Улаанбаатар 1c

ХУВЦСАА ТҮЛЭХ ҮҮ, ШАХМАЛ ТҮЛШЭЭ НЭМЭХ ҮҮ

Ойрын өдрүүдэд бороо орж, цочир хүйтэрлээ. Хүйтний улирал ирж байгаа учраас түлшний асуудал ч яригдаж эхлэв. Сайжруулсан шахмал түлш, модны хүрэлцээ, үнэ, иргэдийн худалдан авалтын талаар сурвалжлахаар “Цайз” захын сайжруулсан түлшний хэд хэдэн борлуулах цэгээр орлоо. “Тавантолгой” түлш компани нь өнгөрсөн жилээс нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын 220 мянган айл өрхийг шахмал түлшээр хангах зорилгоор байгуулагдсан.

Тус компани байгуулагдсан даруйдаа баруун бүсийн үйлдвэрийг барьж, сайжруулсан шахмал түлшээр хангаж эхэлжээ. Харин энэ жил агаарын чанарын бүс тэлж, Баянзүрх дүүргийн Х хороо, Сонгинохайрхан дүүргийн XXI, Хан- Уул дүүргийн XII, XIII гэсэн таван хорооны 10 мянга орчим айл өрхийг нэмэлтээр сайжруулсан түлшээр хангаж ажиллахаар болжээ.

Тус компани нь одоогоор 70 мянга гаруй тонн сайжруулсан түлшийг нөөцөлсөн бөгөөд аравдугаар сарын 1 гэхэд 120 мянган тонн болгох зорилготой ажиллаж байна.

Иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор борлуулалтын цэгүүдийг тухайн бүс нутагт байрлуулсан. Өнгөрсөн жил 400 борлуулалтын цэг байсан бол энэ жил 1000 болгох төлөвлөгөөтэй байгаа аж. Цэгүүдийг өнөөдрөөс дэс дараалалтай нээж, аравдугаар сарын 1 гэхэд бүх борлуулалтын цэгийг нээсэн байхаар зохион байгуулалт хийж байна. Харин Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо нэг тонн шахмал түлшийг 150 мянган төгрөг, нэг шуудайг нь 3750 төгрөгөөр борлуулна гэсэн тооцоо гаргасан байна.

10 тонн шахмал түлш өдөртөө дуусдаг

“Цайз” захад зуны гэрээтэй 2-3 цэг ажилладаг байна. Эхний цэг дээр очиход 11:00-12:00 цагийн байдлаар шахмал түлшээ дууссан учраас мод л зарж байлаа. Мод том уут нь 5000, жижиг уут нь 3000 төгрөг байгаа аж. Ноднин том уутыг нь борлуулагчид хувь хүнээс 2500-2800 төгрөгөөр авдаг байсан бол энэ жил 4000 төгрөг болсноор зарах үнэ нь ийнхүү нэмэгдсэн байна. Бороо их орсон болохоор уулын зам эвгүй, мод ачсан машин шаварт суухаас эхлээд хүндрэлтэй байгаа учраас үнэ нэмэгдсэн гэнэ. Гэхдээ 10 сар гаргаад хямдардаг аж. Борлуулагч Ц.Даариймаа “Би энд 22 жил түлээ, нүүрс зарж байна. Манайх өөрсдөө том машинаар мод аваад бэлддэг ч энэ жил оруулж ирж чадаагүй. Аргагүй эрхэнд л хүнээс мод авч зарж байна. Хүмүүсийн худалдан авалт харилцан адилгүй ч яг энэ үед эрс нэмэгдлээ” гэв. Энэ үеэр нэгэн хүн “Шахмал түлш байна уу” гэхэд борлуулагч “Өчигдөр ирээд дууссан одоо удахгүй ирнэ” гэж хэллээ. Эднийх “Тавантолгой” түлш компанийн албан ёсны гэрээт цэгийн нэг бөгөөд өвлийн гэрээнээсээ үргэлжлүүлээд зуны гэрээ байгуулсан байна. Нэг удаа захиалга өгөхдөө 400 уутыг авдаг ч өдөртөө дуусдаг байна. Энэ үеэр хэд хэдэн хүн ирж асууж байгаа нь шахмал түлшний эрэлт, хүрэлцээ ямар байгааг харуулж байлаа.

Цааш явсаар дараагийн цэг дээр очтол мөн л өмнөх өдөр ирсэн түлш дууссан байв. Өнгөрсөн онд 200 орчим борлуулалтын цэг дээр савлагаа хийжээ. Харин энэ жил 30 төвлөрсөн хангамжийн баазад савлагааг нэгдсэн байдлаар хийх нь борлуулахад хялбар болох юм. Борлуулагч “Ойрд хүмүүс шахмал түлш л их асуух боллоо. Түлшээ дуусангуут нь захиалгаар 200-300 шуудайг авдаг ч тэр дороо л дуусчихдаг. Яг энэ үед иргэдэд шахмал түлш л хэрэгтэй байна. Маргаашнаас өвлийн гэрээтэй цэгүүд нь борлуулаад эхлэхээр гайгүй болох байлгүй гэж л найдаж байна.Энэ жил уутанд савлаж өгнө гэсэн нь авч байгаа хүнд ч, зарж байгаа бидэнд ч хялбар байна” гэсэн юм.

Долоон хоногт зургаан уут түлшийг нэг өрхөд олгож байсан нь энэ жил хэвээр байна. Харин 16-100, 100 дээш киловатт хүчин чадалтай нам халаалтын зуухтай айл өрх, албан газрууд байгаа. Нийслэлийн захирагчийн албанаас уг судалгааг гаргаж нэмэлт түлш өгөхөөр ажиллаж байна.

Түлш хайж байгаа иргэн “Уржигдраас хойш шахмал түлш хайж байна. Амгалангаас Улиастай хүртэл яваад олсонгүй. Түлээ нүүрсний цэгүүд зарим нь хаалттай, нээлттэйд нь түлш байхгүй. Тэгээд ямар сайндаа Цайзаар яваад үзье гээд ирлээ. Нялх хүүхэдтэй сэрүүхэнд гал түлэхгүй л бол даарна. Одоо Шархад хүртэл хайж яваад байхгүй бол үдээс хойш түлш буухаар л авахаас. Би тус компаний яндан хөөлж байгаа хүмүүсээс “Түлш хэзээ ирэх юм бэ. Компанидаа хэлээд өгөөч” гэхээр “ирэх л байлгүй л дээ” гэдэг. Хавар хоёр шуудай нүүрс авснаа аль хэдийнэ түлээд дуусгасан. Нэг айлд өгөх ёстой зургаан шуудай нүүрсээ бага багаар хийж арай хийж хүргэдэг. Энэ жил нялх хүүхэдтэй болсон учраас яаж болгодог юм байгаа юм. Энэ зургаан шуудайгаа ядаж найм болгочихвол болно” гэсэн юм. Энэ үеэр мөн л усны тэрэг түрсэн хоёр хүүхэд түлш асууж байлаа. Цэгүүд дээр ирж байгаа ч эрэлт ихтэй болохоор хурдан дуусч байгаа байх. Дэргэд нь харж зогсож байгаад ирэнгүүт нь аваад явахаас гэсээр ард үлдсэн юм.

Шахмал түлш нь борлуулагчдад тустай байна. Дараагийн цэг нь борлуулах зөвшөөрөл авахаар тус компанид хүсэлтээ өгчээ. Өчигдөр компанийн ажилтнууд судалгаа аваад явсан гэнэ. Хурлаараа гэрээ хийх үгүйг нь шийдэх аж. Борлуулагч Г.Дуламханд “Гэрээ нь өндөр хариуцлагатай хийгддэг юм байна лээ. Нэг дор олон цэгт, хорооллын гудманд зарахгүй гэсэн. Манайх төвлөрсөн зах, зам дагуу болохоор гэрээ байгуулах нөхцөл бүрдэж байгааг сая хэллээ. Эхлээд түлшээ цэгүүддээ тараагаад дараа нь санхүүжилтээ авдаг дараа төлбөрт систем ноднин хэрэгжсэн. Харин энэ жилийн хувьд урьдчилсан төлбөрт системд шилжиж, мөнгөө өмнө нь авч захиалгаа хийдэг болжээ. Уг түлшийг гэрээ хийж авч борлуулснаар борлуулалтын 10 хувиа авдаг. Өөрсдөө мод, түлш авч, борлуулж амьдралаа болгодог бидэнд цалинтай ажил хийнэ гэхээр баярлаад байгаа.

Телевиз, фэйсбүүкээр “Тавантолгой” түлш компани гэрээ хийх хүсэлтэй цэгүүд холбогдоорой гээд зар явуулсан байсан. Гэрээ хийхдээ оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, түрээсийн гэрээ, өөрийн хашаанд зарах гэж байгаа бол хашааны гэрчилгээ зэрэг ордог байна” гэсэн юм. Тэрбээр ноднин дүүгийнхээ цэг дээр шахмал түлш хамт зарж байсан гэнэ. Зөвшөөрөл авах хүсэлтээ өгч байсан ч хоцорсон. Энэ жил гэрээт цэгээ нэмж байгаа гэхээр гэрээ байгуулахаар эрт материалаа өгсөн нь ийнхүү биеллээ олжээ.Энэ үеэр мөн л хүмүүс шахмал түлш асуухад “Тэр цэгт байж магадгүй” гэж явууллаа.Өмнө нь гадаа түлээ, нүүрсээ зараад зогсож байхад хоолой хорсож байсан бол одоо хамаагүй дээр болсныг ч онцлов.

Анх борлуулагчид “Тавантолгой” түлш, компанийг шахмал түлш гаргаж байхад нь “Бидний ажлыг булаалаа, орлогогүй болголоо” гээд дургүй байсан гэнэ. Гэрээ хийгээд борлуулж эхлэнгүүт ач холбогдлыг нь ойлгосон байна. Иргэдийн зүгээс чанарын хувьд ам сайтай байдаг ч, долоон хоногт зургаан шуудай нь хүрэлцэхгүй байна гэж хэлдгийг мөн л онцлов. Долоон хоногийн эхээр хүмүүс картаа уншуулаад авч эхэлдэг ч дөрөв дэх өдрөөс гуйгаад эхэлдэг байна. Тэгэхээр борлуулагчид айлыг галгүй хонуулалтай биш гэж картгүй өгдөг тохиолдол ч бий гэнэ. Долоон хоногтоо 10 шуудай ядаж найман шуудай байвал арай хүрэлцээтэй байх болно гэдгийг тэд бүгд хэлэв.

Долоон хоногийн зургаан шуудай шахмал түлш нь хүрдэггүй Дараагийн цэгийн борлуулагч “Манайх ноднин гэрээтэй ажиллаж байсан. Сая дахин гэрээ хийхэд ирэх сараас түлшээ өгнө гэсэн. Одоо хүмүүс байнга л шахмал түлш асууж байна. Өмнө нь нүүрс зардаг байхад өдийд ирчихсэн, зараад эхэлчихсэн байдаг. Энэ жил шахмал түлш урьдчилсан төлбөрт шилжсэн юм чинь төлбөрөө хийгээд л хязгаар тогтоохгүйгээр авч болох юм шиг байна лээ. Бидний хувьд компаниасаа түлшээ аваад, зараад болоод л байдаг. Ноднин гэхэд л 10 тонн цагийн дотор дуусдаг байсан. Хамгийн гол тулгамдсан асуудал нь нэг айлд долоон хоногийн зургаан шуудай шахмал түлш өгөх заалт нь бодит амьдрал дээр хэрэгжихэд хэцүү. Хүмүүс“Бид яахын галгүй хонож хөлдөх юм уу” гээд гуйгаад байхаар яах ч аргагүй картгүй өгөх тохиолдол бий. Ноднин яах вэ картгүй өгсөн тохиолдолд гайгүй байсан. Энэ жил харин хариуцлага нь чангарч байгаа юм билээ. Үүнийг бид дээш нь байнга л хэлж байгаа. Нэмэгдэх талаар шийд гараасай л гэж хүлээж байна” гэлээ.

Энэ талаар “Тавантолгой” түлш компаний Борлуулалт маркетингийн хэлтсийн дарга Д.Миняагаас тодруулахад “Долоон хоногт зургаан уут түлшийг нэг өрхөд олгож байсан нь энэ жил хэвээр байна. Харин 16-100, 100 дээш киловатт хүчин чадалтай нам халаалтын зуухтай айл өрх, албан газрууд байгаа. Нийслэлийн захирагчийн албанаас уг судалгааг гаргаж нэмэлт түлш өгөхөөр ажиллаж байна. Энэ жил 2800 орчим аж ахуйн нэгж, айл өрх гурвалсан гэрээгээр түлш авахаар болсон” гэсэн юм. Нийслэлийн захирагчийн алба “Тавантолгой” түлш компани тухайн аж ахуй, иргэнтэй гэрээ байгуулж ажиллах аж. Үүнээс харахад нэг айлд өгөх түлшний хэмжээ нэмэгдэхгүй нь иргэдийг хувцсаа түл эсвэл түлшээ нэмэхээс өөр аргагүйд хүргэж байгаа болов уу.

Сайжруулсан шахмал түлш утаа бууруулж, олон хүнийг ажлын байраар хангаж байгаа сайн талтай ч одоогийн байдлаар хүрэлцээ муугийн дээр нэг айлд өгдөг зургаан шуудайгаа нэмэх шаардлагатай байна. Иргэд зургаан шуудай түлшээ түлчихээд үлдсэн өдрүүдэд галгүй даараад сууж байх юм уу.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид