Улаанбаатар 1c

Ч.Чимэдбат: Гарцаар гарч байгаа явган зорчигчийг мөргөөд зугтсан хэрэг 17 гарсан

Нийгэм:
NPost.mn
2020-08-13 13:16

Өчигдөр зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, наймдугаар сарын 12-ны 04:25 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн XVII хороо Энхтайваны өргөн чөлөө, 32 дугаар байрны урд явган хүний гэрлэн дохиотой гарц дээр марк, улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч явган зорчигчийг гарцаар гарч байхад нь мөргөсөн байна. Улмаар 25 настай, эрэгтэй Н амиа алдаж, жолооч хэргийн газраас зугтжээ. Хэргийн мөрөөр цагдаагийн алба хаагч нар шуурхай ажиллаж, хэрэгтнийг олсон гэнэ. Тус ослын талаар болон зарим зүйлийг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ч.Чимэдбатаас дотрууллаа. 

-Явган хүний гарц дээр хүн дайраад зугтсан жолооч согтуу байсан уу?
-Согтуу байгаагүй. Осол гаргасан жолооч нь 2003 онд төрсөн, насанд хүрээгүй хүүхэд гэх мэдээлэл байна.

-Энэ төрлийн осол он гарснаас хойш хэр олон гарсан бэ?
-Он гарснаас хойш гарцаар гарч байгаа явган зорчигчийг мөргөөд зугтсан хэрэг 17 гарсан. Тээврийн цагдаагийн алба Зам тээврийн яамтай хамтран хэрэгтнүүдийг 100 хувь илрүүлж чадсан.

-Гарцаар гарч байгаа явган зорчигчдод жолооч зам тавьж өгөхгүй байх нь элбэг. Үүнд хариуцлага тооцдог уу?  
-2020 оны байдлаар гарцаар гарч байгаа хүнд зам тавьж өгөөгүй 10 мянган зөрчил бүртгэгдэж, тэр бүрт хуулийн хариуцлага тооцсон. Тус зөрчлөөр өдөрт 76 хүнд хуулийн арга хэмжээ авдаг.

-Осол гаргаад санаатай зугтсан жолоочид хуулийн ямар хариуцлага ногдуулдаг вэ?
-Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.11-д авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол 450-2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл нэг сараас зургаан сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх хуулийн заалттай. Мөн иргэд Замын хөдөлгөөний дүрмийн өөрт хамааралтай заалт, шаардлагыг сахин биелүүлж, явган зорчигч нь явган хүний гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч хэвших, жолооч явган хүний гарцан дээр зам тавьж өгсөн тохиолдолд зорчих хэсэг дээр алгуурлалгүй, түргэн шуурхай зам хөндлөн гарах хэрэгтэй. Түүнчлэн чихэвч зүүсэн үедээ зам хөндлөн гарахгүй байхыг сэрэмжлүүлж байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид