Улаанбаатар 1c

С.Энхцэцэг: УТГА ЗОХИОЛ СУДЛАЛЫН АНГИД ОРЧИХВОЛ ӨӨРТЭЙГӨӨ ИЛҮҮ ОЙРХОН АМЬДАРЧ ЧАДАХ ЮМ ШИГ САНАГДСАН

М.ДЭВЭЭЖАРГАЛ

Та бүхнийг энэ удаагийн ярилцлагаараа МУИСийн Утга зохиол судлал мэргэжлийн гуравдугаар ангийн оюутан С.Энхцэцэгтэй уулзуулж байна. Өөр өөрийн ертөнцдөө эзэн байна гэдэг хамгаас чухал билээ. Түүний дотоод ертөнцийн чимээ ярьж байгаа шиг нь намуун буй.

-Намар болжээ. Зарим хүнд хөндүүр, заримд нь баясал авч ирдэг улирал. Үүний адил ямар улиралд мэдрэмжээр дүүрдэг вэ?

-Хэрвээ хүмүүсийг өөр өөрсдийнх нь улирлаар дөрөв ангилж үзвэл, хаварт ихэнх нь харьяалагдах байх. Би тэр дунд нь л бий. Хавар болохоор тэнгэр гэнэт гэсчихэж байгаа юм шиг. Бага байхаасаа тэнгэр рүү харж, үүл ажиглах дуртай байлаа. Найзууддаа үүлээр цаг агаар шинжиж өгнө. Тэнгэр рүү харах гэдэг бол хавар юм даа. Үүл байж л байдаг юм шиг санагддаг.

Яг ажиглаад ирэхээр хурдан хурдан нүүж байдаг даа. Газарт явж байгаа нэг ширхэг шоргоолжийг олж харсны дараа бусад олон шоргоолжнууд харагддаг. Тэгээд л хавар бол үйл хөдлөл. Салхи салхилна. Юмс хөдөлж эхэлдэг. Хаварт бас олон төрлийн үнэр байдаг. Өвлийн жавар хүртэл хавраар л үнэртдэг. Өвсний үнэр, нарны үнэр, мод түлэхээр үүсэх утаа, гамбир хайрч байгаа тосны үнэр гээд дурсамжууд амьсгалж эхэлдэг.

-Хөл хорионы үе, оюутны амьдралд хэрхэн нөлөөлж байна. Цахим шилжилтээс эхлээд олон зүйлтэй нүүр туллаа шүү дээ.

-Хүн ер нь нийгмийн амьтан гэдгийг ойлгож байна даа. Багшийн үг, хичээл зааж байгаа сэтгэл, дуу хоолой, гайхшрал, танхимд хаа сайгүй өрнөж буй бодлууд, хичээлийн тэн хагас нь байсан байх аа. Хичээл цахимжаад багшийн явуулсан баахан үсэг, үгстэй харилцаж сурч байна даа. Хөл хорио яг таслал шиг, нэг хэвийн өрнөчих урсгалаас өөрөөр бас амьдралын хэмнэлийг тасалж өгч байх шиг байна аа. Дараа нь бодоход, энэ бүхэн тоочимж мэт. Өөр өөр зүйл тохиолдож байгаа хэрнээ нэг л утгатай. Энэ цаг хугацаа бүгдийн таслал, хүмүүс жаахан дотогшоогоо болсон байж магадгүй.

-Номтой танилцсан түүхээсээ ярьж өгөөч. Уран зохиол, хүний сэтгэлд хамгийн их нөлөөг үзүүлдэг юм шиг санагддаг...

-Хүмүүсийн бодол мэдрэмжтэй холбоотой аварга том олон утаслагуудаар холбогдсон систем байдаг гэвэл тэр систем болоод байгааг тэмтрэх мэдрэмтгийг уран зохиол хүмүүст өгдөг юм болов уу. Анх долдугаар ангид байхад манай ангийн багш бидэнд ном уншуулж эхэлсэн. Харин уншуулж эхлэхдээ мэдрэмжийн тухай, эргэцүүллийн тухай өөрийгөө чимээлэх дотоодоо сонсохоос гадна тэр зүг рүү хөтөлж өгсөн гайхамшигтай эмэгтэй. Ер нь ихэнх хүмүүсийн номтой учирсан түүх монгол хэл, уран зохиолын багштай холбоотой байдаг байх аа. Эхэндээ зохиолын баатруудыг өөртөө оруулаад, өөр дээрээ нэмээд байгаа юм шиг санагдаж тэр тухай хамгийн анхны эссэгээ ангийнхандаа уншиж өгч байснаа санаж байна.

-Яагаад утга зохиолын ангид суралцах болсон юм бэ, зүгээр л ороод ирсэн гэж хариулдаг хүмүүсээс ялгаатай биз дээ?

-Утга зохиолын ангид орчихвол өөртэйгөө илүү ойрхон амьдарч чадах юм шиг санагдсан. Ямар нэг зүйлийг сураад мэддэг болчихвол тэр зүйлийнхээ давтамжинд ороод ажиллаж амьдраад явчихна. Утга зохиол, мэдрэмжүүд бол хэзээ ч тасралтгүй үргэлжлэх давтамж биш юм шиг, энд арай амьсгаатайгаар юмсыг өөрийнхөөрөө, өөртэйгөө хамт ойлгож авч чадах юм шиг санагдсан. Яг үнэндээ манай гэрийнхэн бага байхаас намайг эмч болгохыг хүсэж байсан. Би ч өөрийгөө эмч болвол гоё гэж боддог байв. Тэгээд МУИС-д утга зохиол судлалын анги гэж байдгийг сонсоод шууд орно гэж бодсон.Тэр бодол минь ерөөсөө өөрчлөгдөөгүй.

-Их олуулаа өссөн юм билээ. Ганцаардалтай хэр ойр вэ?

-Одоо манайх 11-үүлээ амьдардаг. Надад аав, ээж, ах, эгч, дүү байдаг болохоор би маш их азтай хүн. Ингээд бодохоор огт ганцаарддаггүй юм шиг. Ганцаардаад шаналанд автаад байх гэхээсээ илүү ертөнц дээр би гэдэг хэн нэгэн бусад зүйлсээс тусдаа оршиж байгаа гэсэн мэдрэмжийг ганцаардал гэж ойлгодог. Хөндүүртэй, тийм байгаа нь амттай зүйлсийг ганцаарал дотор орж мэдэрдэг шүү дээ.

-"Ихрүүд”-ийг бусдаас онцгой, бусдаас өөр гэж харах нь бишгүй. Энэ хандлага чамд ямар мэдрэмж төрүүлдэг бол?

-Ихэр байна гэдэг бүх дурсамж, санах хүмүүс, ядрал бас догдлол, хайрладаг хүмүүс дундых байхыг хэлнэ. Дундуур нь хувааж болдоггүй юм бүхнийг хамтдаа авахыг хэлнэ. Бүх зүйлийг мэдрэхдээ хоёр хүнийхээр хүлээж аваад сурчихсан байдаг.

Нөгөө их хоол идээд “ходоод нь суначихсан” гэдэг шиг, аливааг хүлээж авч байгаа мэдрэмж нь өргөн болоод суначихсан байдаг юм уу даа (инээв.сур)Ямар нэг үйл явдал, өөртөө тавьсан асуултанд ч Чээгийгийн мэдрэмж хариултууд минийхтэй зэрэгцэн, яг миний гэсэн бүтэн хариултыг бий болгож байдаг. Бусдаас өөр тал нь энэ байх даа. Хүмүүс янз янзаар хардаг байх. Зарим нь жаахан гажиг ч гэж хүлээж авдаг юм шиг байгаа юм.

Нэг их өөр зүйл байхгүй, зүгээр нэг цаг хугацаанд төрчихсөн хоёр хүн байхгүй юу. Хүний араншинд гэх юм уу, нэг тийм адилхан зүйлийг харьцуулах, ялгах салгах хүсэл байдаг бололтой. Тэгээд л чухамдаа харьцуулалт дунд өснө бас амьдарна гэсэн үг. Зарим хүнхүрч ирээд “ялгааг олоорой” гэдэг тоглоом тоглож байгаа юм шиг аашилж байгаад явдаг. (инээв) Ямар ч байсан өөрийгөө их азтай гэж боддог оо. Ихэр байх, Ихэр төрөх, Ихэр амьдрах гээд л. Хамт байхдаа ч, ганцаараа байхдаа ч хамт байхыг хэлнэ. Нэг хүнд хоёр сэтгэл, хоёр бодол байхыг хэлнэ.

-Зөв бичгийн дүрмийн алдаа энд тэндгүй харагддаг. Таныг монгол хэлний “Журамласан толь” дахь үгийг бүгдийг нь цээжилсэн гэж сонссон.

- Журамласан толины тухайд гэвэл зөв бичих дүрмүүд хоорондоо их эвтэй байдаг шүү дээ. Тэгээд монгол хэлний нэг дүрмийг нь ойлгочихвол нөгөө хэд нь хөтлөлцөөд зогсож байдаг шиг санагддаг. Тэр талыг нь олж нээж ажиглах таалагддаг байсан болохоор нэг мэдэхэд ихэнхийг нь мэддэг болчихсон байсан. Ер нь дүрмүүдэд анхаарлаа төвлөрүүлдэг. Бидний эргэн тойронд ч гэсэн ажиглахгүй байхын аргагүй дүрмүүд үйлчилдэг. Хэрэв надаас журамласан толины бүх үгээр шалгалт авбал төдийлөн хэрэглэгдэхээ больсон хуучны зарим үгэн дээр гацаж магадгүй.

-Өнөөдөр Өвөр Монголчуудад тулгараад буй асуудлын талаар танд юу бодогдох юм?

-Би Өвөр Монгол найзтай. Тийм болохоор Өвөр Монголчуудад нөхцөл байдал ямар байсаар ирсэн тухай, тэдэнд энэ асуудал ямар эмзэг байгааг сонсож ойлгосон. Хэзээ нэгэн цагт ийм зүйл болох нь ойлгомжтой байсан ч гэсэн одоо бүх зүйл нүүрэн дээр тулаад ирлээ шүү дээ. Хүүхэд ямар ч ганган эмэгтэйчүүд дундаас эхийгээ таньдаг шиг. Хятад улсын харьяанд олон жил болж байгаа ч гэсэндээ төрөлх зөнгөөрөө үргэлж Монголдоо тэмүүлж байдаг нь хэлтэй л холбоотой болов уу.

- Үгийн урлагаас хэлбийхгүйгээр асуухад илтгэх урлаг, мэтгэлцээний тэмцээнүүдэд их амжилттай оролцдог. Энэ урлагаар хичээллээд хэдэн жил болж байна вэ, хичээллэх болсон шалтгаан юу байв?

-Илтгэх урлаг мэтгэлцээнээр хичээллээд таван жил болж байна. Индэр надад өөрөөрөө байх, өөрийгөө илэрхийлэх нандин завсар цоорхой, орон зай болж өгсөн юм. Түүнээс эрх чөлөөг мэдэрдэг. Жишээлбэл, би илтгэлийн тэмцээнүүд дээр хэл зүйжсэн, үгийн санжсан, утга зүйжсэн холбоо үгийн тухай, бүр үгийн санжсан, утгазүйжсэн хүмүүсийн тухай ярьж болдог байсан учраас амьдралын минь энэ хэсэг их амттай. Илтгэх урлагт хайртай, бас өмөөрөхийг хүсдэг.

Илтгэх урлаг мэтгэлцээний нэрийг ашиглаж хийсвэрээр, өөрийгөө хэн нэгэн болгож харагдуулах гэсэн эсвэл юу хийгээд, юу яриад байгаагаа ойлгодоггүй хүмүүс, нэг хүслэнт дүрдээ хэт гүн автчихсан хүмүүс цөөнгүй байдгийг харсан. Гэхдээ миний хувьд тэр бүхэн эссэ шиг эргэцүүлэл, эрэл байсан болохоор хайртай гэж хэлж чадна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • gori (127.0.0.1)
    ярилцлага гэдэг зүйл ийм хямдхан болсон юм уу
    2020 оны 09 сарын 10 | Хариулах
Нийтлэлчид