Улаанбаатар 1c

ДӨРВӨН ЦАГИЙН ТӨГӨЛ, ЕРТӨНЦИЙН ЯВДЛЫГ ХУРААНГУЙЛНА

М. ДЭВЭЭЖАРГАЛ

Модод хаврыг зүүдлэхээр зэхэн навчсаа нэг нэгээр нь тайлж байна. Хэсэг бусаг үүл салхины аясаар хэлбэрээ өөрчлөх нь ч цагийн дохио буюу. Улирал бүрийн нууцыг тайлахаар хүн гэгч өөр, өөртөө улиран солигдож байдаг. Яг л хэн нэгэн ирээдүйн зүг алхаж байхад , нөгөө нь өнгөрсний зүгт татагдан оддогтой ижил. Мэлмийгээрээ орчлонг зүлгэх нэгэн “намар” өлмий дор хуучрахуйд хүн ардын хөл хөлхөөн тасрахгүй “Хороолол”-ын зам дагуу агаарын чигийг зүсэн давхисаар бид,зорьсон газраа ирлээ.

Модод хаврыг зүүдлэхээр зэхэн навчсаа нэг нэгээр нь тайлж байна. Хэсэг бусаг үүл салхины аясаар хэлбэрээ өөрчлөх нь ч цагийн дохио буюу. Улирал бүрийн нууцыг тайлахаар хүн гэгч өөр, өөртөө улиран солигдож байдаг. Яг л хэн нэгэн ирээдүйн зүг алхаж байхад , нөгөө нь өнгөрсний зүгт татагдан оддогтой ижил. Мэлмийгээрээ орчлонг зүлгэх нэгэн “намар” өлмий дор хуучрахуйд хүн ардын хөл хөлхөөн тасрахгүй “Хороолол”-ын зам дагуу агаарын чигийг зүсэн давхисаар бид,зорьсон газраа ирлээ.

Хашаан дотор нь хорвоо ертөнцийн жам ёс, дөрвөн улиралтайгаа ээлжлэн байх шиг.Цэцгийн хоёр ваар
хоосон байсныг шувууны үүртэй эндүүрэн дотроо ихэд баяссаныг яана. Гэвч бүхэлдээ өнөөх л нөмөр бараадан явгалах шувуудын гэр орон. Мөн үл мэдэгхэн сэвшээ сэвэлзэхэд л эргэн тойрон хэлд орж,
модод шуугив. Үнэрийг ч мэдэхгүй миний хувьд лийр, бэсрэг алим эсвэл мойл, чухам аль нь үнэртэж байгааг хараахан тодорхойлон хэлж чадахгүй байсан юм.

Нохойн дуу сонсоогүй сар гаруй болжээ. Элгэмсүү бүхэн над руу гараа сарвайх шиг танил өнгөөр солонгорох нь сайхан. Хөдөлмөрийн хүнд, үр шимийг нь хүртэхийн жаргалыг мэдэрсэн итгэлтэй харц, гэрэлт инээмсэглэлээр угтан гарч ирэх түүнийг Лхүндэвийн Отгонцэцэг гэдэг. Энэ бүсгүйг зорьсон шалтгаан юу гэвээс хөдөлмөр, сэтгэл, итгэл, уйгагүй мэрийлт. Эрх зүйч мэргэжилтэй, доктурант хэдий ч өөр салбарт зүтгэж, ажил амьдралынхаа хажуугаар нялх хүүхдээс дутуугүй арчилгаа шаарддаг цэцэг жимсийг хойш суулгүй тарьж ургуулсан нь бахархам.

Цахим хуудсанд оруулсан зургийнхаа тухайд “бүгдийг нь нэг дор бус анх 2007 оноос тарьж эхэлсэн. Гэр хороололд ингэж амьдарч болдог гэх санааг хүмүүст өгөхөөс гадна тэднийг мөрөөдөлтэй болоосой гэж хүсдэг дээ” хэмээн тайлбарлаж байв. “Лийр” жимс дулаан оронд ургадаг боловч байгалийн эрс тэс уур амьсгалтай оронд ургахгүй гээд хөрсөө голдог ургамал, ногоо даанч үгүйг үүнээс харж болох юм. Ургамлын сайхан үнэрт ховсын шид байдаг гэдэгт итгэдэг. Хашаан дотор нь хорвоо ертөнцийн жам ёс, дөрвөн улиралтайгаа ээлжлэн байх шиг.

Цэцгийн хоёр ваар хоосон байсныг шувууны үүртэй эндүүрэн дотроо ихэд баяссаныг яана. Гэвч бүхэлдээ өнөөх л нөмөр бараадан явгалах шувуудын гэр орон. Мөн үл мэдэгхэн сэвшээ сэвэлзэхэд л эргэн тойрон хэлд орж, модод шуугив. Үнэрийг ч мэдэхгүй миний хувьд лийр, бэсрэг алим эсвэл мойл, чухам аль нь үнэртэж байгааг хараахан тодорхойлон хэлж чадахгүй байсан юм. Боловсорч гүйцээд газар унасан лийрнүүдээс нэг, нэгийг авч амтлан үзэхэд исгэлэн байгаа нь өег мэдрэмжийг төрүүлэх бөгөөд тун эмзэг жимс бололтой, унаад удаагүй гэхэд дотроосоо жижиг, жижиг бор толбонд идэгдэх аяджээ.

Суулгацыг нь шууд бус залгаа хийж байж хөрсөнд нь суулгадаг юм билээ. Эхний хэдэн жил ургац өгөхгүй байсан ч ургахыг нь уйгагүй хүлээж, арчилж тордсон итгэл, сэтгэлийнхээ хүчээр ургацаа хураан, органик жимсээ идэж сууна. Бэсрэг алимны өнгө тухайн талбайд жаргаж буй нарыг санагдуулах гэсэн мэт улаарна. Харин “Мойл” хэмээх жимсний нэрийг сонсмогц л сайхан бүсгүйн нүд санаанд буудаг даа.

Шар, ногоон, улаан навч газраар хөглөрөх нь дөрвөн цагийн төгөлд ертөнцийн явдлыг “намар цаг” хураангуйлж дээ гэхэд хилсдэмгүй. Магадгүй түүнд ч ийм мэдрэмж төрдөгөөс зайлахгүйг үгсийнхээ үзүүрт хэлж байлаа. Тэрбээр "Миний диваажингийн цэцэрлэгт тавтай морил" гээд жижиг усан оргилуурыг бүчин ургасан моддын дундуур дагуулан алхав. Нэг бүрчлэн дурдвал 60-аад төрлийн зүйл байгаа учир цохон нэрлэж явав. Үлгэрт гардаг Алтан Улиасны дор зогсвол шигүү тор шиг, түүний завсраар нарны гэрэл арайхийн шагалзахын адил сэмэрнэ. Над дээр туссан цацрагууд шиг хүний сэтгэлийн гэгээ бөхөхгүй.Энд нэг наст ургамал олон. Хоёр, гуравхан алхамын зайд, дээш харвал Наранцэцэг алив бүхнийг аргадах шиг бөхийнө.Агч модны дор интоорын мод байх агаад үнэр нь сэтгэлд нэн дотно.

Биднийг очиход ихэнх цэцэг нь дэлбээ юугаа хумихаар завдаж байсан билээ. Интоорын модны дэргэд хоо гэгээ тасрахаас урьтан сайхан шүлэг хэлж, сайн хүнийг дуулан баясах сэжим төрүүлнэ. Хамаг мэдрэмж задгай асгарч эрт, эдүгээгийн түүх хүүрнэх моддын дунд бяцхан охины адил гайхшран зогсоод л баймаар. “Голт борын цэцэг” нэр нь хүртэл яруу.

Жинхэнэ ямар ч нөхцөлд тэсвэртэй ургамал гэх юм билээ. Эдгээрээс гадна нарийн ногоог эгнүүлэн тарьсны дотор гүнжидийн навч, жууцай, базилик, эрдэнэ шиш, сонгино, салатны навч, уутат помидор харагдана. Харин эрдэнэ шишийн болц хараахан гүйцээгүй байв. Түүний хэлснээр базиликийг имрээд үнэртэж үзвэл үнэхээр цадах шиг болсон юм. Гүнжидийн навчинд мах ороож идвэл янзтай амттай байдаг гэсэн шүү. Гүний худагтай. Гэсэн хэдий ч түүнээсээ шууд усалж болохгүй, ер худгийн ус шүд хага ташим хүйтэн байдаг учраас эмзэг, мэдрэмтгий үндсийг цочроохгүйн тулд хэсэг хугацаанд нар үзүүлээд усладаг аж. Хур бороо элбэг үед байгалийг байгаль усална. Байшингийн зүүн хаяанд модон саравч байх бөгөөд хүн удаан суугаагүй бололтой, тоос дарчихаж.

Саравчаа тойруулаад алтан зул, цээнэ гэх мэт төрөл бүрийн цэцэг тарьсан байна. Хэн нэгэнтэй уулзан, яриа хөөрөө дэлгэхэд орчин чухал. Харин энд бидний яриа төгсөх цэгээ олохгүй удаж мэдэх нь. Сонгодог хөгжмийн аятай яг таг нийлэн, анир гүмийн доторх аниргүйн чимээг дэлгэж болохоор сэдэлдээ гижигдүүлэх буюу. Гадна талбайгаа танилцуулж дууссны хойно биднийг гэртээ урилаа. Жар гаруй жилийн баяр хөөр, гуниг, басхүү учрал тохиол, аз завшааны үнэнийг хадгалан буй эртний байшингаас яалт ч үгүй хуучин цагийн үнэр нэвт ханхлах шиг. Бүх эд хогшил нь чимээгээ залгисан шиг ажин түжин. Худалдааны ногооноос татгалзан, өөрийн хүч хөдөлмөр, энергиэ шингээн тарьсан нарийн ногоо, жимс жимсгэнээ хөргөгчиндөө даршлан хадгалжээ. Магадгүй би, тэрхүү лийрийн компотны амт, үнэрийг хэзээ ч мартахгүй байх. Цонхных нь цаанаас ирэх улирлын совин татаж, навчисын сэрчигнээ сонсогдоно.

Яагаад хашаандаа жимс жимсгэнэ, хүнсний ногоо, мод цэцэг тарих болов, багийн сонирхол байв уу? хэмээн асуухад, тэрбээр “Хоёр, гуравдугаар анги л байсан болов уу, жаахан охин анх хашаандаа сонгино, төмс зэрэг ногоог тарьж, тухайн үед надад ээж минь их урам өгч, магтаж билээ. Хамар хашааны айлын тахиан дуунаар үсрэн босоод, ургасан үгүйг нь харна. Ургасан байвал сэтгэл сэргээд л явчихдаг байсан. Хаврын анхны ногоог үзэх гэж хашаагаа нэгжих шиг болж хүлээнэ шүү дээ. Яагаад гэвэл хавар болж байна, амьдрал цэцэглэх гэж байна гэсэн үг.

Тэр сонирхлоороо өнөөдрийн бүхнийг өөрийн гараар бүтээж явна даа. Мөн үнэр гэдэг зүйл өнгөрснийг, сайхан дурсамжийг ч өөртөө хадгалж байдаг” гэсэн юм. Түүнд үргэлж дэм өгдөг асан ээжийгээ дурсан ярьж, энхэр багийнх нь үнэрийг тээсэн газраа, диваажингийн төгөл болгосон нь тэнгэрт дэвшсэн хайртай бүхэндээ нүүр бардам байх итгэл нь ч болдог гэлтэй. Бороо зөөлөн шивэрсэн зуны үдэш, пянзны намуухан аянд ганхан суумаар таатай.

Дүн өвөл, дэлгэр зун, туяхан хавар энэ айлын хашаанд хэрхэн ирдэг бол. Тоос шороо, хуурайшил ихтэй Монголын нөхцөлд байгалийг ургуулсан түүнээс суралцах зүйл их юм. Гэрийнхээ үүдэнд солигддог дөрвөн улирлын мөн чанарыг сэтгэлдээ хамгийн ойроор мэдэрдэг нь гарцаагүй. Үнэхээр мөрөөдөлтэй болдог юм билээ. Би ч гэсэн сумын төвийнхөө хашаанд мод, жимс жимсгэнэ, хүнсний ногоо тариад хэдэн жилийн дараа саглагар мөчирт моддын сүүдэрт боловсорч гүйцсэн жимсээ амтархан идээд, амар жимэр сууж байвал гоё ч юм уу гэх мэтийг бодсоор тэднийхээс гарав. Гэр хороололоос алсрах тусам эгэл сайхны мөр бүдгэрэх намрын сэрүүхэн өдөр, оройгоосоо эхлэн шарласан модод , өндрийн навчаа нэг нэгээр тайлсаар л...

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    Ямар гоё нийтлэл уншчихаваа.
    2020 оны 09 сарын 14 | Хариулах
Нийтлэлчид