Улаанбаатар 1c

“ОЮУ ТОЛГОЙ” ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧЭЭ ДОТООДООСОО АВЧ ЭХЭЛЛЭЭ

Оюу толгойн ордын уурхайн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 2-3 хувийг дотоодоосоо буюу Монгол Улсаас хангаж эхэллээ. Тодруулбал, "Өмнөд Бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК, "Оюутолгой" ХХК-ийн хооронд цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан юм. Тус гэрээнд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес нар гарын үсэг зурсан юм. Оюу толгойн орд газрыг ашиглаж эхэлснээс хойш буюу 2013 оноос уурхай БНХАУ-ын ӨМӨЗО-оос эрчим хүчээ авч хэрэглэж иржээ. Одоо дотоодын эрчим хүчний системээс уурхайн цахилгааны зарим хэрэглээг хангахаар болж, байна. Уг гэрээг байгуулснаар гадагш урсаж буй валютын урсгал дотооддоо үлдэж, эдийн засагт эерэг үр дүн гарах юм. Цаашид цахилгаан эрчим хүч нийлүүлэлтийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлж ажиллахаар талууд тохирчээ.

Энэ талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээс тодрууллаа.

-Өмнөд бүс, говийн стратегийн орд газруудын цахилгааны хэрэглээг дотоодын эрчим хүчээр хангахад ямар ажлууд хийсэн бэ?

-Монгол Улсын Засгийн газраас Өмнөд бүс, говийн стратегийн орд газруудын цахилгааны хэрэглээг дотоодын эрчим хүчний системээс хангах зорилгоор 220 квт-ийн гурван дэд станц, 670 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж дуусаад байна. Энэ ажлын хүрээнд “Оюу толгой” компанийн тодорхой эрчим хүчний хэрэглээг хангах гэрээний хэрэгжилт өнөөдрөөс эхэлж байна. Монгол Улсын УИХ-тай хамтран ажиллах гэрээгээр үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш дөрвөн жилийн дотор дотоодоосоо эрчим хүч авах байсан нь удаашраад байсан юм. Гэхдээ өнөөдрийн байдлаар дэд бүтэцтэй холбоотой 600 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.

-“Оюу толгой” ХХК-ийн эрчим хүчний 2-3 хувийг дотоодоосоо хангаж байна. Цаашид ямар ажил хийх юм бол?

-Уурхайн эрчим хүчний хэрэглээний бага хувийг хангаж байгаа ч цаашдаа говийн бүсийн хэрэглэгчдийн хэрэглээг хангах томоохон ажлын эхлэл тавигдаж байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд төрийн бодлого, хууль, тогтоомжид нийцүүлж үйл ажиллагаа явуулах ёстой. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт говийн бүсэд цахилгаан эрчим хүчний одоо байгаа хэрэглээ, өсөн нэмэгдэх хэрэглээг хангах зорилгоор “Тавантолгой” нүүрсний уурхайг түшиглэн 450 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барьж ашиглалтад оруулах төсөл батлагдсан. Техникийн болон эдийн засгийн судалгаа хийгдээд, бэлтгэл ажил эрчимтэй явагдаж байна.

-Та ажлаа аваад хоёр сар болж байна. Энэ салбарт ямар өөрчлөлт, шинэчлэлт хийхээр төлөвлөж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газар эрчим хүчний хэрэглээгээ дотоодын эх үүсвэрээр хангах зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэглээнд тохируулан эх үүсвэртэй холбоотой есөн томоохон арга хэмжээ авахаар төлөвлөөд ажилдаа орсон.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид