Улаанбаатар 1c

Хотын ой санамжийг үгүй хийв

Он цаг улирч бүх зүйлс хуучирч, зарим нь тухайн цаг хугацаандаа уусч алга болоход хүн төрөлхтнийг амьдарч байсныг илтгэх ганц зүйл нь түүх соёлын дурсгалт зүйл, олдворууд юм. Үүнийгээ хайрлаж, хамгаалж, хойч үедээ бүтэн үлдээх нь бидний үүрэг. Гэтэл төр түүхэн дурсгалт барилгуудаа буулгасаар байна. Дэлхийн улс орнууд түүх соёлоо сурталчилж, байгаагүй түүхийг дэлгэцэнд мөнхөлж, хойч үедээ үлдээн дэлхий нийтэд түгээх соёлын бодлого, хувьсгал явуулж буй. Харин 2000 гаруй жилийн төрт улсын түүхтэй Монгол Улсын үр сад бид энэ цаг үед түүхээ умартаж, соёлоо түгээхэд төр засаг ч тэр, түүний иргэн болсон бид ч хойрго хандсаар иржээ. Шинэ үе, мянганы монгол үрс түүхээ, соёлын өвөө, дурсгалт зүйлсээ мэдэхгүй өсч торниж байна. 

Төр саяхан нэг шийдвэр гаргасан нь бас л түүхэн дурсгалт барилгаа буулгаж, хотынхоо ой санамжийг баллуурдах явдал байв. Иймд манай сонин Жуулчны гудамжинд байрлах Урт цагааны барилгыг буулгах эсэхэд түүх, судлаач, архитекторууд ямар байр суурьтай байгааг мэдэхээр “Редакцын уулзалт” зохион байгуулсан юм. Энэ удаагийн уулзалтад Улаанбаатар хотын музейн ЭША Г.Очбаяр, архитектор, сэргээн засварлагч Н.Энхжин, ШУТИС-ийн багш, архитектор Т.Мөнх-Эрдэнэ, ШУТИС-ийн багш, хот төлөвлөгч Б.Ариунжаргалан нар оролцлоо. 

-Урт цагааны барилгыг буулгах шийдвэр нийслэлийн Өмчийн харилцааны газраас гаргасан байсан. Түүхч, архитектор, хот төлөвлөгчид үүний эсрэг байр суурьтай байгаа гэсэн. Шалтгаан нь юу байна вэ?
-Архитектор Т.Мөнх-Эрдэнэ: Энэ барилгыг буулгах шийдвэр өнгөрсөн тавдугаар сард гарсан. Ингээд, Урт цагааны барилгыг дахин төлөвлөх уралдааныг Улаанбаатар хотын захиргаанаас архитекторуудын дунд зарласан. Бид архитектурын түүх, хот байгуулалтын хөгжилд чухал байр суурь эзлэх барилга гэж үзэж, үүнийг хадгалж, хамгаалж үлдэх зорилготой гэсэн байр суурьтай байсан. Ингээд санаа нэгдсэн мэргэжлийн залуус “Хүрээ архитекторууд” төрийн бус байгууллагыг байгуулсан.

-Урт цагааны барилга Хүрээний үеэс эхтэй гэж байсан. Энэ цаг хугацааг тодотгохгүй юу?
-Улаанбаатар хотын музейн ЭША Г.Очбаяр: Иргэдийн нэрлэж хэвшсэнээр Урт цагааны гудамж бол Улаанбаатар хотын хамгийн эртний гудамжуудын нэг. Бүр тодруулбал, Улаанбаатар хотын худалдааны хамгийн анхны төв гудамж юм. Худалдааны зах тэнд байсан. Өөрөөр хэлбэл, 1778 онд Их Хүрээ ирж суурьшихад эхлээд худалдааны зах үүсэж, дараа нь уг зах худалдааны гудамж болж өргөжсөн. Одоо болтол тэр чанараа алдаагүй явж байгаа. Хүрээний үеийн хуучин захыг 1954-1961 онд хэрэгжсэн Улаанбаатар хотыг төлөвлөх анхдугаар төлөвлөгөөний үед шинэчилсэн. Хуучин Худалдааны гудамжийг шинэчлэхдээ орчин үеийн болгож өөрчилсөн ч худалдааны гэдэг гол агуулгыг хадгалж үлдээсэн. Ингэхдээ тэр гудамжинд Урт цагааны барилгыг барьсан.

Урт цагаан тухайн үедээ Улаанбаатар хотын үйлдвэрлэл, хоршоолол, худалдаа үйлчилгээний хамгийн том нэгдсэн төвүүдийн нэг болж баригдсан байдаг. Монголын хамгийн анхны архитекторуудын нэг Б.Дамбийням энэ барилгын зураг төслийг хийсэн. Архитектор Б.Дамбийням уг гудамжийг шинэчлэхдээ нэлээд судалгаа хийж, Худалдааны гудамжны үнэ цэнийг яаж орчин үеийн болгох вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлсэн нь харагддаг. Тэгээд хуучин Худалдааны гудамжийг орчин үеийн болгохдоо тухайн гудамжныхаа үнэ цэн, түүхэн ой санамжийг барилгын архитектуртаа шингээж өгсөн. Гудамж зүүнээс баруун, баруунаас зүүн тийш сунасан хэлбэртэй. Түүнийг хэвээр нь авч үлдсэн. Хоёрдугаарт, барилгын гудамж дагуу хойд талд Урт цагааныг барьсан. Урт цагааны хуучин пүүсүүд гудамжны дагуудаа залгаа байсан юм билээ. Тэр шийдлийг Урт цагааны барилгад шингээж, орчин үеийн болгож хийсэн.

Богдын Хүрээний үеийн архитектурын гол хэв шинж сүм хийдийн архитектураар илэрдэг. Түүнийг Урт цагааны барилгын дээвэрт гонх хэлбэрээр шингээж өгснөөрөө онцлог. Үйлдвэр хоршооллын худалдааны үйлчилгээний нэгдсэн барилга нь тухайн үедээ Улаанбаатар хотын хамгийн “урт цагаан” барилга байсан учраас ийн нэрлэсэн. Энэ бол Монголын хамгийн анхны модернизм чиглэлийн барилга. Социализмын үед Октябярын гудамж гэж нэрлэж байгаад, 2001 оноос хойш Жуулчны гудамж гэж нэрлэх болсон. Одоо ч хүмүүс Урт цагаан гэж хэлж, ярьсаар ирсэн. Тиймээс Урт цагаан гэдэг нэр Улаанбаатарчуудын хувьд байршил, баримжаа заасан онцгой нэр болсон.

-Архитектур талаасаа энэ барилгыг сэргээн засварлах боломж байсан уу. Барилгыг буулгаснаараа түүхийн ой санамжийг үгүй хийж байгаагаас өөрцгүй явдал юм биш үү?
-ШУТИС-ийн багш, архитектор Т.Мөнх-Эрдэнэ: Авч үлдэх барилгуудын нэг мөн. Сая Г.Очбаярын хэлсэнчлэн Хүрээний үеэс уламжлагдаж ирсэн тэнхлэг байгаад байна. Үүн дээр үндэслэгдэж баригдсан учраас хойч үедээ үлдээх ёстой өвүүдийн нэг яах аргагүй мөн. Урт цагаан маань өөрөө өнөөгийн нийслэлчүүдийн орон зайн таних тэмдэг болж байна. 

-ШУТИС-ийн багш, хот төлөвлөгч Б.Ариунжаргалан: Хот төлөвлөгч нар эхлээд ашгийг хардаг. Энэ газар дээр уг барилгыг барихад манайд ашиг байна уу гэж эхэлж харна. Ашгийг эдийн засгийн, нийгмийн гэж хоёр ангилж авч үзэх ёстой. Хэрэв нийгмийн ашиг эдийн засгаа даваад гарчихвал авч үлдэх нь зөв гэж үздэг л дээ. Урт цагааны жишээн дээрээс харахад, нийгмийн ашиг бага. Яагаад гэвэл, 1961 оноос хойш бид энэ барилгыг харж ирсэн.

Нэг ёсондоо, хотын ой санамж. Өвөө, аав, хүүхдүүд нэг сэдвээр ярих боломжийг олгож байгаа хэрэг. Нөгөө талаар бид аялал жуулчлалын ашгийг харж болно. Би гадаадын аль нэг хотод очлоо гэхэд blue sky мэтийн барилгыг үзэхээс илүүтэй тухайн хотын хуучны аль нэг газар руу явна. Ялангуяа манай Улаанбаатарт очиж үзэж, харах зүйл бага. Тиймээс хотын ой санамжийн нэг хэсгийг алга болгож байгаа төдийгүй нэг үе хоорондын харилцааг тасалдуулж буй явдал юм. 

-ШУТИС-ийн багш, архитектор Т.Мөнх-Эрдэнэ: Бид ямарваа нэг барилгыг хэлхээтэй тоосго гэж харахаасаа илүүтэй орон зай гэдэг өнцгөөс нь хармаар байна. Уул, толгод хүртэл орон зай шүү дээ. Бид уламжлалаа бодвол орон зайдаа хүндэтгэлтэй ханддаг хүмүүс байжээ. Хотжоод ирэнгүүт үүнийгээ мартаж эхэлсэн байна. Ялангуяа орон зайд хүндэтгэлтэй хандах, өв соёлоо залгамжлуулж үлдээх гэдэгт асуудал үүсжээ. Хамгийн ойрын жишээ гэхэд, бид өвөө, эмээгийн маань төрсөн нутгийг ухаж, төнхөнө гэхэд “Болохгүй” гэдэг шүү дээ. Түүхэн дурсгалт барилга яг үүнтэй л адил ойлголт.

-Дэлхийн улс орнууд хуучин барилгаа хүчитгээд, сэргээн засварлаад олон зуун жил анхны дүр төрхөөр нь байлгадаг шүү дээ. Манайд ийм боломж бий юү?
-Архитектор, сэргээн засварлагч Н.Энхжин: Сэргээн засварлалт хийхдээ хуучин байгаа хэв загварыг нь хэвээр авч үлдээд, доторх орчныг нь сайжруулаад аваад явах ёстой. Орчин үед хэрэгцээтэй байгаа функц, технологиудыг дотор нь шингээгээд, гаднах загвар нь анхныхаар нь байлгаж болдог. Урт цагааны барилгыг ийм маягаар барих бүрэн боломжтой. Нөгөө талаар, Урт цагаанд өндөр барилга барихаар дэд бүтцээ шийдэж чадаагүйн дээр тэр орчмын түгжрэлийг нэмэгдүүлнэ. Энэ барилга маань түүхтэй, модерн загвар. Бид 1990 оноос хойш ийм үндэсний уламжлал шингэсэн барилга барьж чадаагүй. Тэгсэн хэр нь социализмын үед барьсан хэдэн барилгаа нурааж, буулгаад байна. 

-Барилгын насжилт талаасаа ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан учраас Урт цагааныг буулгах шийдвэр гарсан гэж ойлгоод байгаа. Энэ тухайд?
-Архитектор Т.Мөнх-Эрдэнэ: Тоосгон барилгуудад хүчитгэл хийгээд явж болно. Энэ чиглэлийн мэргэжилтнүүд манайд ховор. Гарын хуруунд багтах цөөн бий ч тэд сүм, хийдийн архитекторууд байдаг. 

-Нийслэлийн Өмчийн харилцааны газраас буулгах ёстой гэсэн шалтгаан нь юу байсан бэ?
-ШУТИС-ийн багш, хот төлөвлөгч Б.Ариунжаргалан: Барилгыг буулгахад хэдэн шалтгаан бий. Энгийнээр бодоход, нэгдүгээрт, ашиглалт таарахгүй байна, хоёрдугаарт, нурах гээд байгаа учраас аюултай гэж үзсэн гэж бодъё. Гэтэл энэ бүхэнд бүгдэд нь шийдэл байдаг. Тухайн барилгыг адилхан байдалтайгаар барих, эсвэл дотор талыг нь нураагаад, функцыг нь орчин цагтаа тааруулж өөрчлөх гэх мэтээр хийж болно. Ийм шийдлүүд байгаад байхад нураагаад шинээр өөр төрлийн барилга барих гээд буй нь асуудал юм. Хүнээр бол өвчнийх нь оношийг тодруулахгүйгээр шууд мэс засалд ор гээд байгаатай яг адил.

Ашиглалт нь таарахгүй байгаа бол бид функцыг нь өөрчилж болно. Тэр функц нь юу ч байж болно. Залуус, жуулчдад зориулсан гэх мэтээр тухайн хэв маягт тааруулж өөрчлөх бүрэн боломжтой юм. Жуулчид манай орны байгалийг, мөн социалист тогтолцоотой орон ямар байсныг үзэх гэж ирдэг. Өндөр барилга байна уу, үгүй юу гэдэг сонин биш. Тийм учраас бид түүхийн ой санамжаа устгаж болохгүй гээд байгаа юм.

-Хот төлөвлөгч хүний хувьд энэ саналаа холбогдох албаныханд хэлж байсан уу?
-ШУТИС-ийн багш, хот төлөвлөгч Б.Ариунжаргалан: Түүхийнхээ ой санамжийг устгаж байна гэдэг үгээ холбогдох байгууллагуудад нь удаа дараа хэлж байсан. Дийлээгүй. Тийм учраас бид “Хүрээ архитекторууд” төрийн бус байгууллага байгуулаад Урт цагааны шинэ барилгын загварыг төлөвлөх уралдаанд оролцсон. Гэхдээ шалгараагүй. 

-ШУТИС-ийн багш, архитектор Т.Мөнх-Эрдэнэ: Энэ уралдаанд залуу архитекторууд нэлээд оролцсон. Мөн энэ уралдаанд мэргэжлийн хүний ёс зүйгүй үйлдэл бас харагдаж байсан. 28 баг уралдаанд ороход дөрөв нь Урт цагааныг хадгалж, хамгаалж үлдэе гэсэн үүднээс зураг, загвараа гаргасан байсан. Үлдсэн 24 баг нь өндөр шилэн барилга барихаар макет бэлдсэн байна лээ. Манай баг тусгай байрт шалгарсан. Урт цагааны барилгыг буулгаж болно. Гэхдээ архитектурын сэргээн засварлалт талаасаа харвал, гадна нүүр талыг нь авч үлдэх ёстой. Дээд талын гонх хэлбэртэй, дээврийн хэсгийг бас авч үлдэх нь чухал.

Ингээд 5-6 давхар шилэн барилга барих боломжтой. Ард тал нь шилэн барилгатай, урд нүүрэн хэсэгт нь хуучных шигээ харагдахаар хийж болно гэсэн үг. Хамгийн сүүлийн үеийн жишээг дурдвал, ОХУ-ын Большой театрын нүүрэн хэсгийг авч үлдээд, дотор талыг нь орчин үеийн болгож, гадна, дотны жуулчин татаж болох бүх функцыг шингээсэн. Үүнийг хэрэглээнд нийцүүлэх маягаар сэргээн засварлалт хийсэн гэж олон улсад хэлдэг. Ийм шийдлийг Урт цагааны барилгад ашиглаж болно гэж бид үзсэн. 

-Улаанбаатар хотын төлөвлөлт ардчилал гарснаас хойш замбараагүй болсон гэх шүүмжлэл бий. Энэ асуудалд судлаачдын хувьд та бүхэн ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Улаанбаатар хотын музейн ЭША Г.Очбаяр: Улаанбаатар хотын төлөвлөлт хүндээ чиглээгүй. Монгол хүнд зориулж хот төлөвлөлт хийхгүй байна. Улаанбаатар хотын сүүлийн 20 жилийн төлөвлөлт гэдэг улс төрийн эрх мэдэлтэй хүмүүсийн ашиг хонжоо хайх хэрэгсэл болж хувирсан. Нийслэл хотыг ёс зүйтэйгээр төлөвлөх хэрэгцээ шаардлага хэдийн бий болжээ. Улаанбаатар хотын төвд шинээр өндөр барилга баригдах бүрт монгол хүмүүсийн амьдрах таатай орчин багасаад байна. Нөгөөтэйгүүр, хотыг төлөвлөхдөө ямар нэг баримт бичиг байх ёстой. Үүнийг төр захиргааны холбогдох байгууллагууд боловсруулж гаргасан байх нь зүйн хэрэг. Урт цагаантай холбоотойгоор 2015 онд Бага тойруугийн ТЭЗҮ гэж нийслэлийн ИТХ-ын тогтоол баталсан.

Энэ баримт бичгээр Бага тойруугийн орчмыг төлөвлөх ёстой. 2015 онд батлагдсан баримт бичигт “Урт цагааныг буулгахгүй. Соёлын өвд бүртгэж авна. Түүхэн дүр төрхөөр нь буюу барилгын нүүрэн хэсгийг заавал авч үлдэнэ” гэж заасан байдаг. Гэтэл 2020 оны тавдугаар сард зарласан зураг төслийн уралдаанд Урт цагааныг дахин шинэчлэх гэсэн нэрийн дор хийгдсэн боловч удирдамжаа Бага тойруугийн баримт бичгийн ТЭЗҮ-г огт баримтлаагүй. Энэ бол маш том алдаа. Уралдаанд оролцсон зарим баг түүхэн дүр төрхөөр нь хадгалж үлдэх гэж зураг төслөө гаргасан ч нэг нь ч шалгараагүй. Цаашид Улаанбаатар хот хөгжихдөө баталж, мөрдөж байгаа баримт бичгийн дагуу хөгжих үү, эсвэл хэн нэг дарга гарч ирээд, ашгийн төлөө явцуу эрх ашигтайгаар явах гээд байх уу. Тухайн барилга түүхэн дүр төрхтэй байна уу үгүй юу гэдэг нь огт хамаагүй гэж асуудалд хандаж байгаа нь харамсалтай.

-Одоо тэгэхээр яах ёстой юм бэ?
-Улаанбаатар хотын музейн ЭША Г.Очбаяр: Урт цагааныг шинэчлэхдээ ашиг харах нь зүйн хэрэг. Гэхдээ үүн дээр нийгмийн буюу хотыг бүтээдэг, бий болгодог онцлогийг шингээсэн төлөвлөлт хийх хэрэгтэй. Тэр нь Урт цагаан дээр юу вэ гэхээр, барилгын нүүрэн хэсэг. Үүн дээр хотын нийгмийн ашгаа бодолцох хэрэгтэй гэж бид харж байгаа. 

-ШУТИС-ийн багш, архитектор Т.Мөнх-Эрдэнэ: Урт цагааны барилгын зураг төсөл нэгэнт гарсан учраас удахгүй баригдах шатандаа орох байх. Бүтээн байгуулалтыг маш сайн зөв хийх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Хэт их эдийн засгийн ашиг харчихаар эргээд Бага тойрууд байгаа бүх барилгыг яваандаа нураах вий. Бага тойруу бол манай хотын амин сүнс болсон газар. Улаанбаатар хотын түүхэд харьяалагдах нэлээд хэд хэдэн барилгыг манай хотын удирдлагууд буулгачихсан. Хамгийн ойрын жишээ, Байгалийн түүхийн музей. Энэ музейн барилгын архитектур нь неоклассик загвартай байсан. Энэ утгаараа түүхэнд үлдэж болох барилга байв.

-Улаанбаатар хотын музейн ЭША Г.Очбаяр: Урт цагааныг буулгаж байгаа үйл явц нь, нэгдүгээрт, боломжуудыг үгүйсгэж байна. Хоёрдугаарт, Бага тойруугийн баримт бичгийг зөрчсөн. Энэ нь ямар ч баримт бичиггүйгээр барилгыг нурааж, буулгаж, шинээр төлөвлөж болох нь гэх ойлголт өгч байна. Улаанбаатар хот бол хяналтгүй орон зай гэж харагдаж байна. Урт цагаан бол Улаанбаатар хотын иргэдэд байршил, баримжаа заасан нэршил болсон байсан. Дэлхийн улс орнууд энэ зүйлээрээ ялгардаг, таних тэмдэг нь болж байдаг. Энэ барилгуудаа буулгачихвал хот үндсэн онцлог мөн чанараа алдаж байна гэсэн үг.

Хотын түүхэн, үнэ цэнд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж багасаж байна. Бага тойруугийн барилгуудыг буулгачихвал манай Улаанбаатарт үзэх ямар ч зүйлгүй болно. Урт цагааныг буулгаад өндөр шилэн барилга барина гэдэг бол хот төлөвлөлт талаасаа харвал ямар ч ашиггүй. Нөгөө л өндөр барилга, түгжрэл, нягтрал нэмэгдэнэ. Тийм учраас Урт цагааны түүхэн дүр төрхийг хадгалж үлдээсэй гэж бид хүсэж байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид