Улаанбаатар 1c

ОНЦЛОХ ХҮН: Д. Чинзориг “ЗОХИОЛЧ ТӨРДӨГ БОЛХООС ОЛДДОГ ЮМ БИШ”

Жүжгийн зохиолч, яруу найрагч Д. Чинзориг нь 1959 онд Ховд аймгийн Дуут суманд төржээ. 1985 онд М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг "Жүжгийн зохиолч" мэргэжлээр төгссөн. Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн. Түүнээс тодруулсан дараах "ТАВАН АСУУЛТ"-ыг хүргэж байна.

Таны бодлоор зохиолч гэж ямар хүнийг хэлэх вэ?          

Уран бүтээлч, зохиолч хүнд авьяас гэж бий. Мишигийн Цэдэндорж гуай “БНМАУ-ын далбаа гурван өнгөтэй "улаан, цэнхэр, улаан" тэгвэл /Бүгд найрамдах зохиолч ард улс/-ын далбаа гурван өнгөтэй "авьяас, мэдлэг, хөдөлмөр” гэж хэлсэн байдаг. Авьяасаа тордож түүнийгээ мэдлэгээр хөгжүүлж, хөдөлмөрөөр арвижуулж байж зохиолч болно. Хатуухан үнэнийг хэлэхэд “зохиолч төрдөг болохоос олддог юм биш”. Сүүлийн үеийн зохиолууд гоё гадартай, их зузаан хэвлэгдэх юм гэтэл уншаад сэтгэлд хүрэх нь ховор.

-Монголд жүжгийн зохиолч мэргэжлээр төгссөн ганц хүн таныг гэдэг шүү дээ. Таны харах өнцгөөс Монголд хийгдэж байгаа орчин үеийн жүжиг, кинонууд  ямар хэмжээнд байна.

Тун ядуу байна. Гашуун үнэнийг хэлэхэд тун ядуу байна. Жүжгийн зохиолыг хэдэн хүн тойрч суугаад хувааж аваад бичээд байна. Түүнд нь жүжгийн зохиолын диалог, сүжет, дүр тэр бүх зүйл байгүй болсонд миний айдас бөгөөд эмгэнэл төрөөд байна.

Хурд хамтлагийн дуулдаг “Би аавтай хүн” дууны үгийг та бичсэн шүү дээ. Энэ дуу бүтсэн түүхийг хуваалцаач ?

-1999 онд би ч нэлээн балгадаг байлаа. Манай Төрбат зохиолчдын хорооны гүйцэтгэх захирал байсан. Би Төрбаттай уулзаад сууж байтал гэнэт нэг хүн ороод ирлээ “Чинзориг гэж хэн бэ” гэж байна. Би согтуу явж байгаад энэ хүнээс мөнгө авч дээ гэж бодоод Төрбатруу хараад толгойгоо сэгсэрлээ. 

Төрбат нөгөө хүнээс "яах гэж байгаа юм" гэсэн чинь. Нөгөө хүн “Би аавтай хүн” гээд шүлгэнд нь ая хийсэн юм аа. Зохиолчтой нь уулзаад зөвшөөрөл авмаар байна” гэсэн юм. Миний дотор уужраад л явчихсан. Тэгтэл Балхжав хөгжмийн зохиолч байж таараад бид сайхан танилаж билээ. 

Балхжав  "Хурд" хамтлагаар миний дууг дуулуулаад “За ямар болж” гэж байна. Би ч “аан их сайхан болж” л гэж хэллээ. Аавдаа зориулж бичсэн миний шүлгийг Балхжав олж уншаад ая хийсэн байгаа юм.  Ингэж л тэр дуу бүтсэн юм. Хүмүүс дуулж байсан, одоо бараг мартаа биз дээ.  

Зохиолч болох хүсэл, мөрөөдөлтэй хүүхэд залуучуудад хандаж юуг гэж хэлэх вэ?

Хамгийн гол нь надад авьяас байна уу, үгүй юу, гэдгээ эхэлж тодорхойл. Тэгэхгүй бол зүгээр л цаас үйлдвэрлэгч болно. Хоёрдугаарт уйгагүй бич өөрөө өөрийгөө боловсруулж дасгал хий.  Маш их уншиж бич. Үгүй бол зэвэрнэ.

Манай Бадарч гуайн хэлэх дуртай гоё үг бий. “Алтан дээр алт шигтгээд алтан бөгжний үнэ цэнэ тодордоггүй юм. Алтан дээр эрдэнийн чулуу шигтгэж байж алтан бөгжний үнэ цэнэ тодордог гэж”. Түүнтэй адил авьяасаа хөгжүүлж сайн унш, сайн бич үргэлж суралц. Уншихдаа хэний ямар зохиол унших вэ, гэдгээ зөв сонго.  Одоо хэрэгтэй хэрэггүй олон ном гараад байна. Уншаад сэтгэлд тогтсон юм алга.

Ямар ном сонгож унших вэ?

Миний бодлоор жинхэнэ утга зохиолын хэмжээнд туурвисан зохиол бол Жамбын Пүрэвийн “Аянга” гэдэг сайхан зохиол байна. Түдэв гуайн бичсэн сэтгэлд хоногшсон зохиол бол “Оройгүй сүм”, Санжийн Пүрэв, Догмид нарын өгүүллэг туужууд ,  мөн Жагдалын Лхавгаын  “Толгодын цаана ингэ буйлна” гэж ёстой нэг уйлаад л уншдаг ном байдаг юм. Пүрэв гуайн бичсэн “Айлын бүсгүйг мартахгүй” гэж хэчнээн сайхан туужууд байна. Үүнийг манайхан хоцрогдсон гээд уншихгүй байна. Хоцрогдсондоо биш ээ. Тэд нарын сэтгэлгээ ядуурчихсандаа. Би их хатуу хэллээ. Үнэхээр сэтгэлгээ ядуураад байна.

Бас хуучны зохиолууд дотроос Жамбын Пүрэвийн “Хөгжмийн эгшиг”, “Аянга” гээд 1960 аад онд хэвлэгдэж байсан зохиол бий. “Тунгалаг тамир” хичээн  мундаг вэ? Ийм сайхан зохиолуудыг хоцрогдсон гэчхээд хаана ямар ордон барих гээд байгааг нь ойлгохгүй байна. Хөрсөн дээрээ барилга барина биз дээ. Хөрсгүй хий агаарт байшин барих гээд байгаа нь л аймшигтай байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

Нийтлэлчид