Улаанбаатар 1c

Б.Хос-Эрдэнэ: Чингисийн монголчууд сэрүүн байна гэж хэлсэн нь урам өгсөн

Практик буудлагын спорт манай улсад 2010 оноос хойш хөгжиж байгаа ч тамирчид дэлхийн аварга, олон улсын тэмцээнд тогтмол амжилттай оролцож иржээ. Тэдний нэг Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Галт зэвсгийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа, ОУХМ Б.Хос-Эрдэнэтэй ярилцлаа.

-Практик буудлага манай улсад арай хожуу үүссэн юм байна. Холбоо нь хэзээнээс тогтмол үйл ажиллагаа явуулж, олон улсын тэмцээн зохион явуулсан бэ?

-Олон улсын практик буудлагын холбоо 1976 онд байгуулагдсан цагаасаа тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа. Харин Монголын практик буудлагын холбоог 2010 онд ОУХМ Д.Наранбат, одоогийн Хамгаалалтын Буудлагын холбооны ерөнхийлөгч ОУХМ А.Мөнхбат, Цагдаа олон нийтийн сургалтын төвийн дэд дарга дэд хурандаа ОУХМ н.Дашдэмбэрэл нар санаачлан байгуулсан. Анх олон улсын “Mongolia open” тэмцээнийг 2013 онд зохион явуулахад Казакстан, Хонконг, Сингапур, ОХУ, Монгол зэрэг долоон орны 50 гаруй тамирчин оролцсон өрсөлдөөнтэй тэмцээн болж байв. Түүнээс хойш “Mongolia open” тэмцээнийг жил бүр тогтмол зохион байгуулж байна. Мөн дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг” тэмцээн, “5.11” брэндийн нэрэмжит, 2019 оноос “Mongolian Steppe” олон улсын тэмцээнийг зохион байгуулж байна. Энэ жил цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад олон улсын чанартай тэмцээнүүд хараахан зохиогдоогүй байна.

Яагаад энэ спортоор хичээллэх болов. Галт зэвсэг гэхээр ажил мэргэжилтэй тань холбоотой байх. Танай байгууллагаас өөр тамирчид хичээллэдэг үү?

-Манай байгууллага эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг илрүүлж, бэхжүүлж авах, ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргадаг. Тэр тусмаа манай галт зэвсгийн шинжилгээний лаборатори галт зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг, зөрчил маргаанд шинжилгээ хийж дүгнэлт магадлагаа гаргадаг. Нарийн шинжилгээг хийхийн тулд галт зэвсгийн бүтэц техник үзүүлэлтийг сайн эзэмшсэн, аюулгүй ажиллагааг өөртөө дадал болгосон байх ёстой байдаг. Мэргэжлийнхээ дагуу болохоор өөрийн эрхгүй л энэ спорт руу хөтлөгдөж орсон. Манай Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнд практик буудлагаар хичээллэдэг залуус байдаг. Яг манай байгууллага “Forensics”, “Ballistic” гэсэн хоёр багтай, Спортын мастер цолтой гурван ч тамирчин бий. Монголд зохиогдсон анхны тэмцээнээс эхлээд бүгдэд нь амжилттай оролцож, ур чадвараа дээшлүүлж ирлээ. Монголын анхны багуудын нэг л дээ.

-Практик буудлага бусад буудлагын төрлөөс ялгарах онцлог нь юу вэ?

-Практик буудлагын спорт нь гар буу, карбин, урт буу, хийн гар буу гэсэн төрөлтэй. Олимпын төрөл болох үндсэн буудлага нь тогтоол буудлага буюу нэг гар дээрээсээ нарийвчлалтай буудахыг шаарддаг. Харин манайд бол хурдтайгаар, аль болох сайн онохыг чухалчилна. Дасгалыг гүйцэтгэх явцад цуглуулсан оноог зарцуулсан хугацаанд хувааж тооцдог. Тэгэхээр тамирчнаас илүү хүч, ур чадвар шаардана. Гол зорилго нь хүнийг галт зэвсгийг аюулгүй эзэмшихэд сургахад оршино. Галт зэвсгээр тогтмол хичээллэж байгаа миний мэдэхийн 200 гаруй хүн бий. Практик буудлага нь цэвэр спорт талдаа, хамгаалалтын буудлага цэргийн тактик талдаа ч хоёулаа үндсэн дүрэм нь адилхан.

Тухайн үед ОХУын Практик буудлагын холбооны ерөнхийлөгч “Та нар сайн байна. Нүдэн дээр өсөж дэвжжээ”, мөн Батлан хамгаалахын сайд С.К. Шойгу “Чингисийн монголчууд унтаагүй, сэрүүн байна гэдгийг та нар үзүүллээ. Баярлалаа гэж” хэлж байсан. Тийм урмын үг сонсох сайхан байдаг юм билээ.

-Энэ спортоор түлхүү ямар хүмүүс хичээллэх сонирхолтой байдаг вэ. Анхлан суралцагчид ямар төрлөөр хичээллэвэл зүгээр бол?

-Буу, галт зэвсэгт дуртай хүмүүс хичээллэж байгаа нь анзаарагддаг. Техникийн спорт хөрөнгө мөнгө их шаардана. Нэг ширхэг сум нь 1500 төгрөг байдаг. Дасгалыг өөрийн болгохын тулд дор хаяж 3000 удаа бууддаг. Санхүүгийн хувьд арай хямд гэвэл эйкшн эйр буюу хийн гар бууны төрөл байдаг. Тэр нь зааланд бууддаг жинхэнэ буутайгаа адилхан ч, үрлэн сумаар бууддагаараа ялгаатай. Энэ төрлөөр хүүхэд, эмэгтэйчүүд түлхүү хичээллэх болсон. Галт зэвсгээр буудах сонирхолтой хүмүүст эхлээд зардал нь бага хийн гар буугаар хичээллэхийг зөвлөдөг. Үндсэн зарчим, техникээ сурчихвал дараа нь практик буудлагаараа хичээллэхэд арай хялбар болов уу. Бид аюулгүй байдлаа хамгаалж чихэвч, нүдний шил зүүдэг бол тэд чихэвчгүй, нүдний шил зүүдгээрээ ялгаатай.

-Тэмцээн дээр баримталдаг зарчмын хамгийн чухал нь юу вэ?

-Аливаа дасгалыг хурдан хийж гүйцэтгэхийн тулд байнгын дадал чухал. Буудахгүйгээр, техникээ олон удаа давтахыг бид “хуурай дасгал” гэж нэрлэдэг. Бэлэн байдлын гурван түвшин байдаг. Тэмцээнд тухайн дасгалыг бэлэн байдлын аль түвшнээр гүйцэтгэхийг тодорхой заана. Анхны буудалт хурдтай байх ёстой. Тэгэхээр бүх буудагч адил хийнэ гэсэн үг. Тэмцээний буудалт болгоны дараа буугаа цэвэрлэхгүй бол гацаад ажиллахаа болино. Бэлэн байдлын гурван түвшнээс гадна аюулгүй ажиллагааны дөрвөн зарчим баримтална. Нэгт галт зэвсэгтэй хэзээд цэнэгтэй мэт харьцана, хоёрт буудахыг хүсээгүй цагт галт зэвсгийг чиглүүлэхгүй, гуравт буудахын өмнө байны орчин тойрныг үргэлж хянана, дөрөвт байны буудлага үйлдэхээс бусад үед гохонд хуруу хүргэхгүй. Энэ ажиллагааны зарчмаа сайн баримталдаг учраас хаана ч санамсаргүйгээр осол гаргаж байгаагүй.

-Тэмцээн бүрд гүйцэтгэх дасгал, оролцох хэлбэр адил байдаг уу?

-Баг нь дөрвөн гишүүнээс бүрдэнэ. Багийн гишүүдийн оноог ганцаарчилсан болон багийн нийлбэр дүнгээр байр эзлүүлдэг. Бусад спортууд рекорд, зохиогдох хэлбэр нь тогтсон байдаг. Харин манай практик буудлага бол тэмцээн болгон дээр буудах дасгал нь шинээр зохиогддог. Олон улсын хоёрдугаар зэргийн тэмцээн гэхэд л 12 буудлагын талбайтай, өөр өөр дасгалтай. Ямар нэгэн тэмцээн зохиох үед стейж дасгалуудаа боловсруулаад дасгалаа олон улсын практик буудлагын холбоо руу явуулаад тэр дасгалуудыг нь зөвшөөрч бүртгэсний дараа зохиогдоно. Тэгэхээр хамгийн шударга спорт гэж хэлж болно.

-Хүчний байгууллагуудын алба хаагчид энэ спортоор түлхүү хичээллэх нь ажил үүрэгт нь ур чадвар болдог байх?

-Энэ спорт хөгжсөнөөр үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын галт зэвсэгтэй харьцах ур чадвар дээшилсэн. Өөрөөр хэлбэл, гадаадын энэ албаныхны ур чадвар, дасгалын гүйцэтгэлтэй дутахааргүй болсон. Жил бүр Ерөнхий сайдын нэрэмжит тэмцээн хүртэл зохиогдож байна.

-Галт зэвсгийн спорт болохоор аюулгүй ажиллагааны дүрэм сайн баримтлах ёстой байх. Тэмцээний үеэр техник хэрэгсэлд гэнэтийн саатал гарахад ямар арга хэмжээ авдаг вэ?

-Байн дээр сум буухдаа эргэж ойж, нүд гэмтээх аюултай. Тийм учраас бүх төрөл дээр хамгаалалтын нүдний шил зүүдэг. Чихэвчний хувьд шүүгчийн яриа, өөрийн яриа сонсогддог ч, буудлагын чанга дууг хаадаг. Тэмцээн гадаа болдог болохоор шороон шуургатай үед спортын буу гацах тохиолдол гарна. Ийм үед “Болъё дахиад буудъя” гэж болохгүй. Шууд л бууныхаа гацааг гаргах арга хэмжээг яаралтай авж, үргэлжлүүлэх ёстой. Буугаа үргэлж бэлэн байлгаж гацаахгүй байх нь буудагчийн үүрэг учраас энэ дасгалаа дахиад буудъя гэж болохгүй тэр дасгал нь дүн буураад л явна даа. Түүнээс гадна цаасан байн дээр онооны түвшин байгаа. Голынх нь тав, гаднах нь гурав, захынх нь нэг оноо. Нэг буудаад арван оноогоо авах ёстой. Онохгүй бол хасах оноо авдаг. Наана нь буудаж болохгүй бай гэж байгаа. Хоёр сум гаргаад нэг нь таван оноо аваад, нөгөө нь онож болохгүй бай руу онолоо гэж бодоход оноогүй болдог.

-Улаанбаатар хотод практик буудлагын төрөл хөгжиж байгаа юм байна. Орон нутагт ямар байгаа бол?

-Аймгуудад практик буудлага бараг хөгжөөгүй. Цэц буудлагаараа түлхүү хичээллэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн орон нутагт буудлагын спорт хөгжүүлэх зарлиг гарсан. Өөрөөр хэлбэл, аймгийн цэргийн ангиуд иргэдэд галт зэвсэгт сургана гэсэн үг. Түүнээс үүдээд орон нутагт тэмцээн зохиодог болчхоод байгаа юм. Харин практик буудлагын тэмцээнийг Орхон, Өмнөговь аймаг зохиож байна.

-2017 онд ОХУ-д болсон дэлхийн аваргын тэмцээнд манай улсаас явсан багууд бүгд медальтай ирсэн байсан. Манай тамирчдад ямар давуу тал байна гэж хардаг вэ?

-Москвад болсон практик буудлагын карбины олон төрөлт тэмцээнд эрэгтэй гурав, эмэгтэй хоёр баг оролцсон. 47 орны 850 гаруй тамирчин оролцсон тус тэмцээнд манай улсаас явсан багууд бүгд хүрэл медаль хүртсэн. Буу, галт зэвсгийн квотыг Хууль зүйн дотоод хэргийн яамны салбар комиссын зөвшөөрлөөр олгодог. Тэр үед зөвшөөрөл оройтоод бид бэлтгэлийн сумгүй, боломжоороо хуурай дасгал хийж байсан. Тэгэхэд Казахстан улс нэг тамирчиндаа сарын бэлтгэлд нь 30.000 сум өгч байв. Явахын өмнө баг нь бүрдэхгүй байсан эмэгтэйчүүд хүрэл медалийн болзол биелүүлсэн нь үнэхээр боломж байгааг харуулсан.

-Хилээр буу, зэвсгээ тээвэрлэхэд хүндрэл гардаг уу?

-Тэр Москвад болсон тэмцээнд өөрсдийнхөө галт зэвсгийг авч явахад хүндрэлтэй байсан учраас орхисон. Тэгэхэд “Калашиков” галт зэвсгийн үйлдвэр биднийг ивээн тэтгэж, үйлдвэрийнхээ ш и н э буунуудыг өгсөн. Үйлдвэрээс гарсан шинэ бууг овоо харааг тусгалд нь оруулж, янзалж орж байв. Бусад орны тамирчид өөрсдийнхөө бууг тоноглож илүү зөөлөн, найдвартай бууддаг болгодог. Тухайн үед ОХУын Практик буудлагын холбооны ерөнхийлөгч “Та нар сайн байна. Нүдэн дээр өсөж дэвжжээ”, мөн Батлан хамгаалахын сайд С.К. Шойгу “Чингисийн монголчууд унтаагүй, сэрүүн байна гэдгийг та нар үзүүллээ. Баярлалаа гэж” хэлж байсан. Тийм урмын үг сонсох сайхан байдаг юм билээ.

-Тус тэмцээнд бусад орон яаж оролцсон бэ?

-Хятад улс холбоогоо байгуулах гээд хүмүүс нь ажиглагчаар оролцож байсан үе. Бид дараа нь 2018 онд Хятадад цагдаагийн дэлхийн аваргад очиход холбоогоо байгуулаад, буудлагын талбайтай болчихсон байсан. Нэг жилийн дотор дэлхийн аварга зохион явуулж байгаа нь хурдацтай хөгжиж буйгийн илрэл. Өмнөд Солонгос бас хувь хүмүүс хуулиараа галт зэвсэг эзэмшдэггүй. Гэхдээ холбоогоо байгуулчихаад манайд ирж сургалт аваад, багш дасгалжуулагч, шүүгчээ бэлдэж байна. Айрсофт төрлөөрөө улсдаа тэмцээнээ зохиогоод явж байгаа.

-Дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг” тэмцээн өргөн цар хүрээтэй болдог юм билээ. Зөвхөн тусгай албадын дунд зохиогддог уу?

-Монголын Практик буудлагын холбоо, Зэвсэгт Хүчний 084-р анги жил бүр хамтран Дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг” тэмцээнийг зохион байгуулдаг. Тус тэмцээн тусгай албадын дунд зохион байгуулагддаг бөгөөд 2016 онд МПБХ-ны гишүүд, тамирчид оролцож, тэмцээний дүнг тусгай албад болон МПБХ-ны гишүүд гэсэн хоёр ангиллаар шалгаруулсан юм. Тэр тэмцээнд манайх тогтмол амжилттай оролцдог.

-Сум, хэрэгсэл зардал ихтэй байдаг юм байна. Төсвөө хэмнэх боломж байдаг уу?

-Зарим орны тамирчид буудсан хонгиогоо авч угаагаад, сумаа өөрсдөө гараараа хийдэг. Ингэхээр зардал нь бага болно. ОХУ-д сум 10 рублийн үнэтэй байгаа нь манайхаас хямд. Дарины хэмжээг өөрийнхөө буудалтад зориулж хийдэг. Гэхдээ хэмжээг хэт багасгаж болохгүй. Яагаад гэвэл олон улсын тэмцээнд сумны жин, хурдыг нь хэмжиж үзээд аль ангилал руу оруулахыг заадаг. Манайд хууль эрх зүйн зүйн орчин нь бүрдээгүй ч, хэрвээ хийж болдог бол зардал хэмнэгдэнэ. Химийн үйлдвэр хөгжөөгүй учраас энэ нь ч болоогүй байх. Ер нь Монгол Улс өөрсдөө сумаа үйлдвэрлэдэг, гадагшаа мөнгө урсах биш дотооддоо эргэлддэг л байх хэрэгтэй. Айрсофт 4000 ширхэгтэй сум нь 15 мянга, газ нь 50 мянга, буу нь 800 мянгаас нэг сая төгрөгийн үнэтэй. Харин практик буудлагын буу нь хамгийн хямд нь 2.5 саяас эхэлдэг. Хүрээлэнгийн захирал удирдлагуудаас биднийг дэмждэг. Тийм учраас бид тогтмол хичээллэж, амжилтаа ахиулж байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид