Улаанбаатар 1c

АН-Д АРДЧИЛЛАА ХАМГААЛАХ ХҮН БАЙНА УУ?

Цагтаа эрх баригч нам байж, төрийн эрхийг барьж, хамтарсан Засгийн газарт хэдэнтээ орж ажиллаж байсан Ардчилсан нам Ерөнхийлөгчийн оролцоотойгоор улс төрийн тавцан дахь гол тоглогчдын эгнээнээс сайн дураараа гарч байна. Ардчилсан хувьсгалаас хойших 30 жилд тус нам хэдэнтээ хуваагдаж, МҮАН, МСДН гэх зэрэг улс төрийн хүчин өрх тусгаарлаж байсан ч 2000 онд ардчиллаас салаалсан таван нам нэгдэж, өнөөгийн АН-ын өрхийг татаж байсан гэдэг.

Үүнээс хойш 20 жилийн дараа АН дахин задралын ирмэг дээр ирчихээд байна. Тус намд дотоод ардчилал, эвлэлдэн нэгдэх зарчим байхгүйн тод жишээг улс төрийн тавцанд энэ цаг үед гаргаж буй үйлдлүүдээс нь харж болно. Хоёр сонгууль дараалан хуугаараа ялагдсаны дараа АН-д ардчиллаа хамгаалж үлдэх лидерүүд нь үгээ хэлж, үзэл бодол, зарчмаа хамгаалахгүйгээр зайгаа барьж буй нь үлдэж хоцрогсдод дураараа дургих боломж олгов.

Өмнөх дарга С.Эрдэнэ нь “Манай нам фракцгүй болсон. Өмнө нь фракцуудынхаа зөрчлийг шийдэж чадалгүй, албан тушаалын хуваарилалт явагддаг байсан. Мөн Үндэсний бодлогын хороонд “салхи” оруулж, дотоод ардчилалтай болсон” хэмээн удаа дараа мэдэгдэж байсан юм. Гэвч түүний ярьсан шиг нөхцөл байдал дээрдсэнгүй. Харин ч фракцуудынх нь эрх ашиг дээд цэгтээ хүрч, түүний харьяалагддаг “Шонхор” фракц өөрсдөдөө илт давуу байдал олгож, нэр дэвшүүлэх ажиллагааг дангаараа дур мэдэн шийдсэн нь өнөөдөр парламентад 11-хэн суудал авахад хүргэсэн.

Өнгөрсөн гурван жил гаруй хугацаанд намаа удирдсан С.Эрдэнэ эв нэгдлийг хангаж ажиллаж чадаагүй учраас ийн сонгуулиар дүнгээ тавиулчихаад байгаа юм. Тэгвэл удахгүй орон нутгийн сонгууль болно. Энэ сонгуульд АН бүх хүчээ дайчлан оролцох ёстой байтал эзэнгүй айл шиг байгаа нь улс төрийн хоёр том намын нэг байх үүргээ гүйцэтгэж чадахгүй байгааг харуулж байна. Аймаг, нийслэл, дүүрэг, сумын засаг захиргааг удирдах төлөөлөгчид сонгогдох хариуцлагатай цаг хугацаанд тус нам тун хачин шийдвэр гаргасан нь зарим намтай эвсэж, сонгуульд оролцох байв. НИТХ-ын 45 төлөөлөгчөөс тэд 37-д нь хүнээ нэр дэвшүүлж, найман суудалд нь бусад намынхан “найрлана”.

АН-ын энэ шийдвэр Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан кампанит ажлынх нь нэг бололтой. Товчхондоо, АН орон нутгийн сонгуульд ялагдаж, бүх шатандаа сөрөг хүчин байх нь ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд АНаас нэр дэвшигчийг тодруулахад тун ашигтай хувилбар гэдгийг тус нам дахь МоАХ фракц хэдийн тооцоолжээ. Тиймдээ ч МАХН, ШИНЭ-тэй эвсэж, орон нутгийн сонгуульд оролцохоор холион, бантан хутгаж явна. МАХН бол УИХ-д нэг суудал авсан учраас шинэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ дэвшүүлж болно гэсэн үг. Иймд Ерөнхийлөгч Х.Баттулга тус намын дарга Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяртай хэд хэд уулзсан гэх мэдээлэл бий. Тэр бүү хэл, ТавантолгойЗүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай Ерөнхийлөгч танилцах үеэрээ Н.Энхбаяртай хамт явсан гэх мэдээ ч саяхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байв. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар Ерөнхийлөгч Х . Баттулгын зөвлөхөөр томилогдлоо гэх мэдээ хүртэл гарсан юм даг. Энэ бүхнээс үзвэл, Ерөнхийлөгч Х.Баттулга, Н.Энхбаяртай ойр ойрхон уулзаж, яриа хэлэлцээ өрнүүлж байгаа бололтой.

Харин ШИНЭ намын хувьд үүсгэн байгуулагчид болох Ж.Батзандан, Л.Болд нар АН-ын гишүүд байв. Л.Болдын хувьд АНаас УИХ-д дөрвөн удаа нэр дэвшиж, ялалт байгуулж байсан. Одоо Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж буй. Ж.Батзандангийн хувьд мөн л АН-аас хоёр удаа УИХ-д нэр д эвшиж, хууль тогтоох байгууллагын гишүүнээр ажилласан. Хэдийгээр ШИНЭ нам Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлэх эрхгүй ч АН-ыг орон нутгийн сонгуульд оролцох хүчийг сааруулах ажиллагаанд хүч нэмэн оролцож байгаа нь улс төрд өрнөж буй өнөөдрийн үйл явцаас харагдаж байна. Ердөө сар хүрэхгүйн өмнө нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж асан П.Пүрэвдаваа ажиллахаар болсон .

Тэрбээр өчигдөр намаасаа нэр дэвшигчдээ зарлах үеэрээ орон нутгийн сонгуульд олонх болвол “Нийтийн тээвэр, баян ядуугийн ялгаанд анхаарлаа хандуулна. Хотын түгжрэл дээд түвшинд хүрсэн. Нийтийн тээвэрт шинэчлэл хийнэ. Жишээлбэл, олон улсын жишгээр нийтийн тээврийг нийтээр нь үнэгүй болгоно. Энэ бол түгжрэлийг бууруулах гарц. Аюулгүй байдалд анхаарч, технологийн үйлчилгээг ашиглаж Улаанбаатар хотыг хөгжүүлнэ. Энэ талаар АН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан” хэмээн ярьсан юм. Түүний ярьснаар нийтийн тээврийн салбарыг тэр чигт нь үнэгүй болговол нийслэлийн төсөв ачааллаа даах уу гэх асуудал нэн тэргүүнд хөндөгдөнө.

Ямар ч тооцоо судалгаагүйгээр ийн ярих нь учир мэдэх хэрсүү сонгогчдын ундуйцлыг төрүүлэх нь дамжиггүй. Орон нутгийн сонгууль хаяанд ирсэн энэ үед АН хөл, толгойгоо олохгүй ийн бужигнацгааж байх. Энэ бужигнаанаас хожих нь Ерөнхийлөгчийн багийнхан байна. АН улс төрийн тавцанд гол дүр болж, дахин тайзнаа гарч ирэх хамгийн том эрх ашгаас илүүтэй ирэх оны Ерөнхийлөгчийн сонгууль л тэдний багийнханд чухал болжээ. Өнөөг хүртэл дэмжиж ирсэн дэмжигчид, үнэнч гишүүд нь гучдугаар асуудал болж, улс төрийн хоёр том намын хувьд үүрэлцэх ёстой ачаагаа үүрэхгүй, “сул” статустай байх нь АН-ын туйлын зорилго биш байлтай. Энэ намын төлөө сэтгэл зүрхээ зориулсан, зүтгэсэн, босголцсон, хөдөлмөрлөсөн лидерүүдээс нь ардчиллаа хамгаалж дуугарах эр зоригтон энэ цаг үед ховордчихоод байна. Ерөнхийлөгчийн “халаасанд” байдаг шүүх эрх мэдлийн хүч, зангараг тэдний зоригийг мохоох өдөр ирдэг юм санж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

Нийтлэлчид