Улаанбаатар 1c

М.Мягмарсайхан: Эрсдэлээс болгоомжилж, хамгаалалт хийвэл агаарын алхалт ямар ч үнэ цэнгүй

Газраас 20-50 метрийн өндөрт татсан утсан дээгүүр хамгаалалтгүй алхана гэдэг ямар ч хүнээс ур чадвар, эр зориг шаардана. Амь насанд эрсдэлтэй агаарын үзүүлбэр хийдэг циркийн жүжигчин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан М.Мягмарсайхантай ярилцлаа.

-Улаан цутгалан дээгүүр явъя, үзүүлбэрээ ахиулъя гэдэг санаа хэзээ төрсөн бэ?

-Би 2002-2010 он хүртэл Швейцарь, Итали, Франц, Герман гээд Европын олон оронд агаарын чанга утсан дээгүүр явах үзүүлбэр хийсэн. 2010 онд Монголдоо ирж циркийн жүжигчидтэйгээ энгийн үзүүлбэр хийж байгаад өнгөрсөн жил Европ руу тоглолтоор яваад ирсэн. Тэнд очоод Ведий Ноктой уулзсан чинь “Чи надаас агаарын олсны үзүүлбэрийн техник сурсан байж яагаад Монголдоо энэ үзүүлбэрээ хийхгүй байгаа юм бэ” гэж гайхан асуусан. Тэгээд би Европын аялан тоглолтоос буцаж ирээд, гэр бүлийнхээ хамт амарч явахдаа Улаан цутгалан орсон юм.

Тэр үед надад Улаан цутгалан дээгүүр явах хүсэл төрсөн. Тэгээд найздаа хэлсэн. “Энэ Улаан цутгалан

дээгүүр утас татаад явах боломжтой газар байна. Боломж гарвал ирэх жил хиймээр байна” гэсэн. Манай найз Ч.Арилдзэмбэ “Чи үнэхээр хүсэж байгаа бол хойшлуулах хэрэггүй. Энэ жилдээ багтаад хийе” гэдэг байгаа. Тэгээд бид Монголын мэргэжлийн циркийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганболд багшид “Манай аюулгүйн техникийн ажилтнаар ажиллаж өгөөч гэсэн санал тавьсан” юм. Тэндээс баг хамт олноо бүрдүүлээд, 2019 оны наймдугаар сарын 10-ны өдөр Улаан цутгалан дээгүүр алхах үзүүлбэрээ хийсэн. Үүнийгээ бид уламжлал болгон жилд 1-2 удаа хийж байхаар ярилцсан.

-Энэ жил Чулуутын хавцал дээгүүр алхах үзүүлбэр хийлээ. Ер нь тэр өндөрт алхахад хүндрэл бэрхшээл тулгарна биз?

-Энэ бүх үзүүлбэрийг хийхэд өндөр өртөг, хөрөнгө мөнгө шаардагддаг. Ивээн тэтгэгчийн асуудал хамгийн хэцүү. Улаан цутгалан болон Чулуутын хавцал дээгүүр алхах үзүүлбэрийн хөрөнгө, мөнгийг хувиасаа гаргасан. Агаарын утасны үзүүлбэрийг хүмүүст үзүүлж, харуулах, таниулж, мэдүүлэх зорилгыг тавьсан. Дараа жилийн үзүүлбэрээ Хоргын тогоон дээгүүр алхахаар төлөвлөсөн юм. Тэгсэн манай циркийн хамт олноос өөр санал гарсан. “

Чиний үзүүлбэрийг олон хүнд үзүүлэх харуулж, таниулах нь зөв юм байна. Тэрхийн цагаан нууран дээгүүр алхах үзүүлбэр хийвэл ямар вэ” гэсэн санал тавьсан. Яагаад болохгүй гэж Улаан цутгалан, Чулуутын хавцал дээгүүр явсан юм чинь. Одоо нууран дээгүүр, түүний дараа хоёр өндөр уулын хооронд алхаж яагаад болохгүй гэж. Харин ч илүү сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Харин энэ бүхэн асар их хөрөнгө, мөнгө шаардана. Хөрөнгө, санхүүгийн асуудлаа шийдэж чадвал хийх боломжтой.

Нэг үзүүлбэр хийх гэж хувиасаа жил бүр 10-20 сая төгрөг гаргана гэдэг амаргүй. Энэ үзүүлбэрийг зогсоохгүйгээр үргэлжлүүлэн хийхийг хүсэж байгаа. Одоо би 40 гарчихлаа. Нас яваад байна. Эрийг нас, уулыг цас гэдэг. Чадаж байгаа, боломжтой үе дээрээ 4-5 жилийн хугацаанд үзүүлбэрийг хийхээр төлөвлөсөн. Нас яваад ирэхээр чаддаг зүйлээ хийж чадахгүй болно. Өөртөө итгэлгүй болж эхэлнэ. Тэр бүхнээс өмнө цаг хугацаа хожихын тулд хийж амжуулах ёстой. Монголчууддаа агаарын утасны үзүүлбэрийг үзүүлье. Өөртөө сайхан дурсамж үлдээе гэж бодож байна. Хожим харамсаж суухгүйн тулд хичээж, хийх ёстой. Түүнээс ямар нэг ашиг, орлого хайгаагүй.

-Улаан цутгалангийн өндөр 28 метр гэсэн үү. Чулуутын хавцлын хоёр эргийн урт хэдэн метр байв?

-Цутгалангийн өндөр 24 метр өндөр, бид дээш өндөрлөж утсаа татаад 28 метр өндөр болгосон юм. Урт нь 57 метр байсан. Харин Чулуутын хавцал 130 метрийн урттай, 50 метрийн өндөртэй байлаа. Халуун наранд халж, миний төлөө нойр, хоолоо умартан зүтгэсэн аюулгүйн техникч Х.Ганболд ахлагчтай циркчин найзууд, ах, эгч нартаа, бидний ажилд дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан “Ekos Monos Foods”, амь нас аюулгүй байдлыг даатган ажилласан “Ард даатгал”-ын хамт олонд талархаж байна.

-Чулуутын хавцлын хооронд хэдэн метрийн голчтой тросс, утас татсан бэ?

-Улаан цутгалан дээгүүр 14 мм, дм-тэй тросс татсан. Сая Чулуутын хавцал дээгүүр 15 мм, дм-тэй тросс татаж алхлаа.

-Троссыг машинаар татдаг уу?

-Тусгай зориулалтын гар ажиллагаатай тросс чангалагч төхөөрөмж байдаг.

-Троссн дээгүүр ямар ч хамгаалалтгүй алхаж байгаа. Танд өндөрт гарах үед айдас төрдөг үү. Аюулгүй байдлаа хангах зорилгоор хавцал доогуур тор татдаг уу?

-Огт айдаггүй гэвэл худал ярьсан болно. Хүн л болсон хойно айдас төрөлгүй яахав. Гэхдээ айдсаа дарж, сэтгэлээ тайвшруулаад, өөртөө итгээд алхдаг. Хамгаалалтын тор татаж болно л доо. Гэхдээ би эрсдэлтэй үзүүлбэр хийж байгаа болохоор хамгаалалтын тор татдаггүй. Үзүүлбэрийн гол чухал зүйл нь ямар ч хамгаалалтгүйгээр утсан дээгүүр алхахад оршдог. Хэрэв эрсдлээс болгоомжилж хамгаалалт хийвэл, миний агаарын алхалт ямар ч үнэ, цэнгүй болно.

-Монголд өөрөөс тань өөр өндөрт татсан олсон дээгүүр хамгаалалтгүй алхдаг жүжигчин байгаа юу?

-Одоогоор байхгүй. Циркийн сургуульд сурч байгаа залуус хэцэн дээрх тэнцвэр номерыг хийж байгаа. Магадгүй эдгээр залуус миний хамгаалалтгүй алхдаг үзүүлбэрийг хийхийг үгүйсгэхгүй. Одоогоор би хамт олон, найз нөхөдтэйгээ нийлээд үзүүлбэрийг хийж байна. Баг хамт олон байхгүй бол энэ бүхнийг би хийж чадахгүй. Утсан дээгүүр явж байгаа нь би болохоос, миний ард олон хүн ажилладаг. Тэдний хүч, хөдөлмөр, сэтгэл зүтгэл нийлж энэ үзүүлбэр бүтэж байгаа юм. Сая Чулуутын хавцлын үзүүлбэрийн арын албанд 50 гаруй хүн ажилласан. Гэхдээ тэд ямар ч цалин хөлс авалгүйгээр сэтгэл, зүрхээрээ намайг дэмжиж ажилласан юм.

-Циркийн манежийн урт хэд байдаг вэ?

-Монежийн урт 14 метр, 10 метрийн урттай утас татах боломжтой. Чанга утасны үзүүлбэр долоон метр л байдаг.

-Утсаа савлаж гүйгээд, дугуйгаар яваад байдаг нь ямар үзүүлбэр вэ?

-Тэр чанга утас биш. Сул утасны үзүүлбэр байгаа юм. Сул утасны урт 7-8 метр. Нам доор байрладаг юм. Гэхдээ тус үзүүлбэрийг хамгаалалтай хийдэг онцлогтой.

-Эрсдэл, аюултай үзүүлбэр хийхийг гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авдаг вэ?

-Эхнэр миний нэгдүгээр дэмжигч. Надад итгэдэг учраас, намайг чадна гэж дэмждэг. “Миний хань хийнэ, бүтээнэ, энэ бүгдийг чи чадна шүү” гэж урам дэм өгдөг. Харин би ээждээ үзүүлбэрээ үзүүлэх тийм дуртай биш. Сая Чулуутын хавцлын үзүүлбэрийг ажрахгүй үзэж, намайг бууж иртэл хараад зогссон байна лээ. Би ээжийг настай хүн болохоор зүрх нь дэлсээд ямар нэгэн юм болчих вий гэж дотроо эмээж байсан.

Би утсан дээгүүр явахдаа санаа зовоогүй, харин ээжид л санаа зовж байлаа. Буугаад ирэхэд ээж угтаж аваад үнссэн. Тэгэхээр бие нь гайгүй байсан юм байлгүй. Харин манай хүүхдүүд одоо жаахан байна. Том нь 14 настай. Тэгээд есөн настай. Хамгийн бага нь хоёр настай. Тэд одоогоор энэ үзүүлбэрийг хэтэрхий аюултай гэдгийг ойлгох хэмжээнд хүрээгүй байгаа болов уу. Тийм болохоор би санаа зовох зүйлгүй үзүүлбэрээ хийдэг.

-Эрсдэл, аюултай ийм амь дүйсэн үзүүлбэр хийж болохгүй гэж эсэргүүцэх хүн хэр олон байдаг вэ?

-Цахим орчинд мэдээлэл тавигдахаар хүмүүс янз бүрээр хүлээн авч, шүүмжлэнэ. Энэ тэнэг мангар, амиа хорлох гээд байна гээд шуугиад эхэлсэн. Яг үнэнийг хэлэхэд, амьдрал дээр хүмүүс машин барьж явахдаа ямар тэнэг, эрсдэлтэй зүйл хийдэг билээ. Миний хийж байгаагаас илүү аюултай зүйлийг хийдэг. Үгүй ядахдаа шөнө хол замд явахдаа гэрлээ шилжүүлдэггүй. Өнгөрсөн наадмын үеэр авто тээврийн ослоор 35 хүний амь нас эрсэдсэн байна.

Энэ аюул дагуулсан автын осол гэмтлийг буруулах гэж бүх нийтээрээ яагаад тэмцэхгүй байгаа юм бэ. Хурд хэтрүүлдэг, дүрэм зөрчдөг, өөрийн болон бусдын амь насанд аюул учруулж байгаа үйлдэлтэйгээ эвлэрчихээд, түүнийг аюул гэж бодохгүй байна. Харин миний хийж байгаа үзүүлбэр аюултай хэдий ч маш нарийн тооцоолсон анхаарал төвлөрөл шаардсан, аюулгүй байдлаа бүрэн хангасан, өөртөө итгэлтэй үедээ хийдэг, миний мэргэжлийн ажил. Миний хувьд амьдрал бол тэнцвэр. Энэ тэнцвэрийн төлөө бүх амьдралаа зориулна.

-Та Төв циркийн байрандаа очиж, бэлтгэл, сургуулилалтаа базааж, тоглолт хийдэг үү?

-Тийм ямар ч боломжгүй байгаа. Бид очиж тоглолт хийе гэвэл асар өндөр төлбөр төлөх болно. “Та бүхэн тоглолтоо хий" гээд бидэнд үнэгүй үйлчилгээ үзүүлдэг юм биш. Хувь хүний эзэмшил болчихсон зүйлийг бид циркийн байр гээд булаацалдаж болохгүй. Цахилгаан, дулаанаас эхлээд, ажилчдын цалин мөнгө гээд тодорхой хэмжээний зардал гардаг байх. Тэр бүх зардлаа нөхөж ашигтай ажиллахын тулд өндөр түрээс, төлбөр нэхдэгийг нь буруутгах аргагүй. Надад циркийн байранд тоглолт хийх юмсан гэсэн бодол хэзээ ч төрж байгаагүй. "Мартагдсан дууль" гэдэг шиг мартагдсан циркийн байр болсон.

-Танд гадаадаас тоглолтын санал хэр олон ирдэг вэ?

-Намайг өндрийн үзүүлбэрээ дахин сэргээснээс хойш хуучин хамтарч ажиллаж байсан байгууллага, хувь хүн, найз, нөхдөөс санал хүсэлт ирж байгаа. Энэ жил хорио цээрээс болоод бүх ажил зогсчихсон. Жил бүрийн арван хоёрдугаар сард Европод өвлийн циркийн том тоглолт тогтмол болдог. Энэ жил тэр тоглолтын урилга ирсэн. Харин оролцох эсэхээ сайн мэдэхгүй байна. Хорио, цээр тавигдвал явах байх.

-Дараагийн үзүүлбэрээ ирэх жил Тэрхийн цагаан нууран дээр хийхээр төлөвлөсөн гэлээ. Нуурын урт нь хэд вэ?

-Бид тодорхой шийдвэрт хүрч, судалгаа хийж амжаагүй байгаа. Хүмүүсийн аман яриагаар 200-400 метр юм билээ. Хэрвээ хийх нэгдсэн шийдвэрт хүрвэл зориглоод нууран дээгүүр алхана даа.

-Улсын баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх дээгүүр утас татаад, алхаж болох уу?

-Харин тийм ээ. Энэ чинь миний мөрөөдөл. Улсын баяр наадмын, нээлт, хаалтын аль нэгэн дээр үзүүлбэрээ хийх юмсан гэж боддог. Тэр болгон боломж олдох нь амаргүй байх. Зөвшөөрөл өгөхөөс гадна, баяр наадмын найруулагчийн найруулганд зохицох уу, үгүй юу гэдэг асуудал гарах байх.

-Наадмын комисс зөвшөөрөл өгөхгүй бол Улаанбаатарын хамгийн өндөр хоёр барилгын хооронд алхаж болно биз дээ?

-Энэ бүгдийг бодоогүй биш, бодож мөрөөдөөд явж байна. Хотын захиргаанаас зөвшөөрөл авна. Зөвшөөрөл авч чадвал, үзүүлбэр хийх үед аюулгүй байдлын үүднээс тухайн хоёр байшингийн доогуур ямар ч хүн явуулахгүй, хөдөлгөөнийг зогсоож, хамгаалалт гаргах ёстой. Энэ мэтчилэн олон зүйл шаардах болохоор зөвшөөрөл өгөхгүй байж магадгүй.

-Дэлхийд алдартай шидэх банзны үзүүлбэрийг хийдэг байсан юм уу?

-Тухайн үед сайн шиддэг шидэлтийн банз байгаагүй. Жил ирэх тусам циркийн урлагийн техник, хэрэгсэл хөгжөөд байна. Бидний үед одоогийнх шиг өндөр үзүүлэлттэй шидэх банз байгаагүй юм. Үсрэхийн хувьд бол одоогийн циркчдээс ялгаагүй л үсэрнэ. 1997 онд би дан тулгууртай хоёр эргэлттэй үзүүлбэрийг хийж байлаа. Шидэх банзаа өөрсдийн гараар хийсэн. Тулгууртай харайлтын актлагдсан хулсан тулгуурыг хөдөө сумын сургуулиудаас цуглуулан авчирч ашигласан. Бидний хийсэн тэр шидэх банз тухайн үедээ хамгийн сайн нь байсан. Одоо харахад инээдтэй юм байдаг.

-Та аль нутгийн уугуул вэ. Хэзээнээс циркийн урлагтай холбогдов?

-Манай аав Говь-Алтай аймгийн хүн. Харин ээж Хөвсгөл аймгийнх, би Улаанбаатарт төрсөн. Арван жилийн 82 дугаар дунд сургуулийн наймдугаар ангийг төгсөөд, циркийн жүжигчин болсон. Би циркийн сургуульд сураагүй. Циркийн тусгай сургалтыг төгссөн. 1991 онд цирк рүү орж, тулах тэнцвэрийн үзүүлбэр хийж эхэлсэн. Түүний дараа багш нарынхаа хүсэлт, зөвлөгөөг дагаж шидэх банзнаас үсрэх үзүүлбэрт шилжсэн. 1992 оноос циркийн дагалдан жүжигчнээр ажиллаж эхэлсэн. 1995 онд 16 настайдаа мэргэжлийн жүжигчний үнэмлэхийг гардан авч байлаа.

-Мэргэжлийн сургуульд сураагүй хүүхэд, яаж циркийн дагалдан жүжигчин болсон юм бэ?

-Би спортын гимнастикаар 1985 оноос эхлэн таван жил хичээллэсэн. Циркийн багш манай гимнастикийн дугуйланд ирээд, намайг сонгосон. Харин би цирк рүү орох тийм дуртай байгаагүй. Багш ээж, аав хоёртой ярилцаад, хүчээр шахуу намайг авсан.

-Гимнастикийн багш нь хэн бэ?

-Гимнастикийн ОУХМ Энхтүвшин, "жижиг" хэмээх Ганбаатар багш нарын шавь. Цирк рүү ороод Гончигийн Батбаатар багшийн шавь болсон.

-Улсын циркийн жүжигчнээр хэдэн он хүртэл ажиллав?

-1999 оны намар хүртэл ажиллаж байгаад, Франц Улс руу явсан. 2001-2002 он хүртэл Францын циркэд тоглож байгаад, 2002 онд Ведий Ноктой гэрээ хийж Швейцарт очиж ажилласан.

-Ямар ч хамгаалалтгүйгээр олсон дээгүүр явах үзүүлбэрээ хэзээ анх хийж эхэлсэн бэ?

-2002 оны нэгдүгээр сард Швейцарт очиж бэлтгэл хийж эхлээд 2005 онд анхны том хэмжээний фестивалийн “Галла” тоглолтод оролцсон. Надад санал тавьсан хүмүүс “Чи өндөрт олсон дээгүүр хамгаалалтгүй явах үзүүлбэр хийх үү. Чиний циркийн тоглолтод хийдэг үзүүлбэрээс аюултай, эрсдэлтэй санагдвал татгалзаж болно” гэсэн. Харин надад тэр санал нь гоё санагдсан учраас би зөвшөөрсөн.

-Тэр “Галла” шоу тоглолт дээр хэдэн метрийн өндөрт, ямар урттай олсон дээгүүр явав?

-15 метрийн өндөртэй кранаас өгсөн 30 метр өндөр краны хооронд татсан утсан дээгүүр явсан. Утасны урт нь 130 метр байсан.

-Өдрийн хэдэн цагийг бэлтгэлдээ зориулдаг вэ?

-Тоглолт, үзүүлбэр байхгүй үед өдөрт 2-3 цагийг бэлтгэлд зориулдаг. Фитнест явна. Өндөрт явж байгаа хүн өөрийн биеийг дийлэх чадал, бяр, тэнхээтэй байх ёстой. Хоол ундаа тааруулж идэх гээд нарийн зүйл бий. Үзүүлбэр хийх үе ойртсон үед бараг л утсан дээрээ амьдардаг. Утсан дээрээ алхахаас гадна амарна, унтана, гүйнэ, харайна, цагариг дундуур үсэрнэ, урагшаа, хойшоо хий эргэлт акробат эргэнэ, жонглёр хийнэ, дээс тоглоно гээд олон төрлийн циркийн үзүүлбэр хийж болдог.
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид