Улаанбаатар 1c

Г.Дамдинням: Бид боловсролын тэгш бус байдлыг арилгахын төлөө явж байна

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай ярилцлаа.

-Шинэ бүрдсэн парламентад 10 орчим лобби бүлэг байгуулагдлаа. Та нэр бүхий гишүүдийн хамт “ К е м б р и ж и й н х ө т ө л б ө р ” хэрэгжүүлэхийг дэмжих лобби бүлэг байгуулжээ. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдгээс үүдэж нийгэмд нэлээд маргаан өрнөж байна. Манай уншигчдад дээрх хөтөлбөрийн талаар цэгцтэй мэдээлэл өгөхгүй юү?

-Лобби бүлэг бол парламентад байдаг бүтэц. Манай бүлэг тодорхой ажлууд хийж эхэлсэн. Энэ нь түрүүчээсээ нийгэмд маргаан дагуулж байх шиг байна. Кембрижийн хөтөлбөрийг ярихаар зөрүүтэй ойлголт гарч ирдэг. Ер нь бол, боловсролын үндэсний хөтөлбөрөө кембрижийнхтэй дүйцэхүйц болгоё л гэж байгаа юм. Монгол Улс хөгжье гэвэл боловролын чанараа сайжруулах ёстой. Би Дарханы гэр хороололд өссөн, ажилчин ангийн төлөөллийн хүүхэд. Аав жолооч, ээж тогоочоор ажилладаг байв. Олон улсад өрсөлдөх хэмжээний боловсрол эзэмшсэн монгол залуус ирээдүйд ажил, амьдралаа өөрөө авч яваад, улсдаа татвараа төлөөд, ажлын байр олноор бий болгоно. Өнгөрсөн 30 жилд бид боловсролын салбарт дотоодын үндэсний хөтөлбөртэй болох гэж үзсэн. Энэ хүрээнд маш олон туршилт хийсэн. Үр дүнд нь хүүхдүүд хохирч үлддэг. Тэдний нэг нь би. Биднийг сургуульд ороход монгол бичиг гурван жил заасан. Дараа нь крилл үсэг гэх мэтээр явсан. Энэ мэтээр зөвлөлт маягийн боловсролын тогтолцоогоор 30 жил явсан учраас одоо сайныг нь аваад, цаашдаа хэрэгжүүлээд явмаар байна. Бид нэн даруй орчин үеийн боловролын тогтолцоонд шилжихгүй бол шинжлэх ухааны өргөн мэдлэгтэй хэр нь түүнийгээ ашиглаж чаддаггүй болж эхэлсэн. Манай боловсролын чанар унаад байна гэдэг. Яг үнэндээ боловсролын салбар хүүхдүүдэд асар их мэдээлэл өгдөг ч түүнийг амьдралд хэрэгжүүлэх тал дээр хангалтгүй байна. Зөвлөлт маягийн боловсролын тогтолцооны сул тал нь энэ. Сургуулиас хүүхэд мэдлэг олж аваад, түүнийгээ гүнзгийрүүлж, амьдралд хэрэгжүүлж сураад, төгсөх ёстой. Энэ чиглэлд боловсролын агуулга явах шаардлага байсаар ирсэн

-Тэгэхээр боловсролын хөтөлбөрийг яаж өөрчилж байж, үндэсний онцлогт тохирсон болох юм?

-Ирээдүйн монгол орныг залуус яаж авч явах вэ гэдэг асуудлыг бид яриад байгаа юм. Дэлхийтэй, олон улстай өрсөлдөхийн тулд тэр хичээлийн агуулга, программ, стандартыг үзсэн байх ёстой. Ингэж байж, ирээдүйн монголчууд олон улстай өрсөлдөнө. Кембрижийг яагаад сонгох болсон вэ гэхээр, хамгийн олон оронд нэвтэрсэн, үндэсний онцлогийг нь авч болдог, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр юм. Дэлхийн 160 гаруй оронд нэвтэрсэн , хэрэгжүүлсэн орон бүрийнхээ боловсролын тогтолцоог дээш ахиулсан хөтөлбөр л дөө. Дутуу мэдээлэлтэйгээс болж, зарим хүн олон нийтэд буруу ойлголт мэдээлэл өгч байна.

-Улс орон бүр өөрсдийнхөө үндэсний онцлогийг шингээнэ гэж та хэллээ. Тухайлбал, манайх ямар онцлогийг шингээх вэ?

-Кембрижийн хөтөлбөрийг маш энгийн үгээр хэлье. Энэ хөтөлбөрийг хүүхдүүд VI , IX ангиасаа үзэж эхэлнэ. Тэр хүртлээ монгол хэлээрээ бүх хичээлээ үзээд явна. ЕБС-ийн I-XII анги хүртэл бүх хичээлийг монгол хэлээр заана. Харин нэмэлтээр дунд болон ахлах ангид нь зөвхөн шинжлэх ухааны хичээлүүд англи хэлээр орох юм. Шинжлэх ухааны хичээл гэдэгт математик, физик, хими, газарзүй орно.

Монголын түүх, монгол хэл, уран зохиолын хичээл эх хэлээрээ ороод явна. Одоо манайд явж байгаа тогтолцоогоор хүүхдүүд V ангиасаа гадаад хэл үздэг. Энэ жишиг хэвээрээ байна. Ийм байхад эвэртэй туулай үзсэн мэт гайхаад байх зүйлгүй. Дараагийн нэг зүйл нь, монгол хүн биш болгоно гэх маргаан, яриаг их мэдэгчид нийгэмд гаргаж байна. Гэтэл дэлхий дээр монгол, хятад, америк математик гэж байхгүй. Пифагорын теорем дэлхийн бүх улсад байна. Эйнштейны харьцангуй онолыг мөн л бүх улсад зааж байгаа. Дунд, ахлах ангиас нь шинжлэх ухааны хичээлийг англи хэл дээр зааж, олон улсад өрсөлдөх чадвартай хүүхдүүдээ олноор бэлтгэе л гэж байгаа юм.

-Энэ хөтөлбөрийг хэчнээн сургуульд хэрэгжүүлэх юм. Бүх сургуульд хэрэгжүүлэхэд хөрөнгө мөнгө, багшлах боловсон хүчинг бэлтгэхээс эхлээд зардал их орох учраас үе шаттай хэрэгжүүлэх болов уу?

-Эхний ээлжинд аймаг, дүүрэг бүрт тус бүр нэг сургуульд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд хамгийн багадаа 30, ихдээ 60 сургуульд нэвтрүүлнэ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа сургуулийн багш нар чадвараа зэргэлдээ сургуультайгаа хуваалцаад явах ёстой гэж үзэж байгаа. Ингэснээр кембрижийн хөтөлбөртэй дүйцэхүйц үндэсний боловсролын тогтолцоо , системтэй болно гэж бид харсан.

- Дөрвөн жилд 30-60 сургуульд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой юу. Багш боловсон хүчнийг яаж бэлтгэх юм. Хөрөнгө санхүүгийн асуудлыг нь хэрхэн шийдэх вэ?

-Хүн бүр сургалтын чанар, багшийн цалин, багш бэлтгэдэг тогтолцоог сайжруулахыг хүсэж байгаа. Кембрижийн тогтолцоотой сургуульд хичээл заадаг багш нар 50 хувийн нэмэгдэлтэй байдаг. Тэгэхээр багш нарын цалинг нэмэх бодлого явуулна. Хоёрдугаарт, боловсролын чанар сайжруулах бодлого хэрэгжинэ гэсэн үг. Бид боловсролд зардал гаргах ёстой. Үр ашиггүй зардал бид маш их гаргаж байна шүү дээ. Ирэх дөрвөн жилд 200 сургууль барина, хүртээмжийн асуудлыг шийднэ гэж байгаа. Тэгвэл үүнтэй зэрэгцээд боловсролын чанарыг авч явах ёстой. Багш бэлтгэж байсан түүх бидэнд бий. 2010 онд кембрижийн хөтөлбөртэй гурван сургууль байгуулагдсан. Жилийн дотор бүх багш нараа бэлдэж байсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ бид багш нараа үе шаттай бэлдэнэ. Хөгжил гэдэг том хөтөлбөр өмнөө тавьж байгаа бол боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийхээс өөр аргагүй.

-Хэдий хэмжээний зардал гарах тооцоо хийсэн бэ. Багшийг үе шаттай бэлтгэнэ гэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ багшлах боловсон хүчин бэлтгэдэг сургуулиуд төдийлэн сайн биш байх шиг. Ялангуяа, бага боловсролын багш нарт олгож буй боловсрол хангалтгүй байна шүү дээ?

-Нэг сургуулийн багш нарыг мэргэшүүлэхэд нэг тэрбум орчим төгрөгийн зардал гарахаар тооцоо, судалгаа ярьж байна. Нэгдүгээрт, хөтөлбөрийн шинэчлэл . Хоёрдугаарт, хөтөлбөрөө дагаж гарах сурах бичгийн шинэчлэл. Гуравдугаарт, хөтөлбөр, сурах бичиг хоёрыг бариад хичээл заах багш бэлтгэх шинэчлэл. Өөрөөр хэлбэл, МУБИС-ийн хичээлийн хөтөлбөр, агуулгыг сайжруулах асуудал яригдана гэсэн үг. Дөрөвдүгээрт, сурагчийг үнэлэх үнэлгээний аргачлалын шинэчлэл, тавдугаарт, сургуулийг удирдаж байгаа менежментын асуудал яригдана. Тухайн сургуулийг олон улсын хөтөлбөрийн дагуу удирдаж чадаж байна уу, үгүй юу гэдэг менежментын асуудал гарч ирнэ. Ийм таван чиглэлд бүрэн шинэчлэл хийнэ. Боломжтой гэж харж байгаа. Багшаар элсэх оюутнуудад хөшүүрэг бий болгох ёстой. Тэд төгсөөд гараад ирэхэд, цалин нь өдөр байх хэрэгтэй. Орон сууц, автомашины зээл авахад хөнгөлөлттэй өгдөг болох ёстой. Энэ мэтчилэн багшийн үнэмлэмжийг өсгөхөд бид ийм олон зүйлийг цогцоор нь авч үзэх ёстой юм.

-Кембрижийн хөтөлбөр хэрэгжээд эхлэхээр боловсролын тэгш бус байдлыг улам гааруулна гэж үзэх хүмүүс байна лээ. Энэ тухайд?

-Үгүй. Харин ч тэгш бус байдлыг арилгах гэж байгаа. Өнөөдөр харин ч орл огын ялгаагаараа тэгш бус байдал нийгэмд хэдийн үүсчихээд байна. Мөнгөтэй хүмүүс нь төлбөрийг нь төлөөд, хүүхдүүдэдээ англи хэлээр кембрижийн стандартаар хичээл заадаг сургуулиудад сургадаг болсон. Одоо ийм хөтөлбөртэй хувийн 18 сургууль байна. Олон улсын хөтөлбөрөөр сураад гараад ирсэн хүүхэдтэй Дарханы толгойтын дунд сургууль төгссөн хүүхэд өрсөлдөх үү. Ямар ч боломжгүй. Тэгэхээр монголын төр гэж байгаа бол олон улсын стандартын хөтөлбөрийг явуулж, нутагшуулж, ардын хүүхдийг сургах ёстой. Яагаад гэр хорооллын бага, дунд орлоготой айлын хүүхдүүд гурав дахь үе дээрээ хэвээрээ байх ёстой гэж. Тэд боловсролоор амьдралаа авч явах хэрэгтэй учраас сурах бололцоог нь олгомоор байна.

Кембрижийн хөтөлбөртэй гурван сургуульд жил бүр нэг ангид нь орохын тулд 15 мянган хүүхэд өрсөлдөж байна. 100 хүрэхгүй суудалд орохын тулд ийм өрсөлдөөн байгаа нь нийгмийн хэрэгцээ бийг илтгэж байна шүү дээ. Шалгуурыг нь хангасан ч орон зай байхгүй учраас 41 хүүхэд орж чадаагүй явна. Тэд ийм сургуульд орохын тулд багш хөлсөлж, хичээсэн байна шүү дээ. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж хүртээмжтэй болгох гэхээр хувийн сургуулийнхан эсэргүүцэж байна. Өрсөлдөөнд төр оролцоод ирэхээр тэд “Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлбэл монгол хүн байхгүй болно” гэх яриа гаргаж байх жишээтэй. Системийн асуудал төр ярьж байхад хувийн сургуулийнхан түүн доторх нэг хэсэг болох хичээлийн агуулга яриад байгаа юм.

-Нийгэмд гарч буй энэ яриаг хувийн сургуулийнхан гаргаж байгаа гэсэн үг үү?

- Тэд өөрсдөө ялгаатай боловсрол олгож, түүнээсээ хангалттай мөнгө олж байж, үүний эсрэг зүйл ярьж байхаасаа ичих хэрэгтэй. Хувийн сургуулийнхан боловсролын салбараар хангалттай мөнгө оллоо. Бид хувийн сургуулийн бизнесийг хааж, хорих тухай ярьж байгаа юм биш. Өрсөлд. Төрөөс хувийн сургуулиудад маш их мөнгө хувьсах зардалд өгдөг. Жилийн 90 сая төгрөгийн төлбөртэй хувийн сургууль яагаад улсын сургуулийнхтай ижил хувьсах зардал аваад байгаа юм. Шударга бус санагдахгүй байна гэж үү. Мөнгөтэй хүмүүс хүүхдээ хаана сургуульд өгөх нь бидний асуудал биш. Хувийн үнэтэй сургуульдаа өгч болно. Монгол аав, ээжүүд хахаж цацсан их хөрөнгөтэйдөө биш, хүүхдээ олон улсын стандартад нийцсэн боловсролтой болгох гээд хөдөлмөрлөсөн мөнгөө хувийн сургууль руу өгч байгаа юм. Ийм боломжийг ардын хүүхдэд олгоё. Боловсролын салбарт энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой.

-Боловсролын салбарт манайх сүүлийн 30 жилд хоноцын сэтгэхүйгээр хандаж ирлээ. Дөрөвхөн жилийн дотор үүнийг өөрчлөх амаргүй байх. Тиймдээ ч нийгмийн эсэргүүцэлтэй алхам тутамдаа тулгарч байгаа болов уу?

-Амаргүй байна. Хэн үүнийг эсэргүүцэж байна, тэр хүн боловсролын гажиг тогтолцооноос ашиг олж байна гэс эн үг. Хөтөлбөр, сурах бичиг хэвлэх гээд хүмүүс энэ салбараас мөнгө олж, хэтэвчээ зузаатгаж байна. Нэг сурах бичиг боловсрууллаа гэхэд албаар алдаатай хэвлүүлнэ. Түүнийгээ ирэх жил нь засна. Нэгэнт зохиогчийн эрхтэй сурах бичиг учраас хэвлүүлсэн хувь бүрээр тэр зохиогч мөнгө авна. Энэ бол аймшигтай. Боловсролын гажуудлаас ашиг олдог бүхэл бүтэн арми бий болжээ. Бидний зорилго бол энэ улс орныг хөгжүүлмээр байна. Ингэхийн тулд шинэ залуу үе олон улсад өрсөлдөх хэмжээний боловсролтой байх хэрэгтэй байна.

Хувийн сургуулиудыг та нар хараарай. Олон улсын хөтөлбөртэй сургууль нь хамгийн өндөр төлбөртэй байдаг. Тухайн орны сургалтын хөтөлбөр авсан сургуулиуд дундаж төлбөртэй байгаа. Дотоодын хөтөлбөртэй нь хамгийн бага төлбөртэй байна. Эрэлт хаана байгаа нь эндээс харагддаг. Дөрвөн жил кембрижийн хөтөлбөрийг үзэн ядаж, болохгүй гэж муулсан сайд ажлаа өгөнгүүтээ ийм хөтөлбөртэй сургууль байгуулчихсан. Ичих хэрэгтэй.

Хэсэг бүлэг хүмүүс боловсролын салбараас мөнгө олж, ханасан. Одоо та нар болно. Хувийн дийлэнх сургууль, цэцэрлэг төрөөс авч байгаа хувьсах зардлаараа амьдарч байна. Төрийн чиг үүргийг хуваалцаж байгаа гэдгээр нь мөнгө өгч байгаа хэрэг. Кембрижийг шүүмжилж байгаа хүмүүс хүүхдүүдээ тусгай хөтөлбөртөө сургуульд өгч байгаа хэр нь ардын хүүхдийг сургах дургүй байна. Өөрсдөө ч баруунд боловсрол эзэмшсэн хүмүүс.

-Таньтай уулзсаных Дарханы замын талаар асуумаар байна. Та ЗТХ-ийн сайдад энэ талаар асуулга тавьсан байсан. Ер нь хэзээ ашиглалтад орох вэ?

-Улаанбаатар-Дархан-Уул аймгийг холбосон авто замын ажил хийгдэж байна. Энэ замын нэг, гурав, тавдугаар багцын хэсгийн авто з амыг хат уу хучилтаар хучиж эхэлсэн. Ирэх арваннэгдүгээр сарын 15 гэхэд дээрх гурван багц зам хатуу хучилтаар хучигдсан байна. Энэ нь 100 гаруй км гэсэн үг. Хоёр, дөрөвдүгээр багцын замын ажил огт хийгдэхгүй байгаа. Үүнтэй холбоотой би БНХАУ-ын Монголд суугаа Элчин сайдын яам, Азийн хөгжлийн банк, Авто замчдын холбоо, Зам тээвэр, хөгжлийн яамны бүх талтай уулзаж, мэдээлэл авсан.

Энэ тендерийг Зам тээвэр, хөгжлийн яам шалгаруулсан. Ингэхдээ Дарханы замын хоёр, дөрөвдүгээр багцад байгуулагдаад нэг ч ажил хийгээгүй, чадваргүй компанид тендерийг нь өгсөн юм билээ. Одоо энэ хэсэгт засвар хийгээд зорчих хэсгийг хавар хүртэл нээгээд, тендерийг нь дахин шалгаруулна. Нэг, гурав, тавдугаар багцын эхний таван см-ын хучилтыг энэ жил, үлдсэн таван см-ын хучилтыг ирэх онд хийнэ. Энэ хэсгийн зам маш сайн болно гэсэн хүлээлт байна. Хажуу талын урсгалын тендерийн ажил дууссан. Ирэх хавар ажил нь эхэлнэ. 2023 оны төгсгөлд Дарханы зам бүхэлдээ ашиглалтад орсон байна гэж тооцож байгаа.

-Зам тээвэр, хөгжлийн яамны буруугаас болж ажил гацжээ. Хэн хариуцлага хүлээх юм бэ?

-Алдаа гаргасан субьект хариуцлага хүлээх ёстой . Санхүүгийн зохицуулах хороо, бүх даатгалын компаниуд руу Дарханы зам дээр хохирсон хохирлоо даатгалаас төлүүлж авсан иргэдийн бүх мэдээллийг би авахаар албан хүсэлт явуулаад байна. Эндээс тодорхой хэмжээнд хохирлын дүн гарч ирнэ. Мөн Замын цагдаагийн газар руу “Дарханы зам дээр энэ хугацаанд зам тээврийн осол хэчнээн гарч, хэдэн хүн хохиров” гэх тоон мэдээлэл авахаар албан бланк явуулсан. Үүний дараа шалгалтын ажил явагдана. Хэн хариуцлага хүлээх вэ гэдгийг тогтооно. Энэ сэдвийг орхиж болохгүй. Тодорхой тоо, мөнгөн дүнг авсны дараа асуудлыг ярина. Одоо тус яаманд Авлигатай тэмцэх газраас ажлын хэсэг ажиллаж байгаа. Хариуцлагын асуудлыг заавал яриулна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    Амжилт хүсье хүссэн үр дүндээ хүрнэ гэж итгэж бна
    2020 оны 09 сарын 14 | Хариулах
Нийтлэлчид