Улаанбаатар 1c

Б.Балжинням: Монголд түрэгийн хаад, язгууртны 87 дурсгал илэрсэн байдаг

Эртний Хиндү соёл, ведийн гүн ухаан болон түрэг угсаатны түүх судлаач Б.Балжиннямтай ярилцлаа.

-Та ямар мэргэжил, боловсролтой хүн бэ. Хэдий үеэс Түрэгийн түүхийг сонирхон судлах болов?

-Би хуучнаар ЗХУ-ын Киргизстаны Фрунз хотын Политехникийн их сургуулийн Зам гүүрийн инженерийн ангид 1989-1991 онд сурч байсан. Манай ээж Тагна Урианхай хошууны Горный Алтайн Тува хүн. Харин аав Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ойрад буюу өөлд ястан. Бидний төрсөн нутаг Алтайн нурууг тойрон олон овог, аймгийн, үндэстэн ястангууд амьдарч байгаа. Уг нь түүх, соёл угсаа гарлын хувьд Алтайн нурууны угсаатнууд нэг хэл соёлтой, монгол хүмүүс байгаа юм.

Эрхэлж байгаа аж ахуй, нүүдэл, суудал хийдэг газар зүйн байрлал, аян дайн, худалдаа арилжаа хийдэг хөрш зэргэлдээ орныхоо соёл иргэншлээс шалтгаалан хоорондоо ялгарах, өвөрмөц хэв шинж бол бий. Тэр онцлог ялгааг нь ойлгодоггүй, нүүдэлчдийн өв соёл, түүхийг мэддэггүй зарим орны эрдэмтэд Түрэг угсаатан, Монгол угсаатан гэж хувааж, өөр хооронд нь хагаралдуулан хүчирхэг нүүдэлчдийн улсыг хувааж авах геополитикийн бодлого хэрэгжүүлээд 400 жилийн нүүр үзэж байна. Төв Азийн анчин, нүүдэлчин овог, аймгууд өнө эртний түүхийн хувьд нэг хэл соёлтой, нэг угсаа гаралтай хүмүүс. Тиймээс ч Төв Азийн нүүдэлчдийн хэлийг Алтай язгуурын хэл гэдэг.

Гэтэл нүүдэлчдийн соёлыг мэддэггүй гадны эрдэмтэд угсаа гарал, түүх соёлын хувьд Монгол, Түрэг, Уйгар, Төвд, Манж, Тунгус, Захууд буюу цаатангуудыг өөр гэх тархи угаах бодлого явуулж, нүүдэлчдийг хагарган бутаргаж, зохиомол түүхийг бүтээсэн. Үүнийг залруулах хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн Түрэгийн түүхийг сонирхон судлах болсон.

-Түрэгүүдийг Иран, Энэтхэг, Перс гаралтай гэдэг. Харин та түрэгийг монгол угсаатан гэж үздэг юм уу?

-Судлаачид монгол угсаатны түүхийг гурван үе болгон хуваадаг. Өвөг Монгол аймаг, түрүү монгол, эртний монгол гэсэн гурван үе шатаар авч үзэж байгаа. Төрт улс байгуулагдахаас өмнөх үеийн үйл явцыг өвөг монголын үеийг археологийн баримтад тулгуурлан тогтоож үзэх бололцоо байна. Монгол орны зүүн болон төвийн бүс нутгаар тархсан дөрвөлжин булшны соёл гэж бий. Энэ соёл одоогоос 3500 жилийн өмнө буюу МЭӨ XV зууны үеийнх.

Дөрвөлжин булшны оршуулгын зан үйлд хүнийг тэнгэр харуулж тавих, чулуугаар дэр хийх, адуу малын яс дагалдуулах гэх мэтийн зан үйлийн илрэц байдаг. Энэ соёл нь дараа, дараагийн монгол аймгуудад уламжлагдан дамжсан. Антропологийн хувьд эртний түрэгүүд, өнөөгийн монголчуудас ялгагдах ялгаа байхгүй адилхан. Тийм ч учраас үүнийг өвөг монголчуудын соёл иргэншлийн үеэс түрэгүүдийг салгаж ойлгох нь буруу. Гэхдээ дөрвөлжин булшийг зүүн, төв хэсгийн нүүдэлчид үлдээсэн байдаг. Үүнтэй нэг цаг үед оршиж байсан хиргисүүр, буган чулууны үеийн соёлыг Алтай, Саян, Их нууруудын хотгор, Зүүн гар, Гималайн нуруу, Тэнгэр уул, Кампийн тэнгис хүртэл нутаглаж байсан нүүдэлчид үлдээсэн байна.

Нэгдсэн төрт улс үүсэхээс өмнө Төв Азийн нүүдэлчид зүүн, төв, баруун, өмнөд, хойд гэж хуваагдан, харилцан адилгүй соёлтой, хэл ярианы хувьд ялгагдах онцлог хэв шинжтэй байж. Иран, Энэтхэг, Персээс ирсэн төмөрчин боолуудаас түрэг угсаатан үүссэн гэдэг худал зүйл. Өнөөгийн киргиз, казах, уйгар, тажикуудыг төмөрчин боолууд гэж доромжилж Иран, Энэтхэг, Персээс гаралтай угсаатай гэж төөрөгдүүлж болохгүй. Хөх Түрэг гэдэг хөх улиас гэдэгтэй утга дүйнэ. Хөх Түрэг, Зүүн Түрэг, Баруун Түрэг гэж улсаа бүс нутгаар хувааж байсан бололтой. Зүүн түрэгүүд буга, Хөх түрэгүүд тэх, баруун түрэгүүд буга болон морин шүтээнтэй байж.

-Хятадын түүхийн эртний сурвалж бичигт түрэгүүдийг монгол угсаатан биш гэж тэмдэглэн үлдээсэн байдаг гэдэг ?

-Өнөөгийн монголын эрдэмтэд Орос, Хятадын түүхчдийн зохиосон худал түүхэнд итгэж, Монгол угсаатнуудаа өөрсдөөсөө түлхэх ёсгүй. Эхлээд бид түрэгүүдийг монгол угсаатан биш гэж түлхсэн. Дараа нь киргиз, уйгаруудыг. Тэгээд цаатангуудыг, түүний дараа Зүрчид манж, тунгусуудыг өөрсдөөсөө түлхсэн. Одоо халимаг, буриад, Өвөр Монголчуудаа Орос, Хятад гээд түлхэх нь холгүй болжээ. Төв Азийн нүүдэлчид хаанаас ч нүүж ирээгүй. Эрт дээр цагаас өнөөгийн монголын нутагт, Номхон далайгаас Каспийн тэнгис, Хойд мөсөн далайгаас урт цагаан хэрэм, Гималайн нуруу хүртэлх бүс нутагт нүүдэллэн хэдэн зуун, мянган жил аж төрж байсан. Одоо ч оршин тогтнож, нүүдлийн мал аж ахуй, ан гөрөөгөө хийсээр амьдарч байна.

-Буган чөлөөний соёлыг Европын келт, арийчууд гэж түүхчид үздэг. Гэтэл Энэтхэгт, Пакистан, Афгинастанд нүүдэллэн суурьшсан келт, арийчуудад буган хөшөөний соёл байхгүй байх юм?

-Хүчирхэг нүүдэлчдийн улсыг байлдан эзэлж чадахгүй болохоор хооронд нь яс хаяж, түүх соёл, угсаа гарлыг нь төөрөгдүүлэх аргаар тэмцэлдүүлж хүчийг нь суларсан үед эзэлж авдаг суурин улсуудыг сонгодог арга энэ л дээ. Европын келтүүд Зүүн Өмнөд Ази рүү нүүдэллэн суурьшсан. Харин тэд анчин, малчин нүүдэлчин аймгуудад нөлөө үзүүлэх хэмжээний том нүүдлийг Төв Азийн хүйтэн сэрүүн бүс нутаг руу хийгээгүй. Келтүүд буган чулууны соёлыг тээгчид гэвэл Энэтхэг, Пакистан, Иран, Перс, Афганистанд яагаад өнөөдөр энэ соёлын гал голомт үлдэц байхгүй байгаа юм.

Нүүдэлчдийг ямар ч соёлгүй, харанхуй бүдүүлэг хүмүүс байсан мэтээр үлгэр ярих юм. Үгүй шүү дээ. Нүүдэлчид харин олон соёлыг түгээж, дамжуулагч, тээгчид байжээ. Олон соёл дунд нүүдэллэж явсан улсууд хамгийн шилдэг, өөрсдөдөө хэрэгтэй, нүүдлийн мал аж ахуйд таарч тохирох соёлыг л авах нь тодорхой. Төв Азийн нүүдэлчид өнөөгийн Энэтхэгийн хойд хэсэг, Пакистан, Афганистан, Иран, Перс, Балканы хойгийн орнууд Турк, Болгар, Итали, Грек, Испани, Португали, Кавказ, Уралын нуруу, Зүүн Европын орнуудын малд тохиромжтой бүс нутгуудаар нүүдэллэж, бэлчээрийн төлөө аян дайн хийж явсан байдаг. Үүнээс биш зэрлэг бүдүүлэг, байлдаж, дээрэмдэх дуртайдаа аян дайн хийгээд байсан юм биш. Чийглэг, халуун газар малд тохиромжгүй шим муутай өвстэй, намаг шалбаагтай ой ихтэй бүс нутгуудаар нүүдэл хийдэггүй байв.

Харин тэднийг суурин улсууд зэрлэг, бүдүүлэг нүүдэлчид гэж үнэнийг гуйвуулан түүхэнд бичиж, тэмдэглэсэн нь байдаг. Өөрсдийгөө өндөр соёлтой гэдэг ромчуудын хувцсыг хараарай. Өмд, гутал байхгүй. Биеэ даавуугаар ороогоод бол оо. Нүүдэлчдээс тэд өмд, гутал, дээл, хувцасны соёлыг хуулбарлан авсан. Турк, Иран, Латин хэлэнд яагаад монгол үг их байдаг вэ. Испанийн бухын тулаанчийн хувцас, орос, франц цэргүүдийн хувцсыг харах хэрэгтэй. Монгол хүрэмний хээ угалз, хэв загварын элементүүд явж байдаг. Ази тивд соёлыг түгээсэн гээд байгаа келт, арийчууд хувцасны соёл гэх зүйлгүй хүмүүс байсан. Харин хиндүчүүд маш өндөр, соёл боловсролтой ард түмэн байжээ.

Алтайн нуруу хойд Энэтхэгийн хүйтэн сэрүүн бүсийн хооронд амьдарч байсан нүүдэлчин Ашина, Тэлэнгэд, Дарвид, Кушан, Сүмэр, овгийнхон арийчуудыг үхэр малтай, хувцас хунартай болоход нь том нөлөө үзүүлсэн байдаг. Энэ талаар Энэтхэгийн эртний сударт цохон тэмдэглэн үлдээсэн байна. Гэтэл манай эрдэмтэд үүнийг судлахгүй, зөвхөн хятадын сурвалж бичгийг баримтлах гээд байгаа нь өрөөсгөл.

-Түрэгүүдийг баруун өмнөд зүгээс Алтайд нүүдэллэн ирж суурьшсан гэж түүхчид үздэг.Туркууд өөрсдийнхөө өвөг дээдсийг Алтайн нуруу өнөөгийн Монгол нутагт ирж төрт улс байгуулсан гэх юм?

- Ашина овгийн баруун түрэгүүд Гималай, Алтай нурууны бүс нутагт нүүдэллэн амьдарч байсан. Одоо ч амьдарч байна. Түүхийн зарим тэмдэглэлд Гаочанаас түрэгүүдийг нүүн ирж Алтай, Саяны өндөрлөгт нутаглаж, теле буюу огуз аймгуудтай холилдсон гэж байдаг. Хөх түрэгүүд хэзээнээс Алтайд байсан. Нүүдэлчин овог аймгууд, хаашаа нүүж, хаана очих нь тэдний дурын асуудал. Суурин улсууд шиг нэг газартай хадаатай байдаг юм биш. Гэхдээ тэд хаашаа ч нүүсэн буцаж эх нутагтаа ирдэг байж. Аян дайн, нүүдлийн ая даахгүй, тухайн нутаг оронд дассан хэсэг нь үлддэг байсан байх. Зүүн Ром, Византинг эрхшээж байсан Баруун түрэгүүдийг туркууд өөрсдийн өвөг дээдэс гэж үзээд байна. Тийм учраас хүчирхэг түрэг гүрний нэрийг зээлдэгч улсууд өнөөг хүртэл байсаар байгаа. Түрэгийн Билгээ хааны хөшөө Европ төрхтэй монхор том хамартай Турк байна уу, Ази Монгол төрхтөн байна уу гэдгийг харьцуулаад харах хэрэгтэй.

Сүүлийн үеийн судалгаагаар түрэгүүдийг харь угсаатан хэмээн ялган үзэхээ болж байгаа. Эртний монголчуудын нэг бүлэг угсаатан гэж үзэх болсон нь сайшаалтай. Өндөр тэрэгтэн уйгар, теле, огуз, киргиз аймгуудыг ч харь хэлтэн биш гэдгийг батлах, нотлогоо олдох боллоо. Эртний түрэгүүдийг угсаа гарлын судалгааг нягтлан үзэхгүйгээр монголчуудаас ангид салган үзэж болохгүй. Монгол үндэстний нэгэн салбар гэж үзэх нь зохимжтой. Түрэгийн гол цөм Гималай, Алтай нурууны хооронд нүүдэллэн амьдарч байсан ашина аймаг Монгол Сяньби гаралтай байж. Үүнийг Оросын эрдэмтэн Л.Н. Гумилев түүх, хэл шинжлэлийн үүднээс баталсан байдаг.

-Туркууд Хүннү гүрний үед зүүн Ромын бүрэлдэхүүнд байсан суурин соёлтой византинчууд байх. Тэгсэн хэрнээ өөрсдийгөө түрэг гаралтай гэх юм?

-Түрэгүүд 550-иад оны үеэс хүчирхэгжсэн байдаг. Уйгаруудын өвөг дээдэс телечүүд буюу өндөр тэрэгтнүүд Жужантай байлдахад түрэгүүд тусалж, хүчээ төвлөрүүлж байсан мэдээ бий. Тэгэхээр түрэгүүдийг өндөр тэрэгтэн уйгаруудтай холилдсон Ашина овгийн хүмүүс гэж үзэх хандлага бий. Түрэгийн хаант улс байгуулагдаад хүч нь сулрахдаа Тан улсын шахалт, нөлөөгөөр баруун, зүүн түрэг гэж хоёр хуваагдсан. Баруун түрэгийг ах, дүү Кабган, Иштимер нар захирч байж. Баруун түрэгүүд Туркийг эзлэн захирах болсон. Турк түрэг биш, туркууд хүчирхэг аймгийн нэрийг зээлдэн өөрсдийн өвөг, дээдэс гэх үзэл гарсан. Зүүн түрэгүүд уйгаруудад цохигдон Тан улсын бүрэлдэхүүн оржээ.

-Өөрсдийгөө Түрэг гэдэг өнөөгийн Уйгар, Казах, Киргиз үндэстний хэлийг бид ойлгохгүй. Шашин, ёс заншил нь өөр шүү дээ?

-Иран Ойрх Дорнодыг захирч байсан Ил хаадын үеэс исламын шашин дэлгэрч Уйгар, Казах, Киргиз, Дундад Азийн орнуудад Арабын соёл уламжлал түгэн дэлгэрч монгол угсаатнаас ондооших үйл явц эхэлсэн. 1636 онд манж, хятадууд говийн өмнөх аймаг буюу Өвөр Монголыг бүрэн дагаар оруулсан. Улмаар Орос улстай хуйвалдан Зүүн гарын хаант улсыг мөхөөж, Уйгар, Киргиз, Казах, Монгол гэж хувааж, нүүдэлчдийн хүчирхэг улсын хүчийг сулруулсан. Манжийн эсрэг тэмцсэн Уйгар, ойрадуудыг толгой дараалан устгаж, Уйгар Шинжаанд Иран, Перс, Тажик, Азарбайжан, Узбек, Хятад гээд бусад үндэстэнг нүүлгэн шилжүүлж, суурьшуулсан байдаг. Өнөөгийн Монгол Улс зөвхөн халх дөрвөн хошууны нутгаар хилээ тогтоосон байгаа. Захын монголчууд буюу цаатангууд, буриад, халимаг, түрэг, уйгар, манж, тунгус, өвөр монголын 49 хошуу бүгд хилийн цаана үлдсэн.

Архангай аймгийн Хашаат сумын нутаг Хөшөө Цайдамд буй дөрвөн том онгон, Налайхын орчим буй Ар Жанчивлангийн нутагт орших Тоньюкук сайдын гэрэлт хөшөө. Мөн Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Их хөшөөт буюу Куль-Чурын онгон, Өвөрхангай аймгийн Уянга суманд Онгийн голын, Булганы Баян-Агт, Архангайн Хайрхан сумдын зааг дахь Шивээт- Улааны дурсгал, Булганы Сайхан сумын нутагт дахь Могойн Шинэ-Усны дурсгал буюу Моюнчур хааны тахилын онгон зэргийг дурдаж болно

Өнөөгийн Казахстаны дийлэнх хувь нь түрэгжсэн монгол угсааны хүмүүс. Казах, киргизүүд Зүчийн угсааны Алтан орд улсын удмынхан гэж хэлж болно. Хамгийн сүүлд Зүүн гарын хаант улсын гол тулгуур нь өнөөгийн казах, киргизүүд юм. Сламын шашинтан болоод өөрчлөгдсөн, ондоошсон зүйл их бий. Хамгийн сүүлийн жишээ гэхэд оросын бүрэлдэхүүнд ороод слав соёл, орос хэл их дэлгэрч бас өөрчлөлтийн нөлөө их туссан байгаа. Орчин цагийн казах, монгол хэлний харьцуулсан судалгаагаар нэг үндэстэй, нэг хэлнээс салбарласан хэлтэн гэдэг нь тодорхой харагддаг.

-Казахстанчууд Каках гэдэг нэрийг хожуу 1800 оны үед Оросын бүрэлдэхүүнд ороод авсан байх. Өмнө нь тэднийг Киргиз гэдэг байв уу?

-Өнөөгийн казах гэдэг угсаатны нэр бий болсон нь эргэлзээтэй тодорхойгүй. Киргиз гэдэг эртний сурвалжтай нэр. Тан улсын сурвалж бичигт VII зууны үед Хиагүйн гэж тэмдэглэсэн байдаг. Енсейн киргизүүд хүчирхэгжиж уйгарыг унагасан. Гэхдээ киргизийн хаант улс бүрэлдэн тогтоогүй. Чухам ямар шалтгааны улмаас гэдэг бүрхэг байдаг. Орхон хавиас удалгүй нүүжээ.

-Монгол Улсад түрэгийн үеийн хөшөө дурсгалууд хэр олон байдаг вэ?

-Монгол орны төв хэсэгт түрэгийн хаад, язгууртны 87 дурсгал илэрсэн байдаг. Тахилын онгон цогцолборыг оруулбал 95 бий. Үүнээс олон байх ч магадлалтай. Цаашид шинээр илэрч олдох нь дамжиггүй. Түрэгийн хаад, язгууртанд зориулан босгосон тахил шүтээний асар том байгууламжууд зөвхөн Монгол орны төв нутаг Орхон, Туулын сав газраар голлон байрлажээ.

Эдгээрийн тоонд Архангай аймгийн Хашаат сумын нутаг Хөшөө Цайдамд буй дөрвөн том онгон, Налайхын орчим буй Ар Жанчивлангийн нутагт орших Тоньюкук сайдын гэрэлт хөшөө. Мөн Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Их хөшөөт буюу Куль-Чурын онгон, Өвөрхангай аймгийн Уянга суманд Онгийн голын, Булганы Баян-Агт, Архангайн Хайрхан сумдын зааг дахь Шивээт- Улааны дурсгал, Булганы Сайхан сумын нутагт дахь Могойн Шинэ-Усны дурсгал буюу Моюнчур хааны тахилын онгон зэргийг дурдаж болно. Алтай, Саяны нуруу, Их нууруудын хотгор, Уйгар Шинжаан, Казах, Киргизээс үүнтэй ижил дурсгалууд төдийлөн илрэхгүй байгаа. Тэгэхээр түрэгийн хаад цэвэр монгол угсаа гаралтай хаад байсан нь тодорхой. Улс гүрний нэр хэдэн ч удаа өөрчлөгдөж, төр улс мөхөж доройтож, сэхэн өндийж болно.

-Орхон, Енисейн руни бичиг түрэгүүдийн үндэсний бичиг мөн үү?

-Орхон, Енисейн руни бичгийг хүннүчүүд зохион нийт нүүдэлчид хэрэглэж байжээ. Уг нь шувууны мөр, шаантаг бичиг гэж нэрлэж байсан юм шиг байгаа юм. Хүннү гүрэн мөхөх үед түүний орыг залгаж өндийсөн түрэгүүд уламжлан авч явжээ. Хөшөө чулууны бичиг нь Хөх түрэгийн улс төрийн хураангуй түүх юм. Энэ бичгийг руни Орхон, Енисейн түрэг бичиг гэж Европын эрдэмтэд андуу ташаа ойлголтыг бий болгосон.

Хүннүчүүд нь түүхэн эх сурвалжаар нотлогдож буй хамгийн анхны Төв Ази дахь гүрэн бөгөөд түрэгүүдийн өвөг учир уг бичгийг түрэг бичиг гэж нэрлэх нь зохимжгүй. Шувууны мөр бичгийн хэл нь монгол түрэг хэлний аль алины шинжийг хадгалсан, авиа зүйн хувьд нарийн боловсорсон дүрэм журамтай бичиг байжээ. Үгийг эр эмээр ялгахаас гадна эр үгэнд бичдэг эгшиг, гийгүүлэгч, эм үгэнд бичдэг эгшиг, гийгүүлэгчтэй байж. Түүнчлэн тухайн үгийн дуудлагыг тусгаж бичдэг байжээ. Бид монгол бичиг, үсгээ өөрсдийнх гэж хэлж чадахгүй, Орхон, Енисей руни бичиг гээд түлхсэн байж.

-Хүннүчүүд хятад ханз хэрэглэж байсан юм биш үү?

-Тобай, Ухунь аймгууд цагаан хэрэмний урд гарч төр улсаа байгуулсан байдаг. Тоба Вэй улс 386-535 оны хооронд хойд Хятад, Хятадын Хөх мөрөн хүртэлх газар нутаг, Өвөр Монголын өмнөд хэсгийг багтаасан хүчирхэг улс байжээ. Уг улс нь Сяньби угсааны Тоба аймгаас гаралтай. Хятадад гүн орж сууснаар 535 онд хоёр хэсэг болж задарсан. Тэд хятад ханз бичгээр төрийн албаа залгуулж байсан. Хятад үлдсэн хэсэгт уусан хайлж бүдгэрсэн. Харин Тобай Вэн аймгаас тасарч Орхон рүү нүүж ирсэн Тобай аймгууд нэг хэсэгтэй ханзыг хэрэглэж байсан бололтой. Гэхдээ бид л хятад ханз бичиг гээд байгаа болохоос биш эртний Төв Азийн нүүдэлчин овог, аймгууд хадны сүүдэр зурагнаас санаа авч дүрс, зурган тэмдэглэл хийдэг байсан гэх мэдээ бий. Үүнийг баталж, нотлох түүхийн баримт олдох нь дамжиггүй байх.

Ер нь Хятадыг захирч байсан Монгол аймгууд ханзыг өргөн хэрэглэж байсан нь бий. Зүрчидийн Алтан улс, Кидан, Юань, Манж Тунгусууд төрийн албандаа ханз, үсгийг ашиглаж байлаа. Нүүдэлчин аймгууд түүхийн тавцанд товойн гарч, төр улсаа байгуулахдаа өмнөх улсынхаа бичиг, үсгийг тэр болгон залгамжлан авахгүй шинээр бичиг үсэг зохион хэрэглэдэг байсан бололтой. Хүннүгийн шувууны мөр хэмээх шаантаг үсэг ийм байдлаар бүдгэрсэн болов уу. Харин Монголын эзэнт гүрэн байгуулагдахын өмнө худам монгол бичиг үүсжээ. Энэ бичгийг түрэг, уйгар, хазара, тажик, киргизээс бусад нүүдэлчин монгол аймгууд авч хэрэглэн өнөөдөр 1500 гаруй жилийн нүүр үзжээ. Чингис хааны гавьяа нь худам монгол бичгийг төрийн албан ёсны бичиг болгосонд байдаг.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид