэг тамирчин төрөн гарсан. Хүүхдийн спорт сургалтын төвийг татан буулгаж хувьчилсан нь Монголын тамирчдын залгамж халааг тасалсан буруу зүйл байлаа. Одоо байгаа байдлыг нь харалдаа. Хайран сайхан спорын заал танхим баар, буудал, ресторан болсон байна.

Өнгөрсөн жил манай холбооны ерөнхий нарийн бичгийн дарга  Г.Ерөөлбат  Азийн цомын тэмцээний өмнө гимнастикийн техник, хэрэглэлийг шинэчилсэн. Түүний дараа Азийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн явагдсан. Тэр хоёр тэмцээнд ашигласан техник, хэрэглэлийг гимнастикийн төв зааланд байршуулсан байгаа. Манай Г.Ерөөлбат гимнастикийн төлөө үнэхээр  хичээж, зүтгэн, ажиллаж байгаа. Гимнастикийн заалны хойно орон сууцны барилга  барих гээд  газар ухсан.  Тэр ухсан газар нь манай заалны сууринд нөлөөлж, суулт өгөх аюултай байдалд хүргэсэн.

Барилга барих компани зөвшөөрөлтэй газраа бид барилга барих эрхтэй гээд шүүхээр яваад байгаа. Элдэв янзын шахалт, хавчилт, дайралт, дарамт  ирдэг. Залуу хүн гэхэд шантрахгүй тэр бүгдийн эсрэг хатуу зогсон, тэмцэж байгаад нь бид баярладаг. Монголд байгаа  ганц гимнастикийн заалаа  нураачихгүй авч үлдэх юмсан гэж тэмцэж байна. Ер нь манай спортынхон салбарынхан өөр өөрсдийн төрөл гэж явцуу хүрээнд бодож, сэтгэлгүй, бидэнтэй сэтгэл санаа нэгтэй хамтран тэмцэж байгаа. Ганцхан гимнастик  гэлтгүй  бокс, бөх, цана, тэшүүр, дугуй, хөнгөн атлетикийн ахмад тамирчид маань ирж, заалны сууринд тулгаж барилга  барихын эсрэг байгаагаа хэлж, хамтран тэмцэхээ илэрхийлж байгаа.

-Танай заал баригдаад 40 жил болжээ. Ер нь ирээдүйн спортын хөгжлөө бодоод гимнастикийн шинэ заалтай болох хэрэгтэй юм байна даа?
-Хүүхдийн спорт сургалтын төвийг анх барихдаа манай заалыг спортын гимнастикийн, одоо “Шонхор” БТДС байгаа байрыг уран сайхны гимнастикийн заал байхаар төлөвлөж барьсан юм. Хувьчлал явагдсанаас болж өнөөдөр уран сайхны гимнастик заал, танхимгүй болчихсон. Ер нь манай бөхчүүд их жудаггүй, спортод сэтгэлгүй хүмүүс байдаг юм уу гэж бодох болсон.

Ард түмний хайр хүндэтгэлийг буруугаар ашиглан  спортын барилга байгууламжийг хувьчилж аваад хувийн бизнесээ өргөжүүлж, спортын хөгжлийг гацааж, зогсоогоод байх юм. Гимнастикийн нэг биш олон заал, танхимыг барьж байгуулж байж хөгжлийн асуудлыг ярих ёстой. Нийгмийн шилжилтийн хүнд үед гимнастикийн гал голомтыг унтраачихгүйгээр авч үлдсэн хүмүүст талархаад барамгүй. Одоо цаг үе өөр болж байна. Нийгмийн хөгжлөө дагаад гимнастик хөгжлийг шинэ шатанд гаргах ёстой.

-Орос, Америк, Хятад, Япон, Солонгосчууд хүүхдийг цэцэрлэгт байх үеэс нь гимнастикаар бэлтгэдэг. Багаасаа хичээллэсэн хүүхдүүд 14-15 настайдаа олимп, дэлхийн аварга болж байна. Манай улсад цэцэрлэгээс  нь бэлтгэж байгаа юу?
-Манайх цэцэрлэгийн насны хүүхдийг бэлтгэж байгаа. Харин бага насны хүүхдэд таарсан техник, хэрэглэл байхгүй. Заалны хүрэлцээгүйгээс бага насны хүүхдийг бусад насныхантай холилдуулан оруулж байгаа. Энэ их буруу юм. Ер нь 3-5 настай хүүхдэд тохирсон жижиг заал байхад болно. Техник, хэрэглэл, дэвжээ нь хүүхдэд ямар ч аюул учруулахгүй, хамгаалалтыг бүрэн хангасан байх ёстой. Бид багаасаа хүүхдийг бэлдэж, арай гэж зүгшрүүлж авч байхад дунд сургуулийн багш нар “Хичээлээс завсардаж байна. Секц дугуйлан гэж яваад хичээл, сурлагадаа муудлаа.

Давтлага, бие даалтад яв” гээд хүүхдийг дарамтлаад эхэлдэг. Эцэг, эхчүүд ч гэсэн “Ангийн багш нь загнаад байна. Одоо энэ хүүхдийн тархийг цэнэглэхгүй бол болохгүй. Тоо, физикийн давтлагад суулгах хэрэгтэй байна” гээд  секцээс гаргадаг, бэлтгэл, сургуулилалтаас хоцрогдуулдаг тал бий. Ингээд бидний хөдөлмөр үнэгүйддэг. Тамирчны амжилт буурдаг.

-Гимнастикаар хичээллэх хүүхдүүдийг сонгон шалгаруулж авдаг уу?
-Сонирхлыг нь харгалзан үздэг. Бага насны хүүхдийг шилж сонгон, шалгаруулаад байх нь тийм ч зохимжтой зүйл биш. Дургүйд хүчгүй гэдэг. Хүүхэд өөрөө гимнастикаар хичээллэх дур сонирхолтой байх нь хамгийн чухал. Ер нь гимнастикад дургүй хүүхэд гэж бараг байхгүй дээ. Хүүхэд бүхэн гүйж, харайх, өнхрөх, үсрэх дур сонирхолтой байдаг. Хүүхдийг хэзээ ч чамлан, голж болохгүй. “Энэ удаан хөдөлгөөнтэй, дуугүй номой хэзээ ч юм сурахгүй. Тэр сэргэлэн сайн” гэж ялгах нь их буруу. Хүүхэд яаж ч өөрчлөгдөж болно. Дуугүй, номой хүүхдийг хэрхэн дуутай болгож, авьяас чадварыг нь хөгжүүлэх нь чухал.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • RODICA
    ЕРӨНХИЙ СУРГУУЛИЙН ӨДӨР, миний нэр Родица, би Aditya Pradhan National Hospital-д бөөрнийхөө нэгийг зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа дэлхий нийтэд мэдээлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Би олон жилийн дараа миний бөөрийг зарах чин сэтгэлийн эмнэлгийг хайж байсан. ядууралд амьдардаг, намайг ADITYA эмнэлэгт нэвтрүүлсэн томоохон найзтайгаа уулзах хүртэл үнийн талаар тохиролцсон бөгөөд тэд миний бөөрийг 780,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд тэд хагалгаанд орохоос өмнө төлбөрийнхөө тал хувийг надад өгсөн. Хагалгааны дараа тэр даруй надад мөнгөний үлдэгдлийг өгдөг. Би маш сайн байгаа бөгөөд амьдрал ахуйдаа дахин баяртай байна, учир нь мөнгө нь өмгөөлөл болж ядуурал нь гэмт хэрэг юм. Бөөрөө зарах, эрүүл байхын тулд зөв газар хайж байгаа хүмүүст та ADITYA эмнэлэгтэй холбоо бариарай. [DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM] Дахиад л байхгүй байгаа зүйлээ ашиглах хэрэгтэй бөгөөд эрүүл, сайн хэвээрээ байх болно. Учир нь ядуурал бол гэмт хэрэг бөгөөд мөнгө бол эмнэлэгийг одоо [DR.PRADHAN-д дуудах замаар хамгаалах хэрэгсэл юм. UROLOGIST.LT.COL@GMAIL.COM]
    2020 оны 08 сарын 15 | Хариулах
  • Zochin
    Мундаг сэтгэлтэй зүтгэлтэй багш нартаа амжилт хүсье ээ. Олимпод Монгол улсын нэрээ гаргаарай.
    2020 оны 08 сарын 13 | Хариулах
  • Sarantuya
    Saikhan yariltslaga unshlaa.Ouyntuya 75-r surguuli tugssun.
    2020 оны 08 сарын 13 | Хариулах
Нийтлэлчид