Улаанбаатар 1c

НОМЫН ЦАГААН ГЭГЭЭНД ҮЙЛИЙН ҮР ҮРГЭХҮЙ

Навчис шаргалтсан гэгэлгэн өглөө гудамжаар хүмүүс яаруухан алхаж, автобус, машинууд алгуурхан урагшилна. Их хотын өглөө бүхэн ингэж эхэлдэг гэлтэй. Гагцхүү тэнгэрт гялалзах наран дэргэд байгаа мэт дулаан элчээрээ төөнүүлэх нь бүхний сэтгэлийг тайвшруулам. Явган хүний гарц дээр гэрлэн дохио хүлээн зогсох хүмүүс өглөөний наранд орой нь туяарч, салхины аясаар үл мэдэг намалзах моддыг ажин, бодлогошронгуй харагдана. Байгалийн гоо үзэсгэлэнгээс сэтгэлийн тайтгарал мэдэрч буй нь тэр биз ээ. Хэсэг хормын дараа гэрлэн дохио шилжихэд өнөөх шувуудын жиргээ, дэргэдэх хүний шивнээ ч сонсогдом нам гүм байдал замхран одно. Замын хоёр талаас хүүхдээ хөтөлсөн, хөгшин, залуу, яарч сандарсан хүмүүс “урсан” орж ирнэ. Тэрхүү нарийн зөрлөгт шүргэлцэх нь шүргэлцэж, зарим нь гишгэх зайгүй олон дундуур сүлжин гүйнэ.

Энэ бол Монгол Улсын их сургуулийн II байрны урд талын уулзвар. Их дээд сургууль олонтой хотын төв хэсэг болоод ч тэр үү тус уулзвар жилийн дөрвөн улиралд энэ мэт бужигнаж байдаг юм. Зам хөндлөн гармагц “Өргөө-2” кино театрын наахна Хөдөлмөрийн баатар, академич Базарын Ширэндэвийн хөшөө сүндэрлэн буй. Түүний хажууханд байрлах хүнсний мухлагийн үүдэнд нэгэн ахимаг насны эмэгтэй модон тавиур дээр өнгө өнгийн хавтастай ном өрж, тоосыг нь арчин тонголзоно.

Өглөөний нарнаас үдшийн бүрий хүртэл хэдэн номынхоо тоосыг зүлгэж, зав гарвал хуудсыг нь эргүүлж, номын хорхойтнуудтай хорвоогийн сонин сайханг хуучилсаар он цагийг элээж буй энэ эмэгтэйг Халтарын Ширэндэв гэдэг. Өнгөрсөн, өдгөөгийн хоёр Ширэндэв зэрэгцэн оршиж, орчлонгийн түмэн өнгө, баяр хөөр, ухаарал, харуусал, үргэлжлэлийн тухай үг хэлгүйгээр өгүүлэн буй нь энэ. Золгүй тохиолдлоор осолд орж, хөгжлийн бэрхшээлтэй болсон ч халамж горьдож гэрийн мухарт суугаагүй амьдрал хэмээх байшингийнхаа тоосго бүхнийг өөрийн хөлс хүчээр өрж, нааж яваа хөдөлмөрч эмэгтэйг “Эгэл амьдрал”-даа онцоллоо.

Номын худалдааны дэргэд очвол Х.Ширэндэв эмхэлж, цэгцлэх ажлаа дуусган ном дэлгэсэн тавцангийнхаа ар дах модон сандалд тухалжээ. Өдөржин суудаг болохоор сандлын тавцан болон түшлэг хэсэгт зөөлөвч хадсан харагдана. Их ажлын дараа түр амсхийн аяга кофе ууж суухдаа ч урд байгаа номыг нурууг тэгшилж, байр сэлгэн тавих зэргээр хэзээний ажилсаг зан нь цухалзана. Бор шаргал өнгийн саравчтай малгай дарж, цэнхэр өнгийн нэг удаагийн амны хаалт зүүн, гартаа хөх өнгийн даавуун бээлий өмссөн нь мартагдах шахсан хөл хорионы үед мөрдөх эрүүл ахуйн дэглэмийг зөрөн өнгөрөх хүн бүрд сурталчлах шиг. Ханцуйтай ногоон цамцны гадуур эрээн даашинз өмссөн нь түүнийг шаггүй ганган эмэгтэй гэдгийг илэрхийлнэ. Ийн орчныг ажин зогсохуйд “Өө балар аа. Ийм л хүн дээ би. Баахан зогсоочихлоо. Эгч нь сандал аваад ирье” гэсээр хажуугийн мухлаг руугаа оров. Төд удалгүй жижиг хуванцар сандал барьсаар гарч ирлээ. Ийнхүү бидний яриа эхлэв. Тэрбээр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын хүн ажээ. Нутаг усандаа нэртэй лам хүний охин бөгөөд өдгөө 65 насыг элээж буй. Үүний 30 шахам жилийг номын худалдаа эрхлэн өнгөрүүлжээ. Бурхны судар бичиг хойморт нь залаастай өргөөнд өсөж торнисныг нь тооцвол энэ насаа ном хэмээх гэгээн ертөнцөд зориулж буй гэлтэй. Түүнээс яагаад номын худалдаа эрхлэхээр шийдсэн тухай асуухад “1994 онд манайх хот руу шилжиж ирсэн юм. Тухайн үед тогтсон байр сууцгүй байлаа. Хөдөөнөөс ирсэн 40 гаруй насныханд ажил төрөл олдоц муу. Тэгээд амьдралаа залгуулахын тулд жижиг бизнес хийе гэж шийдсэн. Анх багшийн дээдийн урд даам зардаг байлаа. Тэр үеэс ганц нэг ном зарсаар сүүлдээ төрөлжсөн худалдаа эрхэлдэг болсон. Б.Ширэндэвийн хөшөөний дэргэд Х.Ширэндэв нүүж ирээд 14 жил болж байна даа. Миний нэрийг Энэтхэг Улсад манай улсаас анхлан Элчин сайдаар суусан н.Даваа гэж хүн өгсөн юм. Цог жавхлан гэсэн утгатай сайхан нэр. Ном зарна гэдэг бол зүгээр нэг арилжаа наймаа биш. Хүний оюун санаанд нөлөөлж, сайхан энерги өгдөг. Хүнд тайлбарлаж өгөхийн тулд тухайн номынхоо талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Үүний тулд уншина, судална. Унших тусам номонд дурлана” хэмээн ажлынхаа тухай сэтгэл дүүрэн өгүүлнэ.

Үр ачаа тойруулаад гэртээ налайж суух насан дээр жилийн дөрвөн улиралд халуунд халж, хүйтэнд хөрж өдөржин гадаа сууна гэдэг амар ажил биш. Гэхдээ амар хялбарыг хайж ажлаас хойш суух зан түүнд хэзээ ч байсангүй. Арван жилээ төгсмөгц Хүнсний техник мэргэжлийн сургуулийг Хүнсний технологич мэргэжлээр төгсжээ. Улмаар аймгийнхаа хүнсний үйлдвэрт ажиллан ажил хөдөлмөрийн амтанд шунах болсон гэнэ. Түүнийг ажилтан болоод удаагүй байхад буюу 1979 онд ээж нь бурхны оронд одсоноор таван дүүтэй эгчийн хариуцлага улам ихсэв. Гэсэн ч хичээнгүйлэн зүтгэсээр дүү нараа дээд боловсрол эзэмшүүлсэн хүчирхэг эгч. Энэ үеийнхээ тухай тэрбээр “Би хүнсний үйлдвэрт хоёр жил ажилласан. Энэ хугацаанд үүргээ сайн гүйцэтгэж Эвлэлийн төв хорооны “Ажилчин залуус” алтан медалиар шагнуулж, тэр медаль булган сүүлтэй байж ах дүү, хамаатан саданд шагнал дагуулсан нь бахархалтай сайхан санагддаг. Мөн би хамт олон дундаасаа амьдралынхаа ханийг олсон азтай эмэгтэй. Бид 19-хөн настай амьдралаа холбож байлаа.

Манай хүн Оросын Ленинград хотод төгсөж ирсэн урт үстэй, жинс өмссөн хачин сайхан залуу ирж байлаа даа” гэж хэлэхдээ сэтгэлдээ тэртээх өдрүүдийг нэхэн санах шиг харц нь гэрэлтэнэ. Өдгөө ч түүний хань цэмбийтэл хувцаслачихаад, нуруу цэх алхдаг наснаасаа залуу харагддаг ах бий. Өмнө нь ном авахаар хэдэнтээ очихдоо уулзаж, ярьснаар түүнийг эчнээ мэддэг болсон билээ. Х.Ширэндэв эгч амьдралын олон шуурганд бүдэрч унаагүйд ханийнх нь нөмөр нөөлөг их гэдэг нь гарцаагүй. Угаас амьдрал хэмээх тооныг хос баганаар түшдэг нь хорвоогийн жам. Тэгж гэмээнэ харанхуйн дундаас гэрэлтэж, хавцлын гүнээс халшрахгүй биз ээ.

Тэр зөвхөн хүнсний технологич байсангүй. Цэргийн ангид нягтлан хийж явсан сүүхээтэй хүүхэн. 1980 онд нөхөр Д.Лувсанжамц нь цэрэгт татагдсан нь тэдний амьдралын шинэчлэлт байв. Нөхөр нь цэрэгтээ үлдэж, Х.Ширэндэв Барилгын цэргийн удирдах газарт нягтлан бодогчийн курст сууж хоёул цэргийн хүн болох нь тэр. Тэдний жилийн цэргийн амьдрал Дорноговь аймгийн Зүүнбаян сумаас эхэлсэн бөгөөд арван оныг эх орны тусгаар тогтнолын төлөө зориулжээ. Х.Ширэндэв эгч “Цэргийн амьдрал сайхан шүү дээ. Нөхөр улс төрийн орлогч, би нярав, нягтлангаар ажилладаг байлаа. Тэр үед 1000 цэргийн карентин гэж болдог байсан. Эх орны хөвгүүдийн сүр жавхаа гэдэг огшмоор.

Цэрэгт ирсэн хүн төлөвшөөд, ажил хөдөлмөрт суралцаад гардаг. 1991 онд цэргийн мэргэжлийн хүн биш гэдэг шалтгаанаар манай хүн орон тооны цомхтголд орсон юм. Тэгээд манайх гэдэг айл хот бараадах болсон доо” хэмээн ярихад нь өндөр монхордуу хамар, шар царай, бага зэрэг сөөнгө хоолойтой нуруулаг дүүхэлзсэн цэргийн бүсгүй байсан болов уу гэж санагдана. Анх харахад жирийн л нэг ном зардаг эмэгтэй харин ярилцаад суух нь ээ өөртөө түмэн нууцыг багтаасан түүхийн судар мэт нууцлаг нэгэн байлаа.

ҮХЭЛТЭЙ ТЭМЦСЭН ЕСӨН САР

Х.Ширэндэв эгч ном үзэхээр ирсэн хэнбугайд ч босож үйлчилдэг аж. Хүн ирэнгүүт суудлаасаа босон харайж, сонирхсон ном бүрийг нь тайлбарлаж өгнө. Хэрвээ өөрт нь байхгүй бол байгаа газрыг нь зааж өгөөд явуулна. Дандаа л инээж, ойр хавийнхантайгаа яриа дэлгэж суудаг сайхан зантай эмэгтэйг дуртай ажлаа хийгээд, жаргаж суугаа нэгэн гэж харах хүн олон. Гэвч хүний амьдрал өнгө будаг нь алаглаж, хөг эгшиг нь ээлжилж байдаг хойно түүний амьдралд харанхуй нөмөрсөн гаслант өдрүүд цөөнгүй тохиожээ.

Тодруулбал, 2009 онд өвлийн нэгэн орой харьж явахад нь хаанаас ч юм хар хурдаараа гарч ирсэн машин түүнийг мөргөөд зугтаасан байна. Хүчтэй мөргүүлсний улмаас замын хажуу руу шидэгдсэн, ухаан алдаж орхиж. Жавар тачигнасан идэр есийн хүйтэнд ухаангүй хоцорсон тэрбээр хөдөлгөөнт эргүүлийнхнийг олоход хөлдчихсөн байсан гэнэ. Ийм нэгэн золгүй тохиолдлоор Х.Ширэндэв зүүн хөлийнхөө өвдөгнөөс доош хэсгийг тайруулжээ. Хэдэн номоо зараад, үр хүүхдийнхээ төлөө зүтгэж явсан эмэгтэй нэг л өдөр тахир, дутуу өрөөсөн хөлөө тайруулна гэдэг төсөөлөхөд ч бэрх байсан биз. Тэрбээр есөн сар гаруйг эмнэлгийн орон дээр өнгөрүүлж, энэлэн шаналахдаа “Ингэж байхаар үхчих юм сан гэж олон ч бодсон доо. Нэг удаа бага хүү маань “Та үхэж болохгүй шүү.

...Анх харахад жирийн л нэг ном зардаг эмэгтэй харин ярилцаад суух нь ээ өөртөө түмэн нууцыг багтаасан түүхийн судар мэт нууцлаг нэгэн байлаа...

Үр хүүхдийнхээ төлөө амьдрах хэрэгтэй. Ээж үгүй бол бид яах юм бэ” гэж хэлсэн нь надад маш их сэтгэлийн тэнхээ хайрласан” гэж ярихдаа урт урт санаа алдана. Тэгснээ “Муу ээж минь зовсон хүнд тусалж бай. Золбин нохой хооллож бай гэж сургадаг байсан юм. Өвдөж, зовохдоо л энэ үгний утгыг бүрэн гүйцэд ухаарсан. Би одоо энэ хавиар өнгөрөх нохой шувуу бүгдийг нь хооллодог. Ганц хэрэгтэй номоо авах гээд мөнгө нь хүрэхгүй байгаа хүнд байгаа мөнгөнд багтаагаад өгчихдөг юм. Угаас би ашиг хонжоо олж, хөрөнгө цуглуулах гэж ном зардаггүй. Авсан номоо таван төгрөг нэмээд хэр тааруухан зардаг” хэмээн үргэлжлүүлэн ярив. Үнэхээр ч биднийг ярилцан суух зуурт зарсан номны хамгийн үнэтэй нь найман мянган төгрөгийнх байсан юм.

Тэрбээр 2011 онд протез буюу хиймэл хөл хийлгэснээр тэргэнцэр дээрээс өндийж, таяггүй алхаж чаддаг болсон нь сэтгэлзүйн хувьд том дэвшил байсан гэнэ. Гэхдээ л хүний өөрийн эд эрхтэн биш болохоор өвдөнө, холгоно гээд асуудал их ээ. Х.Ширэндэв “Зургаан сар болоод нэг удаа протезоо солилуулдаг юм. Гэвч хүний мах бодь нар салхи үзэхгүй, төмөр дотор удаан байхаар хатаж жижгэрнэ. Тэр бүрийд дотуур нь юмаар ороож, жийрэглэж байгаад ороодог. Тэгэхээр үрэгдэнэ, хорсоно цаашлаад цоорно. Санаагаар болдог бол хоёр сар тутам соливол тохиромжтой юм шиг. Гэвч би 350 мянган төгрөгийн тэтгэвэртэй. Үүнээс 100 мянга нь эм тарианд урсчихдаг. Цаана нь байр, хоолны мөнгө гээд мөнгөний хэрэгцээ бишгүй. Гэтэл протез 600 мянган төгрөгийн үнэтэй. Тэгэхээр миний тэтгэвэр хаана нь ч хүрдэггүй. Энэ тал дээр төр загаас анхаараасай гэж бодох юм. Ийм зовлонтой өчнөөн хүн бий. Таараагүй протез шиг тамтай юм байхгүй. Гэхдээ шүд зуугаад ч болсон нааш ирж, номоо зарна шүү дээ” гэж ярина. Ажил голж, гэртээ хэвтэж байдаг хүн олширсон орчин цагт болгоё, бүтээе гэж зүтгэж яваа хүмүүсээ шаардлагатай зүйлээр нь дэмжих сэн.

СЭТГЭЛЭЭС ОЛСОН АЗ ЖАРГАЛ

Х.Ширэндэв осолд орсноос хойш өнөөдрийг хүртэл 15 удаа мэс засалд оржээ. Гэсэн ч тэр хэдэн номынхоо дэргэдээс холдсонгүй. Хөгжлийн бэрхшээлтэй болсон ч тэргэнцэр дээр суугаад номоо зарна. Суга таяг тулаад, автобус дамжаад хүрээд л ирнэ. Хүнд хэцүүгээс халшрах, өөрийгөө өрөвдөж, энхрийлэх тухай бодож ч амжихгүй арван жил өнгөрчээ. Олон удаа мэс засалд орж, эмнэлгээр явахдаа хашаа байшингаа зарсан тул өдгөө өвгөнтэйгөө түрээсийн байранд суудаг гэнэ. “Би үр хүүхэд, ах дүүгээ зовоохгүй амьдрах юм сан гэж хичээдэг. Тэртээ тэргүй өнгөрсөн хугацаанд намайг хөл дээр минь босгох гэж байдгаа шавхсан хүмүүс. Тэд маань ч гэсэн амьдралтай шүү дээ. Хэдэн номтойгоо байхад болно доо. Өглөө өвгөн маань ирж ном өрөх, ширээ, тавцан дэлгэх ажилд тусалдаг юм.

Хоёул ээлжилж номоо зарна. Ажилгүй гэрт суухаар бухимдаад байх юм билээ. Бага байхад аав, ээж минь босож ажил хий гээд хэвтүүлдэггүй байсан. Тэрхүү сургаалын хүчинд л өнөөдөр хүний дайтай явна. Хэрвээ өвдөөд байна гээд гэрийн мухарт хэвтээд байвал хэн надад туслах юм. Гар хөдөлж л байвал амьдрал урагшилна. Ер нь тэгээд хэдэн номтойгоо байхад болно доо. Монголчууд оюунлаг ард түмэн. Номонд хайртай хүмүүсийн сайхан сэтгэл,худалдан авалт намайг энэ гучин жилд газардуулсангүй. Хүн хувь тавиландаа талархаж явах хэрэгтэй” хэмээн үнэн сэтгэлийн угаас ярина. Түүнчлэн “Уг нь эмнэлэгт хүргээд өгчихсөн бол би хөлдөхгүй л байсан. Гэхдээ яах вэ. Айж сандраа биз. Ганц олдох амьдралаа хүнд хорсож, хүнийг гомдоохгүй явах сан. Хүний амьдрал богинохон шүү дээ” гэж өөрийг нь мөнхийн өвдөлт, шаналалд унагаасан хүмүүсийг уучлан ярих нь аргагүй маань мэгзэм хөглөж, буян номын дуу цуурайтсан айлын охин гэдгийг нь илтгэх шиг.

Бусдад зовлон тоочдоггүй болохоор түүнийг хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг асуухаас нааш мэдэх аргагүй юм билээ. Тэр тийм л эрч хүчтэй эмэгтэй. Номын тухай яриа дэлгэвэл сэтгэл нь сэргэчихдэг. Амьдрал, мөн чанарын тухай ярихаар харц нь зөөлөрчихдөг бодь нэгэн. Хэзээ ч билээ сонссон “Сэтгэл нь сайхан хүний дуу чанга байдаг” байдаг гэдэг үгийг санагдуулам сөөнгө хэрнээ чанга хоолойтой Х.Ширэндэв эгчтэй элдвийг хөөрөлдөн суух хачин сайхан. Тэрбээр хиймэл хөл рүүгээ зааж “Би үргэлж хөлөндөө намайг алхуулж, олонтойгоо бужигнах боломж олгож байгаад баярлалаа гэж хэлж, илдэг юм. Би өдийд хэвтэрт эсвэл нөгөө ертөнцөд байж болох байлаа.

Хүний ертөнцөд амьдрахаас илүү сайхан зүйл байдаггүй юм шиг. Магад би аль нэг насныхаа үйлийн үрээр осолд орсон ч юм билүү. Гэхдээ хүнд буруу санаж, мууг үйлдэж яваагүй болохоор хөл дээрээ босож чадсан байх. Хүн амьдралын мөн чанар аз жаргалын тухай хожуу ухаардаг юм байна” хэмээн ярих нь бодолд дарагдуулам. Гэвч миний дараагийн уулзалтын цаг болсон тул амтат яриагаа дуусгахаас аргагүйд хүрлээ. Тавцан дээр эгнүүлэн дэлгэсэн хавтасных өнгө будаг ялгарсан шинэхэн товхимол, хуудас нь шаргалтсан зузаан туурвилууд он цагийн хэлхээсийг санагдуулам. Х.Ширэндэв үргэлж эрдэм номын тухай яриа өрнөж байдаг орон зайдаа торойсоор хоцорлоо. Үзэх нь ээ ганцаар суух мэт боловч үнэндээ тэр дэндүү олуулаа. Уншсан ном бүрийнхээ дотроос нэг чухлыг өөртөө үлдээж, худалдсан ном бүрдээ энэрэл, хайр шингээн бэлэглэх баян хүн. Номын цагаан жимээр даган алхсан амьдралын зам нь дардан байг ээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид