Улаанбаатар 1c

Г.Даваацэнд: ХӨЛС, ХӨДӨЛМӨР ШААРДДАГГҮЙ ГАНЦ ЗҮЙЛИЙГ ХҮНИЙ СЭТГЭЛ ГЭЖ БОДДОГ

М. ДЭВЭЭЖАРГАЛ

Уран зохиолтой холбогдсон хүмүүс сайхантай тэнцэх шаналгааг үүрдэг нь сонирхолтой. Үүний зах зухаас мэдэрч, өөрийн үзгээрээ бусдаас “өөр ертөнц”-ийг бичиж яваа Г.Даваацэндтэй ярилцлаа.

-Уран зохиолд шимтсэн үе, түүнд шимтүүлсэн зүйлийнхээ тухай яриач, мөн хамгийн анх уншсан ном тань хэний, ямар зохиол байв?

-Нэгдүгээр ангидаа уншиж, бичиж сураад л уран зохиолтой танилцсан. Зуныхаа амралтаар мэс засалд орох гээд эмнэлэгт хэвтсэн. Миний ор цонхны дэргэд байдаг байсан болохоор бороо, салхи, цас, шуургыг цонхоороо харж л цагийг өнгөрүүлдэг байлаа. Хөдөө үлдсэн аав, ах хоёроо санахаас эхлээд хонио хүртэл санана. Тэгээд л анх эмнэлэгт аавын тухай шүлэг бичиж үзсэн. Дараа нь ээжээсээ үлгэрийн
ном нэхсэн. Ер нь сайн шүлэг уншихаасаа түрүүлээд л шүлэг бичээд эхэлсэн дээ. Цас, бороо, салхи гэдэг найзтай болсноос гадна найман настайдаа харсан тэр л цонх сэтгэлийг минь нээж өгсөн. Хамгийн анх А.С.Пушкины “Алтан загасны үлгэр” номыг уншиж байлаа.

-"Цэг доторх ертөнц” шүлгийн номоо 17 настайдаа гаргасан. Яа гаад ингэж нэрлэсэн юм бэ?

-Нэг өглөө дэвтэр дээр минь яг л цэг шиг амьтан алхаж явсан юм. Тэгээд л энэ цэг доторх зүрх нь ямар байдаг бол, юуг тээж алхаа бол гэсэн бодолдоо автаад л “Цэг доторх ертөнц” гээд нэрлэчихсэн. Ер нь тэгээд ч бүх юмс цэгээс үүсэлтэй. Агуу уран зургууд хүртэл цэгээс л эхэлдэг.

-Сайхан зохиол бичихийн тулд зарим хүн шиг өөрийгөө бэлддэг үү, бэлэн байдаг уу?

-Бэлддэггүй шүү дээ. Зохиол бичлээ гээд гар минь хугарчихгүй. Ямар ч байсан залуу байх л хамгийн том алдаа. Түүнээс бусдаар бол юм үзсэн толгой л байсаар байна. Зовлон үзэх, улс төр хэд эргэхийг, ээж минь надад юу гэж захиад явахыг гээд энэ бүхнийг төсөөлөх нь бэлдэх байж магадгүй юм. Хөлс, хөдөлмөр шаарддаггүй ганц зүйлийг хүний сэтгэл гэж боддог.

-Ширээний ном тань хэний, ямар зохиол вэ?

-Г.Флобер “Бовари хатагтай”

-Сайхан сонголт байна. Юунаас үүдээд “Бовари хатагтай”-г ширээний номоо болгов?

-Би нэг өглөө сэрээд эмэгтэй хүний тухай сайн зохиол бичнэ дээ гэж бодоод, бичээд явж байтал энэ муу Флобер хэдийн биччихсэн байсан юм билээ. Тэгээд л уур хүрээд ширээний номоо болгосон юм.

-М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд сурах хүсэлтэй гэж ярьж байсан санагдах юм?

-Орос яруу найраг бол миний хувьд төрсөн хэл. Төрсөн хэл гэх нь тохиромжгүй ч байж мэднэ. Гэхдээ би яруу найргаар хэлд орсон болохоор тэгж л хэлмээр байна. Ингэж хэлсэнд уучлаарай. Тиймээс Анна Ахматовагийн алхаж байсан гудамжаар алхаад дараа нь “Аан нэг муу шавран гудамж л байсан байна” гэж хэлэхийн тулд, моддын навч шарлахыг хараад л, Москвагийн навч ч бус бүх дэлхийн навч яг адилхан л шарладаг юм байна шүү дээ гэж хэлээд халаасандаа гараа хийгээд цааш явахын төлөө, хайртай зүйлээ ч хаяж гээхийн төлөө. Анх би ээж гэж хэлд ороод олон ч юм ярьсныхаа хойно А.Блокын шүлгээр ухаан
орсон хүн шиг л санагддаг. Бүр хожуу ухаан орсон гэсэн үг. Тэгээд ч хайртай дуртай юмсаа яагаад
гэдгээ ч мэдэхгүй өөрөө бас басамжилмаар санагддаг. “Ээ Даваацэнд ээ иймхэн л юм шүү дээ” гэх ч юм уу.

-Дараагийн номоо хэвлүүлэх гээд эх бэлтгэлд өгсөн. Энэ номынхоо тухай товчхон ярьвал...

-“Нэг килограмм үгс” гэдэг нэртэй. Тийм зузаан ном биш ч гэсэн хэн ч, хаанаас ч уншаагүй, мөн хэн ч ингэж бичиж чадахааргүй хэдэн өгүүллэг, тууж бий.

-Бичихэд орчин маш чухал. Тэгвэл танд ямар орчин бичих хүсэл төрүүлдэг вэ?

-Хамгийн тав тухтай газрыг л хайж олох хэрэгтэй болов уу. Өөрийн төрсөн гэр хүртэл бичихэд тав тухтай орчин байж чаддаггүй. Ер нь чимээгүй орчин зүгээр. Олон хүний хөл хөдөлгөөнтэй газар ч байж болох юм. Дэргэдүүр минь зөрөн өнгөрч буй хүмүүсийг ажиглаад сууж байх сайхан байдаг. Автобус, кофе шоп эсвэл төв шуудангийн сандал гэх мэт.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ahah (127.0.0.1)
    ene neg torliin shizoprin shv. ooriigoo magtah owchin
    2020 оны 09 сарын 10 | Хариулах
Нийтлэлчид