Улаанбаатар 1c

Эх орныхоо өв соёл, уламжлалыг түгээгчид

П.АМГАЛАНБАЯР

Музей бол түүхийн үнэт өвийг хадгалж буй чухал салбар. Үүнтэй холбогдуулан монгол ахуй, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 18 хүртэлх насны хүүхдийг есдүгээр сарын 1-нээс музейг үнэгүй үзүүлэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн хэрэгжилт хэр байгааг сурвалжлахаар хэд хэдэн музейг зорилоо.

Б.МАРАЛ: МОНГОЛ ЁС ЗАНШИЛ, ТҮҮХЭЭ МЭДЭХ БОЛОМЖ ОЛГОЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА

Бидний эхний очсон газар Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музей байв. Нар алгуурхнаар ээж, салхины сэвшээнд модод найган ганхаж, намрын нэгэн өдрийн дурдатгалыг хүүрнэх шиг.

Хажуугаар хоёр хүү гүйж өнгөрсөн нь музей үзэхээр ирж буй хүүхдүүд аж. Музейн хаалгаар ороход үүдний жижүүр найрсгаар угтав. Нөгөө хоёр хүү маскаа зүүж, гараа ариутган үзвэрийн танхим руу орлоо. Уг музей хорин мянга гаруй үзмэртэй бөгөөд арав орчим хувийг нь танхимдаа дэлгэжээ. Нийт есөн танхимтай аж. Мөн уран зураг, зээгт наамал зэрэг урлагийн бүтээл хадгалагддагаараа онцлогтой.

Тус музейн тайлбарлагч А.Солонго “Манай музей Соёлын сайдын шийдвэрийн дагуу хүүхдүүдэд үнэгүй үйлчилж байгаа. Хүүхэд залуустаа эх орны үүх түүхийг хадгалж буй бүтээлүүдийг үзүүлэх болсон нь сайн хэрэг. Тиймээс халдвар хамгааллыг чанд сахиж үйлчлүүлэгчдээ амны хаалтыг нь зүүлгэж, халууныг нь үзэж байна. Сайдын тушаал гарснаас хойш 250 орчим хүүхэд үйлчлүүлсэн. Бид үзвэрүүдээ тайлбарлахаас эхлээд хүүхдийн насанд тохирсон ажлуудыг хийж байна” гэлээ.

Мөн үзвэрийн танхимд том үсгийн фонттой ном, үзмэр бүр доороо QR кодтой байв. Энэ нь кодоо уншуулаад үзвэрийн талаарх мэдээллийг авах боломжтой аж. Үзвэрийн танхимд арав орчим хүүхэд бүтээлүүдтэй танилцаж байлаа. Сурагчийн форумтой гурван охин “Үүнийг хараач ямар гоё юм бэ” гэж нэгэндээ үзүүлэх нь нүдэнд тусав. Энэ үеэр тэдний сэтгэгдлийг хуваалцсан юм. “Намайг Б.Марал гэдэг. “Монген цогцолбор” сургуулийн XII ангид сурдаг. Энэ бидний үзэж байгаа эхний музей. Удахгүй бусад музейг үзнэ гэсэн бодолтой байгаа.

Монгол ёс заншил, түүхээ мэдэх боломжийг олгож байгаад баяртай байна” гэсэн юм. Тус музей ажлын өдрүүдэд 09-18 цаг, амралтын өдөр 10-17 цаг хүртэл ажилладаг байна. Том хүн 8000 төгрөг, оюутан 2500 төгрөг, хүүхэд 1000 төгрөгийн үнэтэй байдаг аж. Бид тус музейгээс гарч дараагийн газрыг зорилоо.

Цэв цэнхэр тэнгэрт хаа нэг үүлс нүүн, нарны илч алгуурхнаар төөнөсөн намрын нэгэн налгар өдөр үд дундаа оржээ. Ийнхүү зорьсон газартаа ирэхэд бүхий л зүйл нам гүм оршино. Тэртээх цаг хугацааны дурсамжийг өгүүлэх , тансаг хийцтэй байшингууд, хашаан доторх тохижилтыг юутай ч зүйрлэшгүй

ШИЙДВЭРЭЭС ОРХИГДСОН ДЭЛХИЙН ХОВОР ҮЗВЭРҮҮД

Бид явсаар Гандантэгчинлэн хийдийн хажууд байрлах Байгаль ан амьтны м узейд очл оо. Хашаагаар ороход ханан дээрээ бугын хөшөөтэй, хоёр давхар хүрэн байшин байв. Тус музейд уг шийдвэр хэрэгжиж байгаа эсэхийг лавлахад төрийн бус байгууллага учраас хамрагдаагүй гэлээ. Энэ музей хуучин Ой модны аж үйлдвэрийн яамны харьяанд байсан бөгөөд улсаас санхүүжилт авдаггүй байсан байна. Харин 1990 оноос яамны бүтэц өөрчлөгдөж тусдаа бие даасан төрийн бус байгууллага болж ийнхүү үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Одоо ч гэсэн улсад төлөх бүх татвараа төлөөд явж буйгаа дурдлаа. Тус музейн хоёр давхар руу гарахад янз бүрийн үзвэрүүдийг хананд өлгөсөн харагдана. Хүний танин мэдэхүй, хүүхдийн экологийн боловсролд нөлөөлөхүйц сонирхолтой үзвэрүүд байх аж. Салбарын яамны хэрэгжүүлж буй энэ ажлын хүрээнд хамтарч ажиллах боломжтой эсэхийг лавлахад музейн мэргэжилтэн Н.Бямбадорж “Улсаас санхүүжилтийг нь өгөөд ажиллабал бид хамтарч ажиллах боломжтой.

Өмнөх хоёр жилд улсаас гаргасан шийдвэрийн хүрээнд “Музейн долоо хоногийн ажил”-д бид хамтарч ажилласан. Энэ ажлын явцад сүүлийн гурван хоногийн дотор манай музейд хориод мянган хүүхэд ирж үйлчлүүлсэн” гэлээ. Мөн “Хотын аялал” явуулдаг хувийн сургууль, цэцэрлэгтэй хамтарч ажилладаг байна. Харин энэ жилийн хувьд короновирусийн улмаас үзэгчдийн тоо цөөрчээ. Тус музейд хүүхэд 500 төгрөг, том хүн 1000 төгрөг, гадаадын иргэн 5000 төгрөгөөр үйлчлүүлэх боломжтой байна. Музейд буй үзвэрийн ач холбогдол, үнэ цэнийг бодвол тасалбарын үнэ нь бага аж.

ЕСДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ХОЙШ 170 ГАРУЙ ХҮҮХЭД МУЗЕЙ ҮЗЖЭЭ

Сүхбаатар дүүрэг буюу хотын төв хэсэгт орших Чойжин ламын сүм музейд очлоо. Замын цаана шилэн барилга сүндэрлэж хөл хөдөлгөөн ихтэй байв. Харин нөгөө талд нь эсрэгээрээ нам гүм орчин биднийг угтлаа. Тус музейн орчны тохижилт ногоон байгууламж, барилгын хийц нь өөр орон зайд очсон мэт сэтгэгдлийг төрүүлэм. Үүдэнд нь аавтайгаа музей үзэхээр ирсэн хоёр хүү тун ч баяртай харагдана. “Ээж нь удахгүй ирнэ, хамтдаа орцгооё” хэмээн хоорондоо ярилцах аж. Энэ шийдвэр нь нэг талаар гэр бүлтэйгээ цагийг хамт өнгөрөөх боломжийг олгож буй сайшаалтай санагдлаа.

Тус музейн нарийн бичгийн дарга Г.Мөнхтамир “Музей бол хойч үедээ түүх соёлын өвийг өвлүүлж, урлагийн боловсрол олгох үүрэгтэй ажилладаг байгууллага. Тийм болохоор хүүхдийг үнэгүй үзүүлэх шийдвэр гаргасанд баяртай байна. Ачаалал ихсэж байгаа ч бид зорилгоо биелүүлж байгаа болохоор асуудал байхгүй” гэлээ. Үзвэрийн танхимд аав ээж, найзуудтайгаа явж байгаа хүүхэд олон байв. Цэнхэр торгон дээл өмссөн намуухан хоолойтой эмэгтэй тэнд байгаа хүүхдүүдэд үзмэрийг тайлбарлаж харагдлаа. Тэрбээр тун ч найрсгаар хүүхэд болгоны асуултад хариулж, тайлбарлан өгөх нь бахархалтай санагдана. Энэ үеэр нэг хүүгийн сэтгэгдлийг хуваалцсан юм.

Инээмсэглэл тодруулан зогсох Б.Тэргэл хүү “Би ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн VII ангид сурдаг. Өнөөдөр аав дүүтэйгээ хамт музей үзэж байна. Их сонирхолтой гоё санагдлаа” гэв. Үнэхээр энэ шийдвэр олон хүүхдийн оюуныг тэлж, Монгол өв соёлоороо бахархах сэтгэгдлийг төрүүлж буй нь сайшаалтай. Мөн тус музей энэ шийдвэрийн хүрээнд хүүхдэд зориулсан тусгай тайлбарлагчтай болжээ. М эд ээж хүүхдийн аливааг харах, ойлгох сэтгэхүй нь өөр шүү дээ.

Тус музейд жилд дунджаар 30 мянга гаруй хүмүүс үйлчлүүлдэг хэдий ч энэ жилийн хувьд короновирусийн улмаас үзэгчийн тоо буурч өдөрт 8-20 хүн үздэг болжээ. Гэхдээ хүүхэд үнэгүй үзүүлэх шийдвэрийн дараагаар үзэгч нэмэгдсэн байна. Одоогоор 170 гаруй хүүхэд музей үзжээ. Ийнхүү биднийг музейн хаалгаар гарахад гаднах ногоон байгууламжийг усалж байлаа. Усны цацраг нарны туяанд яг л сувд адил харагдах аж. Наана нь сандал дээр жаахан охин ээждээ үзсэн зүйлээ дүрслэн ярих нь жаргалтай. Ийнхүү бид Богд хааны ордон музейг зорьсон юм.

ХҮҮХЭД СЭТГЭЛГЭЭ НЬ БҮРЭЛДЭХ ЯВЦДАА ЭХ ОРНЫХОО ӨВ СОЁЛ, ТҮҮХЭЭ МЭДЭХ ХЭРЭГТЭЙ Цэв цэнхэр тэнгэрт хаа нэг үүлс нүүн, нарны илч алгуурхнаар төөнөсөн намрын нэгэн налгар өдөр үд дундаа оржээ. Ийнхүү зорьсон газартаа ирэхэд бүхий л зүйл нам гүм оршино. Тэртээх цаг хугацааны дурсамжийг өгүүлэх тансаг хийцтэй байшингууд, хашаан доторх тохижилтыг юутай ч зүйрлэшгүй. Богд хааны ордон музей нь өвөл, зуны гэсэн хоёр ордонтой аж.

Биднийг зуны ордон руу ороход нэг тийм ер бусын тансаг орчин угтлаа. Цааш явсаар биднийг сүрдэм, тансаг хийцтэй хаалга угтсан нь Амгалан энхийн хаалга аж. Үүнийг Монгол Улсын тусгаар тогтнолыг бэлгэдэж бүтээсэн нэг ширхэг ч хадаас ороогүй оньсон хаалга аж. Өдгөө Монголын уран барилгын дурсгал болон ийнхүү сүндэрлэж буй. Энэ үед өвөөгөө хөтлөн алхаж, элдвийг асуух бяцхан хүү, сурагчийн форумтой охид нүдэнд туслаа. Тэд элдвийг сониучирхан харж, инээмсэглэл тодруулан буй нь жаргалтай. Энэ үеэр тус музейн захирал Ц.Эрдэнэбаатартай цөөн хором ярилцсан юм. Тэрбээр “Техник технологи хөгжсөн даяаршлын энэ үед олон зүйл хувьсан өөрчлөгдөж байна.

Тухайлбал, ардын дуугаа дуулсан хүүхдийг шоолдог болсон байна. Монгол үндэсний яруу хэрэглэгдэхүүнийг ашигласан өгүүлбэр хэлсэн хүнийг хуучирсан хэмээн сэтгэдэг болжээ. Энэ даяаршлын үр дүнд өөрийнхөө өв соёл эх хэлэндээ хайнга ханддаг хүмүүс олон болсон. Тиймээс хүүхэд сэтгэлгээ нь бүрэлдэх явцдаа Монголынхоо өв соёл ,үүх түүхээ мэдэж өсөх нь чухал” гэлээ. Тус музейн хувьд ч мөн адил анги хамт олноороо, эцэг эхтэйгээ ирж музей үзэж байгаа хүүхдүүд олон байгааг ярьж байлаа. Мөн хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулж хүүхдэд зориулсан боловсролын ажлыг хэрэгжүүлж байгаа аж. Тухайлбал, Богдын ордон гэрээс гадна Монгол ахуйг харуулсан гэр барьжээ.

Хүүхэд тус гэрт ороод араг савар, унь, тооно, эргэнэг, хөхүүр, хөгжмийн уламжлалт зэвсгээс эхлээд олон зүйлийг мэдэж авах боломжтой. Мөн Богд хааны хамт Монгол Улсынхаа төлөө хүчин зүтгэж, тусгаар тогтнолд үнэтэй хувь нэмэр оруулсан, алтан ургийн ноёд, лам хуврагуудын талаар мэдэж авах аж. Энэ нь хүүхдүүд түүхээ судалж өөрсдийн өв соёлоо хайрлан хамгаалж бахархахын зэрэгцээ ахуй соёлтой ойрхон байлгах зорилготой байна. Үнэхээр энэ шийдвэртэй холбогдуулан хүүхдэд зориулсан олон ажлыг санаачлан хийж буй нь бахархалтай санагдлаа.

Тус музейн хувьд өмнө ихэнх үйлчлүүлэгчид нь жуулчид байсан байна. Харин хөл хорионы улмаас дотоодын жуулчид үйлчлүүлэх нь ихэсжээ. Үнийн хувьд том хүн 8000, оюутан 3000 төгрөгөөр үйлчлүүлэх боломжтой аж. Бид явсаар Лавирангийн сүмд ороход нам гүм орчин угтлаа. Уг сүм дотор Монголын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын хөрөг баримал, түүний мутраар бүтээсэн ногоон дара эх тэргүүтэй 21 дара эх, мөн түүний дэг сургуулиар бүтсэн шүтээнүүдээс дээжлэн дэлгэжээ. Байшингийн дотор талын бүтэц цонхны хийц үнэхээр тансаг юм.

Цонхны завсраар нарны туяа гийж шалан дээр буух нь харанхуй гэр дэх зулын гэрэл адил тод харагдана. 18 хүртэлх насны хүүхэд музей үнэгүй үзэх соёлын яамны шийдвэрийн хэрэгжилт ямар явцтай байгааг харуулахыг зорилоо. Бусад улсын хувьд ч гэсэн хүүхдүүд музей үнэгүй үзэх эрхтэй байдаг байна. Дэлхий нийтэд тархсан уг соёлыг ийнхүү эхлүүлж, хүүхдүүдийнхээ боловсролд чиглэсэн арга хэмжээг авч буй нь сайшаалтай. Харин уг шийдвэрт хамрагдаагүй түүхийн үнэт өвийг хадгалж буй зарим музейтэй хамтарч ажиллах тал дээр анхаарах ёстой юм шиг санагдлаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид