Улаанбаатар 1c

Х.Нямбаатар: Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн эрх зүйн орчин бүрдүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ирэх дөрвөн жилд салбартаа хэрэгжүүлэх хууль, эрх зүйн шинэтгэлийн ажлуудыг өчигдөр танилцууллаа. Тус яамнаас Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт  салбарынхаа 11 зорилт тусгаж, эдгээрийг хэрэгжүүлэх зорилгоор 34 хуулийн төсөл, нэг хөтөлбөр боловсруулан, батлуулахаар тусгажээ.

Тодруулбал, хувийн эрх зүй, шүүх эрх мэдэл, Эрүүгийн хуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, бусад хуулийг боловсронгуй болгох зэрэг шинэтгэл хийх бөгөөд “Эрхзүйн шинэтгэлийн хөтөлбөр II” боловсруулан хэрэгжүүлнэ. Уг хөтөлбөр “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн эх газрын эрх зүйн бүлгийн хэв шинж, философид суурилсан, бусад эрх зүйн ололт, давуу талыг нутагшуулах, улс үндэстний язгуур ашиг сонирхолд нийцсэн, хүний эрхийг дээдэлсэн, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн байх юм.

Хувийн эрхзүйн шинэтгэлийн хүрээнд хүрээнд Оюуны өмчийн багц хууль, Арилжааны тухай, Хэрэглэгчийн гэрээний тухай, Барьцаалан зээлдүүлэх газар, иргэд хоорондын мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай, Хуулийн этгээдийн төлбөрийн чадваргүйдлийн тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай зэрэг 10 хуулийн төслийг шинээр болон шинэчлэн боловсруулах юм байна. Хурлын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Иргэд хоорондын мөнгөн зээлийн харилцаа ямар ч зохицуулалтгүй явагдаж байна.

Мөнгө угаах, терроризмын эсрэг хийх тэмцлийг барьцаалан зээлдүүлэх төв, банк бус санхүүгийн байгууллагуудын мөнгөний эх үүсвэрийг тодорхойлох, бүртгэлжүүлэхээс эхлэх ёстой. 

Тиймээс бүх ломбард буюу барьцаалан зээлдүүлэх төв болон зээл чөлөөлдөг этгээдүүдийг бүртгэлжүүлнэ. Бүртгэлжүүлсний үндсэн дээр үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг нээлттэй болгоно. Манай улс мөнгө угаах, терроризмтой тэмцэх чиглэлээр олон улсын байгууллагуудаас удаа дараа санамж, анхааруулга авсан. Мөнгө угаах, терроризмын эсрэг хийх тэмцлийг барьцаалан зээлдүүлэх төв, банк бус санхүүгийн байгууллагуудын мөнгөний эх үүсвэрийг тодорхойлох, бүртгэлжүүлэхээс эхлэх ёстой. Олон улсад санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллага бүртгэлтэй байдаг”  гэв.

Тус яамнаас ирэх дөрвөн жилд иргэд Үндсэн хуульд заасан зөрчигдсөн эрх, эрх чөлөөгөө шүүхээр хамгаалуулах эрхийг улам бүр баталгаажуулах үүднээс хараат бус бие даасан, мэргэшсэн, хариуцлагатай шүүх эрх мэдлийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулах аж. Эрүүгийн хуульд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй дархан байдлын эсрэг гэмт хэрэг, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эмийн хууль бус эргэлт, хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах зохицуулалт тусгах, зөрчилд тооцох үйлдлийг тодорхой хэмжээнд бууруулах, шийтгэл оногдуулах механизмыг боловсронгуй болгох чиглэлээр Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулахаар төлөвлөжээ.

Түүнчлэн төрийн болон төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хамгаалалтыг сайжруулж, төрийн өмчит болон төрийн оролцоотой  хуулийн этгээдийн засаглалыг олон улсын жишигт  нийцүүлэх зорилт дэвшүүлсэн байна. Энэ хүрээнд Монгол Улсын төрийн байгууламж нэгдмэл байх зарчим болон эрх зүйд нийцсэн газрын багц хуулийн төслийг холбогдох яамтай хамтран боловсруулах, зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй бодлогыг хэрэгжүүлэх үүднээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчлэл боловсруулах юм.

Тэрбээр танилцуулгынхаа төгсгөлд “Цаашид эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, эрх зүйн орчин бүрдүүлж, “E Mongolia” хөтөлбөрийн хүрээнд хууль эрх зүйн салбар дахь цахим шилжилтийг эхлүүлнэ” гэдгийг онцоллоо. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид