Улаанбаатар 1c

ЯРУУ НАЙРАГ

Яруу найргийн яруу тансаг ертөнцөөр аялцгаая

Шүлэг, яруу найраг гэдэг хүний сэтгэл зүрхэнд буй өөр  нэгэн ертөнцийн өнгө будаг, хөг эгшиг гэлтэй. Таны  сэтгэлийг хөглөх дараах таван яруу найргийг хүргэж байна.

 

Хувь дутсан

Дурлалаа бодоход

Хуйгүй хутга

Зүрхэнд бүжнэ...  Д. Чинзориг

***

Чамтай л харсан цас

Жинхэнэ цас байсан

Жигүүртэй цас байсан

Түүнээс хойш

Тийм цас ороогүй

Ороогүй гэж бодсон

Ой дуртатгалын минь тойрон

Одоо ч цас орсоор л байна...

Чамтай л харсан бороо

Жинхэнэ бороо байсан

Жигүүртэй бороо байсан

Түүнээс хойш

Тийм бороо ороогүй

Ороогүй гэж бодсон

Ой дуртатгалын минь тойрон

Одоо ч бороо орсоор л байна...  Ц. Доржсэмбэ

***

Будрах цасны гэгээнд алхахуй

Бусдын зовлон                                                                                                                       

Надад хамаагүй...   Я. Баяраа

***

“Тэнцвэр”

Чи бидний хамтдаа үдсэн наймдугаар сар жаазан дотор                                                                                    

Чийгт хананаа өлгөгдсөн байхаас илүүтэй уйтгарт өдрүүд                                                                 

Үргэлжлэн шиврэх бороо шиг цаг хугацааны                                                                            

Үр дүнд бий болсон хагацлын тухай шүлгүүд                                                  

Хөшгөө татсан цонх адил бүүдгэр саарал тэнгэрийн                        

Хөл доор нь бид бүхнээ дэвсэж өгдөг шиг                                                                     

Итгэлгүй хоосон ирээдүйг оюун санаандаа бүтээж                                               

Ийм гэрэлт амьдралын хаагуур нь зөрж өнгөрөв дөө    О.Элбэгтөгс

***

Өөртөө бяцхан галзуурлыг тээ. Ошо

Чулуудтай бясалгал үйлдэж, шувуудтай эрх чөлөөг мэдрэе

Чин үнэний тухай дуулах ганцхан тэнгэр байгаад талархая

Өөр дотроосоо чимээ гаргадаг өчүүхэн хонх болсон ч гомдохгүй.

Өвсөн дундаас одод руу тэмүүлэх царцайхай болсон ч уйлахгүй

Салхи мэт зүг чигээ буруул, үүлс мэт хөнгөн хийсвэр бай.

Сандралдан үймэлдэх шоргоолзнууд мэт сэтгэл дотор чинь

Шаналал бяцхан нүх шиг бага багаар тэлж байсан ч бүү гутар.

Үүсэл гарлаа хумхын тоос гэж итгэсэн ч алтны ширхэг мэт гялалзах,

Үхэлийн тухай бодол минь торгоны оёдлоос ч нягт байх

Үүрээр үсчсэн загаснууд цөмөөрөө оюун санааны минь эс

Би өөрөө, бүх л дэлхий, мөхөгсөд, сэргэн мандалт

Ганцхан миний бие дээр соёлын хувьсгал, биеийн хувьсал өрнөнө.

Бодлоосоо яг л усанд туссан сар шиг чөлөөлөгдөхсөн.

Үсэнд суусан сор бүхэн үхлийн төлөө биш бага багаар ургахын төлөө.

Үнэндээ галзуу байсны минь шан харамж надад ирэв.

Амьтай, амьгүй гэж ялгал үгүй бүгдийг тэврэн ававч

Аль эртний амьсгал минь тэр бүхэнд шингэснийг мэдрэх

Хамаг тамираа барж чулуу мэт бясалган суухад хүргэдэг.   Э. Батзолбоо

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • saihanbilig
    svvliin shvleg l zgr yum
    2020 оны 09 сарын 17 | Хариулах
  • сүүлийн шүлэг л зүгээр юм
    2020 оны 09 сарын 17 | Хариулах
Нийтлэлчид