Улаанбаатар 1c

Н.Энхбаяр: 2021 онд нүүрс болон төмрийн хүдрийн үнийн өсөлтөд нэг их найдалтгүй учраас төсвийн хэмнэлттэй бодлого баримтлах хэрэгтэй

Б.БЯМБАСҮРЭН

“Ковид-19” цар тахлын улмаас 2020 оны дэлхийн эдийн засаг 4.1, Монголынх 9.7 хувиар агшиад буй. Энэ сарын 23-нд намрын чуулган эхэлж, 2021 оны Монгол Улсын төсвийн төслийг хэлэлцэн батална. Тиймээс ирэх оны төсвийн төсөөлөл ямар байх, ямар байвал зохилтой талаар эдийн засагч Н.Энбаяртай ярилцлаа.

-Ирэх онд томоохон бондуудын зээлийг эргэн төлнө, улсын төсөв санхүүгийн байдал тийм ч тааламжтай биш байгаа энэ цаг үед судлаачийн хувьд төсвийн төсөөллийг хэрхэн харж байна вэ?

-2011 онд батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд орж ирсэн орлого бүрийг шууд зарцуулах бус хуримтлуулж, улмаар тогтворжуулсан үнийг гаргаж ирнэ гэж заасан. Энэ дагуу зэс болон нүүрсний дундаж хийгээд бодит үнийн зөрүүгээр сангийн хуримтлалыг бий болгож, харин түүнээс дооших орлогыг улсын төсөвт авна гэсэн хоёр хуваарилалт хийсэн. Гэвч сүүлийн үед савлагаа үүсэх боллоо. Учир нь, манай улсын нөхцөлд тооцож буй аргачлал нь таарахгүй байгаатай холбоотой. Жишээлбэл, сүүлийн таван жилийн дунджаар үнэ тооцлоо гэхэд өсөлтийн үе таарвал хамт дээшилнэ. Ингэж дээшлэх тусам Тогворжуулалтын санд орох орлого багасаж, төсөвт зардаг мөнгө ихэснэ. 2020 оны төсөв дээр дөнгөж 125 тэрбум төгрөг хуваарилсан байна. Гэтэл уул уурхайн салбараас төсөвт орох орлого 3.2 их наяд төгрөг байна. Үүнтэй харьцуулахад дөнгөж гурван хувь байгаа биз. Энэ нь хангалттай тогтворжуулалт болж өгөхгүй байгаа юм.

-Төсвийн тодотголоор төсвийн алдагдлын хязгаарыг авчих шиг болсон. Энэ нь ямар үр дагавартай байх вэ?
-Тогтворжуулалтын механизм Монголд ажиллахгүй байх нөхцөлийг бүрдүүлчихлээ. Үүнийг нэн яаралтай өөрчлөхгүй бол өнөөх “Голланд” өвчнөөс хамааралтай байдал арилахгүй нь. 2019 оны арваннэгдүгээр сард ОУВС-ийн Монгол Улсын эдийн засгийн талаар гаргасан цөөн хуудас тоймд түүхий эдийн үнийн өөрчлөлтөөс хамааралтай улсын төсвийн хөрөнгө оруулалт болон зарлага маш их савлагаатай байгааг харуулсан байсан. Тухайлбал, түүхий эдийн үнэ ахиу орж ирсэн үед их зараад хомсдсон үе доош унаж байх. Энэсавлагааг хурдан засахгүй бол гэнэт орж ирж буй орлого гагц төсөв гэлтгүй засаглалыг муутгах аюултай.

-2020 оны төсөв дээр төсвийн орлогыг хоёр их наядаар нэмсэн. Сонгуулийн жил байсантай холбогдуулан улстөрчдийн сонирхол ч тойрогтоо төсөв хуваарилах байлаа. Үүнээс үүссэн уршигийг нэрлэхгүй юу?

-Төсвийн тогтворжуулж буй орлогыг ахиу буюу багадаа 500 тэрбумаас нэг их наяд төгрөг хүртэл хуримтлуулж, үүнийгээ Монгол Улсаас гадна байршуулах нь зөв. Одоогийн хуулиар Тогтворжуулалтын сангийн зарцуулалт Сангийн яамны дэргэд байна. Засгийн газар хэрэгтэй гэж үзвэл хэзээд шууд аваад л зарцуулах нь байна. Норвегийн Тэтгэврийн сан, Чилийн Тогтворжуулалтын сан гэх мэт үр ашигтай сайн явж байгаа хөрөнгө оруулалтын сангийн туршлагыг харахад, дотооддоо бус гадна зах зээлд хувьцаа, бонд зэрэгт хөрөнгө оруулалт хийж байна.

Эдгээр санг Засгийн газар, Сангийн яамнаас хараат бус тусдаа хуультай, бие даасан удирдлага удирддаг бөгөөд ногдол ашгаар нь зарлага гаргадаг юм. 2000 оноос хойш 20 жилийн зэсийн үнийг харвал, доод тал нь 4500, дээшээ 8000 ам.долларт хүрч байна. Эндээс дундаж үнэ 6000 орчим ам.доллар болж буй учраас үүнийг 5-10 жилд нэг л удаа тогворжуулах үнийг тогтоох хэрэгтэй гэсэн санаа. Үгүй бол, Засгийн газар үнийг хөөргөж тогтоож байна шүү дээ. Ингэж чадвал хуримтлалын санд ахиу мөнгө бүрдэнэ гэсэн үг. Харин хуримтлалын мөнгө Монгол Улсын дотоодын эдийн засагт орох бус, гүйцэтгэх засаглалаас тусдаа удирдлагаар гаднын хөрөнгийн зах зээл дээр өсөж арвижаад явж байх хэрэгтэй. Ингэж бүрэлдсэн мөнгөөрөө гадна, дотнын өрөө төлөх, цаашлаад Норвегийн тэтгэврийн сангийн жишгээр эх үүсвэр болгох хэрэгтэй.

-Тэтгэврийн сангийн асуудал толгойны өвчин болно гэдгийг эдийн засагчид анхааруулж байна. Түүний сацуу ирэх жилүүдэд төлөгдөх бондын өрүүдийг яах вэ?

-1930 оноос манай тэтгэврийн сан маш том асуудалтай тулгарах гэж байна. Шимтгэл төлөгчдийн тоо цөөрч, тэтгэвэр авагчдын хэмжээ ихсэх он жилүүд 2030 оноос эхэлнэ. Тиймээс ирэх гурван жилд төлөх ёстой гадаад өр төлбөрийг бид өнөөгийн нөхцөлд бүгдийг нь төлж хүчрэхгүй. Тиймээс ахиад л өр гаргах, эсвэл хойшлуулж тарна. Ингэж явсаар 2030 онтой золговол дахиад л өрийн дарамттай байсаар л байна. Иймд өрийн хүүгийн төлбөрийг яаж төлөх вэ, дээрээс нь тэтгэврийн сангийн алдагдалд өгөх мөнгө нэмэгдвэл улсын төсвийн жилийн зарлага 30 хувь нь зээл, 20 хувь нь тэтгэврийн санд явж таарах нь. Ингэхээр бид юугаа зарах вэ гэдэг том асуудалтай тулгарна. Тиймээс энэ бүхнийг алсын хараатай бодолцож, тогтворжуулалтын сан, түүний удирдлагын менежментийг цоо шинээр бүрдүүлэх шаардлага үүсэж байна. 2019 онд төсвийн орлого есөн их наяд төгрөг байсан, энэ түвшинд аваад явбал манай эдийн засаг торохгүй.

-Төсвийн орлого, зарлагыг өсгөхгүй байх арга юу вэ?

-2010 оныг 2015 онтой харьцуулсан улсын төсвийн орлого, зарлага 2015 онд хоёр дахин өссөн байгаа бол эдийн засаг саарсан 2016 оныг 2020 онтой харьцуулахад дахиад хоёр дахин өссөн байв. Энэ бол түүхий эдийн циклийг дагаж, олсон мөнгөө тэр дор нь үрэлгэн зарж байгаа тоо баримт. Эндээс дүгнэхэд, манай төсвийн менежмент богино алхамтай, дөрвөн жилийн мөчлөгтэй байна гэсэн үг. Ийм алдаатай тогтолцоотой байгаа учраас гажуудлаас гарч чадахгүй, төсвийн үрэлгэн, харалган зарлага засаглалыг шууд муутгаж байна. Дагаад улстөрчид огт өөр сонирхолтой болж, яаж улсын төсвийн хөрөнгийг тойрогтоо ахиу цацах тухай бодолтой байна. Тэдэнд иргэдийн шүүмжлэл, өр үүсэх нь хамаагүй. Тэгэхээр “Голланд” гэх ужиг өвчнөөс салахын тулд цоо шинэ менежментийн тогтолцоотой болох зайлшгүй шаардлагатай.

-Экспортын орлого одоогийн байдлаар ямар байна вэ?

-Манай экспорт оны эхний найман сарын байдлаар 4.4 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнээс уул уурхайн эзлэх хувь 4.1 гээд. 2019 онд 7.5 тэрбум ам.долларын экспорт хийсэн. Энэ жил үүнд яагаад ч хүрэхгүй. Одоогоор дөнгөж 15 сая тонн нүүрс экспортлоод байна, энэ хэмжээгээр эрчээ алдахгүй он дуустал явбал 22-23 сая тоннд хүрнэ. Гэтэл зорилт маань 42 сая тонн. Энэ бол маш хөөстэй тоо байсан. 2020 оны төсөв өргөн барих үед эдийн засагчид өдий тонныг экспортлох боломжгүй гэж хэлсэн. Хүчин чадлаа тооцсон ч тэр, Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтоос давсан тоо шүү дээ. Ихдээ 40 сая тоннд хүрвэл “гайхамшиг”. Ер нь 36 тонн гэдэг манай улсын рекорд.

Төсөв дээр тооцоолсон 42 сая тонн буюу сард 3.5 сая тонныг гаргахын тулд урд хөрштэй маш сайн харилцаатай байх хэрэгтэй. Хилийн боомт нэг ч өдөр хаагдахгүй, Хятадын эрэлт маш өндөр нөхцөлд 37-38 тонныг гаргах боломжтой. Орлогыг өндөр тавьж байж, зарлагыг өндөр тогтоосноор алдагдал бага харагдана. Энэ бол төлөвлөгөө учраас батлуулахдаа манай алдагдал Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнд буюу 5.1 их наяд төгрөгт багтана гэдэг. Үнэн хэрэгтээ гүйцэтгэл дээрээ шал худлаа тоо гардаг байх жишээний.

-Төсвийн хуулинд заасан 5.1 их наяд төгрөгийн таацыг тодотголоор хүчингүй болгож, алдагдалыг 9.9 их наяд төгрөгт хүргэлээ. Үүнээс гарах эрсдэл юу вэ?

-Төсөв ямар ч жолоодлогогүй болж байна гэсэн үг. Дуртай үедээ алдагдлаа нэмж болдог болсон. Мөн төлөвлөлт худал хуурмаг тоо болж хувирлаа. Тодотгол хийтэл болохгүй байхаар нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн заалтын хязгаарыг авчихсан. Он дуустал хууль хүчинтэй хэдий ч хуулийн үйлчлэл ямар ч хэрэггүй болсон. Ийм буруу тогтолцоогоор удаан явбал Монгол Улс мөнхийн өрийн дарамттай байна. Үндсэндээ “Голланд” өвчин, “Ковид-19”, ирэх гурван жилд төлөх бондын өр төлбөр зэрэг асуудлыг яг одооноос зөв шийдэхгүй бол явсаар тэтгэврийн сангийн алдагдалтай золгоно.

-Ирэх оны төсвийн төсөөлөл ямар байвал зохилтой вэ, таны бодлоор?

-Зарлага өндөр гарах нь ойлгомжтой. Ирэх жил “Ковид-19”-ийн нөхцөл байдал амаргүй байна. Энэ оны эцсээр халдвар намжиж, вакцин гарч, улс орнууд хилээ нээх байх гэж төсөөлж байсан бол он дуустал цар тахал хэвээр үргэлжилж, оны эцэс гэхэд халдварийн нийт тохиолдол 50 сая давах төлөвтэй.

“Ковид-19”-ийн есөн төрлийн вакцины туршилт гуравдугаар үе шатандаа явж байна. Эхний 5-6 вакцин бэлэн боллоо гэхэд эдгээр вакцины үйлдвэрлэл 2021 оны нэгдүгээр улиралд эхэлнэ гэдгийг АНУ, ОХУ-аас мэдэгдсэн. Гарч буй мэдээллээс харахад, вакцинжуулалтаа Япон, Орос улс ирэх оны зун хийнэ гэлээ. Япон улс гэхэд ирэх оны долдугаар сарын 23-нд олимпын наадам зохион байгуулах ба наана нь буюу тав, зургадугаар сард бүх хүн амдаа вакцин хийж таарна.

Дэлхий нийт 7.8 тэрбум хүн амтай. Туршлагаас харвал, нэг хүн хоёр удаагийн тун тариулж байж, дархлаа сайн тогтоно. Иймд 15.6 тэрбум тун вакцин үйлдвэрлэж, түгээж байж дэлхий нийтээр аюулгүй болох нь. Өнөөдөр өндөр хөгжилтэй орнууд вакцины урьдчилсан худалдан авалтаа хийчихсэн. Эдгээр орны нэг тэрбум гаруй хүнд вакцин хийсний дараа манай улсад вакцин нийлүүлж таарна. Энэ нь хамгийн хурднаар тооцвол, ирэх жилийн найм, есдүгээр сар байна. Дүгнэлт нь, ирэх оны найм, есдүгээр сар хүртэл бид одоогийн нөхцөл байдлаар амьдарна гэсэн үг.

Хил бүрэн нээгдэхгүй, аялал жуулчлал байхгүй. Ийм байдалд төсвийн орлогыг өөдрөгөөр төсөөлөх боломжгүй. Хоёрдугаарт, Хятадын эдийн засаг хурдацтай унаад босно гэдэг төсөөлөл яав ч биелэхгүй. Экспорт нь нэг талдаа өсөж байгаа мэт боловч импорт нь буурсан хэвээр. Мөн гангын экспорт уналттай байна. Хятадын гангын эрэлт сэргэсний дараа Монгол Улсын коксжих нүүрс, төмрийн хүдрийн эрэлт нэмэгдэнэ. Тэгэхээр 2021 онд нүүрс болон төмрийн хүдрийн үнийн өсөлтөд нэг их найдалтгүй. 2021 оны гуравдугаар улирлаас нааш гадаад эдийн засгийн орчин нөхцөл сайжрахгүй, төсвийн орлого дутагдалтай байх учраас маш хэмнэлттэй бодлого хэрэгтэй.

-Төсвийн зарлагыг бууруулж, хэмнэлтийг хэрхэн, аль салбарт хийвэл оновчтой вэ?

-Нэгдүгээрт, дуусаагүй барилга, обьектуудаа зогсоох хэрэгтэй. Ялангуяа, ач холбогдлын дарааллаар нь дугаарлаад үр ашиггүй буюу орлого олдоггүй соёлын төв, музей зэрэг барилга. Хоёрдугаарт, орон нутгийн чанартай, тэр дундаа сум хоорондын зам барих асуудлыг ойрын хоёр жилдээ мартах хэрэгтэй. Ирэх жилийн урсгал төсөв, хөрөнгө оруулалт дээр маш хэмнэлттэй бодлого барих нь зүйтэй. Дээр нь төсвийн зарлага дээр ирэх ачаалал бол гадаад, дотоодын үндсэн зээлийн хүүгийн төлбөр. Тэрчлэн ирэх жил төлөх ёстой “Мазаалай” бондын төлбөрийг яах вэ гэдэг асуудал. Ийм хүндрэлтэй нөхцөлд төсөв дээр ул суурьтай хандахгүй бол болохгүй гэдгийг дахин хэлье.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид