Улаанбаатар 1c

Ж.Байден Камала Харрисыг Дэд ерөнхийлөгчөөрөө сонголоо

Дэлхий:
NPost.mn
2020-08-13 13:19

Ирэх арваннэгдүгээр сарын 3-нд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөх Жо Байден Сенатын гишүүн Камала Харрисыг хамтрагчаараа буюу Дэд ерөнхийлөгчөөрөө сонгожээ. К.Харрис нь энэхүү албан тушаалд нэр дэвшиж буй анхны өнгөт арьстан төдийгүй ази гаралтай анхны америк эмэгтэй болж байна. Калифорни мужаас Сенатад сонгогдсон тэрбээр энэтхэг ээж, ямайк аавтай агаад сүүлийн үед Америкийн төр, нийгмийн гол асуудал болоод байгаа арьсны үзлээс үүдэлтэй үймээн самууныг намжааж, талцлыг зөөллөхөд тохиромжтой хүн гэгдэж байгаа аж. К.Харрис Америкийн цагдаагийн байгууллагад шинэчлэл хэрэгтэй гэсэн хатуу байр сууриараа Ардчилсан намаас сонгогдсон сенатчдынхаа дунд эрс ялгардаг байна. Тэрбээр Цагаан ордны одоогийн тэргүүн Дональд Трампын хамтрагч буюу Дэд ерөнхийлөгч Майк Пенстэй аравдугаар сарын 7-ны өдөр Юта мужийн Солт Лейк хотод халз мэтгэлцэхээр болжээ. 

Өмнө нь 2008 онд Бүгд найрамдах намаас Сара Пэлин, 1984 онд Ардчилсан намаас Жералдин Ферраро нарын ердөө хоёр эмэгтэй АНУ-ын Дэд ерөнхийлөгчид дэвшиж байсан ч хэн хэн нь Цагаан ордонд сууж чадаагүй. Харин Ж.Байден үүнийг өөрчлөхийг хүсэж байгаагаа “Твиттер” хуудсаараа дамжуулан илэрхийлээд К.Харрисыг “Чин зоригт тэмцэгч, манай орны шилдэг боловсон хүчний нэг” хэмээжээ. Өдгөө 55 настай К.Харрис Калифорнийн Мужийн прокурорын газарт Ж.Байдений талийгаач хүү Бо Байдентай цуг ажиллаж байсан аж. Өөрийг нь Дэд ерөнхийлөгчид дэвшүүлснийг зарласны дараа К.Харрис Ж.Байденийг “Бүх америкчуудыг нэгтгэж, бид бүгдийн хүсэн хүлээж буй Америк орныг цогцлоох хүн” хэмээн жиргэжээ.  

Хатагтай Харрис Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч тодруулах сунгаанаас өнгөрсөн арванхоёрдугаар сард хасагдсан ч ийнхүү Цагаан ордонд суудал эзлэх “өрсөлдөөн”-д эргэн ирж байна. Тэрбээр Ховардын болон Калифорнийн их сургуульд боловсрол эзэмшсэн, хуульч мэргэжилтэй бөгөөд Америкийн хамгийн олон хүн амтай муж болох Калифорнийн ерөнхий прокуророор томилогдсон анхны өнгөт арьстан төдийгүй анхны эмэгтэй болж байж. Калифорнийн Оклэнд хотын уугуул тэрбээр хуульч нөхөртэй, хүүхэдгүй. Түүнийг улс төрийн хүрээнийхэн 2017 оноос Ардчилсан намын шинэ, залуу “одод”-ын нэг хэмээн цоллож иржээ. Харин Д.Трамп К.Харрисыг Ж.Байдений хамтрагчаар сонгогдсоныг дуулаад “Энэ эмэгтэй олон зүйл дээр худал хэлсэн” хэмээгээд “Ардчилсан намын дотоод сунгааны үеэр Ж.Байденд тун муухай хандаж байсныг нь санаж байна. Бас хоёрхон хувийн дэмжлэг авсан. Ийм хүнийг хамтран зүтгэгчээрээ сонгосонд гайхаж байна” гэж сэтгүүлчдэд ярьжээ. 

Ажиглагчдын үзэж буйгаар К.Харрис Ж.Байдений хувьд аюулгүй сонголт юм. Бүр гуравдугаар сард Дэд ерөнхийлөгчөөрөө эмэгтэй хүн сонгоно гэдгээ мэдэгдээд байсан Ж.Байден Ардчилсан намын “өв залгамжлагч” гэгдсэн нэр нөлөөтэй эмэгтэйчүүдээс гарал угсаа, нэр нөлөө, хатуу үзэл бодол зэргийг нь харгалзан, Америкийн олон үндэс угсаатнаас аль болох олон санал авах магадтай хүнийг сонгох нь анхнаасаа тодорхой байв. Харин К.Харрис Ардчилсан намын хүчтэй эмэгтэйчүүдийн нэгээс гадна нэгэн цагт Цагаан ордны тэргүүнд өрсөлдөнө гэдгээ, эцсийн цэг нь Ерөнхийлөгчийн суудал болохыг огт нууж байгаагүй. Тиймээс ч энэ жилийн сонгуульд Ж.Байден бүтэлгүйтлээ гэхэд 2024 онд К.Харрисыг Ерөнхийлөгчид сойх Ардчилсан намынхны алсын хараа энэхүү сонголтоос харагдаж байна хэмээн ажиглагчид онцолжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид