Улаанбаатар 1c

Ё.Намсрай: ЦИРКЧДИЙГ ХАРААД ЗАРИМ НЬ ГАЙХАЖ, НЭГНИЙХЭЭ АРААР ОРОХ НЬ Ч ЭНҮҮХЭНД

Ж .Солонго

Уулзаад суухад яриа нийлээд, урам ороод элдвийг хүүрнэдэг, насны зөрүүтэй ч нэгнээ гололгүй хоббигоо хуваалцаж, “хов” баздаг “найз”-тай байна гэдэг сайхан юм. Шинэ содонг хайж, шим сортойг уншигчдадаа хүргэхээр тэмүүлдэг сэтгүүлчийн ажил минь энэ эрхэмтэй намайг учрууллаа. Түүхийн номноос унших үнэнийг нүдээрээ харж, цаг үеийн өөрчлөлтөд насаараа амьдарч байгаа түүнийг Ёндонгийн Намсрай гэнэ. 90 нас шүргэж яваа энэ эрхэм ханиараа цайгаа чануулж, хажуугаасаа түшүүлж, хамтдаа өтөлж яваа азтай эр. Түүний гэргий Д.Ичинхорлоо биднийг сайхан идээ, ундаагаар дайлаад “Хамтдаа өтлөх хувьтай улс байж бид” хэмээн нуг нуг инээх нь цаанаа л хайр татам. 80 жилийн түүхтэй Монголын циркийн урлагийн ууган хосуудын нэг нь тэд.

Циркийн сургуульд элсэж, ханиа, амьдралаа сонгосон тэдний зам сонирхолтой, өрнүүн, уйдамгүй байсан нь маргаангүй. Бид энэ удаа зочидтойгоо ярилцахдаа циркчин “залуус”-аар хань татсан нь “Хань” киноны Төмөрийн дүрээр олноо танигдсан Г.Доржнамжил гуай, “Шинэ цирк” төвийн захирал, Д.Зоригт нар юм. Бид энэ удаа гэрийн эзэнтэй түлхүү хүүрнэсэн ч гэргий нь ч бас мэдэхээ хэлж, мартсаныг сануулж хамт ярилцсан.

-Ихо эгч ээ, Та хоёр хэдэн онд циркийн сургуульд орсон юм бэ?

Д.Ичинхорлоо: Тавин хэдэн онд хөдөөнөөс хотод орж ирээд, нэгдүгээр арван жил намайг оруулна гэж байсан юм. Ээж минь шарлаад манайх хотод ирсэн л дээ. Би дөрөвдүгээр анги төгссөн хүүхэд байсан болов уу. Адъяа гээд танил маань Урлагийн сургуульд орно, Циркийн сургуульд шалгалт авч байгаа гээд ярихаар нь л шалгуулж орсон.

-Цирк гэж мэдэх үү?

-Манай ойр ирж тоглохыг нь үзэж байсан болохоор мэднэ ээ. “Хүн ингэж тоглодог юм байх даа” гэж гайхан хардаг байсан. Тэгээд бодох нь ээ, циркт хүн авахыг мэдээд хуучин дуганд очиж шалгуулж байсан байх.

-Хэн хэн шалгаж байсан бэ?

-Д.Гомбо, Г.Ирина, Л.Нацаг, Д.Норовцэрэн багш байсан. Дараа нь Дайрийжав багш ирсэн. Т.Цэнд-Аюуш багш биднээс өмнөх үеийн хүн шүү дээ, бид ухаан алдатлаа айдаг байж

 -Намсрай гуай циркийн сургууль төгсөөд жүжигчин болохдоо хэдэн настай байсан бэ?

-Би 20 настай байсан.

-Таныг ороход циркт хэн хэн тоглож байсан бэ?

- Хууччууд байсан. Бид Монголын циркийн сургуулийн дөрөв дэх төгсөлтийнхөн шүү дээ. Тэгэхээр биднээс өмнө сургууль төгссөн болон дундуур нь авьяасаараа шалгарч орж ирсэн хүмүүс байсан хэрэг.

-Хэдэн жил сурч жүжигчин болсон бэ?

-Дөрвөн жил сурч төгссөн. Офицерийн сургууль татан буугдаад, тэндээс Циркийн сургуульд орж байсан.

- Монголын циркийн урлагийг үндэслэгчдийн гар дээр бойжиж, уран бүтээлийн замналаа эхэлжээ дээ. Ламзавын Нацаг гуай бол циркийг үндэслэгчдийн нэг. Түүний ах Л.Ванган гуай ч бас эхэндээ циркт байсан гэдэг байх аа?

-Циркт байсан. 1945-1946 оноос өөр салбар руу шилжчихсэн юм билээ. Ламзав бол хэлмэгдэж явсан хүн. Авьяас билигтэй хөвгүүдтэй болохоор Маршал өршөөсөн биз ээ.

-Ламзав гуайг циркийн агуулахыг хариуцаж, ажилладаг байсан тухай бэр нь ярьж байсан шүү.

- Аж ахуй талын ажил хийгээд ойрхон байсан байх шүү.

- Тухайн үед Циркийн сургуульд сурч байхдаа ямар хувцас өмсдөг байсан бэ?

-Сургууль хийхэд турсик, майк өмсөнө. Өөрсдөө хийнэ. Форм гэж байх биш. Урлагийн сургуульд ерөнхий эрдмийн хичээлээ үзээд, үдээс хойш нь цирк дээрээ бэлтгэл хийдэг байсан.

Биднийг тоглолтоор явж байхад зочид буудал бараг байгаагүй. Сууж явсан галт тэргэндээ байрлаж, тэндээ хувцасаа солиод тоглолтоо хийдэг байлаа. Пхенянд л нэг зочид буудалд байрласан. Тэр үеийн дурсамжид дайны хөлд сүйдсэн хотын ул мөр л нэвт шингэн үлдсэн байна.

-Та нарыг тэнд сурч байх үед Урлагийн сургуульд байсан хүүхдүүдээс хожмоо олон алдартан төрсөн байх даа?

- Ардын жүжигчин Л.Жамсранжав, Л.Гантөмөр, “Хүргэн хүү” кинонд тоглодог Д.Довдон байлаа. А.Загдсүрэн бас байсан. Биднээс арай хожуу төгссөн байх аа.

-Циркийн сургуульд ямар ямар хичээл ордог байсан бэ?

-Ерөнхий эрдмээс гадна циркийн бүх жанрыг бидэнд заана. Урлагийн сургууль нь яг Циркийнхээ ард байсан.

-Сургуульдаа гэрээсээ явдаг байв уу, эсвэл дотуур байранд байсан уу?

-Бид гэрээсээ явдаг байлаа. Гэхдээ Урлагийн сургууль дотуур байртай. Хичээлийн байрны арын дан байшин нь дотуур байр. Баруун талд нь бас зураач, барималчдын байр байсан.

-Ангидаа хэдүүлээ байв?

- 20 гаруй хүн байсан. Дундаасаа хасагдаж, явсаар 17 хүн төгссөн. Тэгээд циркт ороод зарим нь өөр чиглэл рүү явж хасагдсаар цөөрсөн.

-Циркчин болоод хамгийн анх гадаадын ямар орон руу тоглолтоор явж байсан бэ?

-1958 онд БНАСАУ, БНХАУаар хоёр сар аялан тоглосон.

-Тэр аялан тоглолт ямар дурсамж үлдээсэн бэ?

- Бага байсан болохоор анзаарга багатай байжээ. Солонгос улс дайны дараах бүтээн байгуулалтаа эхлүүлчихсэн байсан үе. Биднийг тоглолтоор явж байхад зочид буудал бараг байгаагүй. Сууж явсан галт тэргэндээ байрлаж, тэндээ хувцсаа солиод тоглолтоо хийдэг байлаа. Пхенянд л нэг зочид буудалд байрласан. Тэр үеийн дурсамжид дайны хөлд сүйдсэн хотын ул мөр нэвт шингэн үлдсэн байна. Гэхдээ бид 1958 онд очсон шүү дээ. Таван жилийн өмнө дайн дууссан байсан болохоор бүтээн байгуулалтууд эхэлчихсэн байсан. Тэнд Монгол хатантай байсан Солонгос хааны бунханг үзүүлж байсан шүү. БНХАУ-д бол тийм ч хол хөндий санагдаагүй. Үзэгчид сайхан хүлээн авч, нутагтаа байгаа юм шиг тоглосон.

-Монголын уран бүтээлчид дангаараа хөтөлбөр бүрдүүлж явсан юм уу?

-Бидний тоглолтыг Мао Зэ Дун дарга нь ч үзсэн. Манай хөтөлбөрт ихэвчлэн циркчид, тэгээд Ардын дуу бүжгийн чуулгаас Г.Жамъян хуурч нэг дуучин, хоёр бүжигчинтэй явсан.

-Та нарыг соёлын үрийг тарьж явсан хүмүүс гэж хэлж болохоор санагддаг. Аймаг, сум, бригад, тасаг, малчны гэрт гээд хүрэх боломжтой газар бүрт очиж, соён гэгээрүүлж явжээ. Бүр үхэр, морь тэргээр ч явж байсан гэх юм билээ?

-Архангай аймгийн Өндөр Улаан сум руу явах гэтэл гол нь үерлээд машин гардаггүй ээ. Морин тэрэгтэй улс цаанаас нь ирээд бид гол гаталсан. Морины тамга цохиод гарч байгаа юм. Бас нэг удаа Булганы Тэшиг рүү явсан тоглолтын үеэр Эгийн голыг морин толгойтой онгоцорхуу зүйлээр гаталж, цаашаа үхэр тэргэн дээр сууж явсан. Цаг үеийн онцлог юм даа. Одоо яривал хүний инээд хүрмээр юм. Тухайн үед зам гүүр гэж юм байхгүй байлаа.

-Хөдөө очоод тоглохоор ард түмэн хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Үзэх харах юм огт байгаагүй болохоор биднийг очоод үзүүлбэр хийхээр гайхаж, шагшиж, айж үзнэ. Зарим нь айж, ухраад хүний араар ч орж байх жишээтэй. Дандаа гадаа тоглоно. Бороо орж байсан ч хамаагүй.

Үхэр тэрэг, морин тэрэг, тэгээд ЗИС-5, ЗИЛ130 гээд машины марк загвар ахиад явсан даа. Машины тэвшин дээр хамаг ачаагаа жигд тойруулж аччихаад урдаа нэг нэг мод хатгаж, тулгуур болгоод суугаад явдаг сан.

Суманд очоод худаг усанд ойр газар майхан барьж буугаад отог үүсгэнэ. Одоогийнх шиг барилга байшин, зочид буудал хайх ч боломгүй.

-Сум орон нутгийнхан шөлний хонь өгөх үү?

-Хонь бариад ирнэ. Үнэгүй өгнө. 1959 оноос Нэгдэл байгуулагдсанаас хойш дарга нь зохион байгуулж, хонь мал авчруулж байснаа 1970-аад оноос хойш төлбөртэй болсон. Ер нь 1970-аад оноос улс орны хөгжил жигдэрч, юм юмны захтай болсон доо.

- Та нарын өмссөн хувцаснууд содон харагдах юм. Оёдолчинтой байсан уу?

- Зураач эскиз гаргаж оёдолчид оёно.

- Циркч бүр эртнээс зураачтай байсан байх шүү. Хуучин циркийн барилгын баганы гардын зураач Л.Намхайцэрэн гуай өөрчилж, тэлсэн гэдэг шүү дээ.

- Л. Намхайцэрэнгуай хөгжимчин байх үедээ дуганы голд байсан баганыг авч хажуу тийш болгож гүүрийн аргаар тэлсэн гэдэг.

-Эх дагинын цогчин дуган байсан гээд сүүлд нь ч гэсэн тэр барилгын доогуур археологид малтлага хийсэн байх шүү.

-Дороо шарилтай гэж ярих юм билээ. Гэхдээ олоогүй байх аа.

-Баримт болж үлдэх гэрэл зураг үгүй ч амнаас ам дамжин яригддаг бас нэг сонин зүйлийг танаас тодруулъя. Улсын циркийн барилга, Яармагийн задгай циркээс гадна манайд нэлээн дээр үед шапито буюу нүүдлийн майхан цирк байсан гэх юм билээ. Үнэн үү?

-Нээлтэнд нь бид очиж тоглож байсан шүү дээ. Дорноговьд бариад бид нээлтийг нь хийгээд Ядамсүрэн гуай малтайгаа үлдсэн. Тэнд шуурга ихтэй болохоор майхан нь урагдаад, оёж, оёж л барьсан.

- Таны тухай бас нэг хөгжилтэй түүх сонссон юм байна. Нэг жилийн наадамд гурав барилдаж унасан гээд... -

(Инээв) Тухайн үед Д.Дамдин аварга барилдаж байсан шүү дээ. Тэр аймгийн тэр гээд л дуудна. Баахан дуудаад өнөөх нь гарч ирэхгүй болохоор хүн хайна. Тэгэхээр нь би гараад барилдчихдаг. Тэгээд л унаад гүйгээд ирнэ. Нэг даваанд гурав гарч ойчсон. Дуртай л байхгүй юу даа.

-Бөмбөрцөгтэй тэнцвэрийн үзүүлбэрийг та Г.Бадарч гуайтай хийж байсан. Үнэхээр сонин сонирхолтой үзүүлбэр байсан боловуу. Гэрэл зургаас харахад бөмбөрцөг дээр Г.Бадарч гуай зогсоод та дээр нь тэнцвэр хийж байгаа харагдсан.

-Орос Бадарч бид хоёр энэ номерыг тоглож байсан. Стойк аваад зогсож байхад энэ бөмбөрцөг нь бас дороо эргэлдээд манежаа тойроод явна. Ганц гар ч хийнэ. Биднийг ажиллаж байх үед жүжигчин бүрийг төрөл бүрээр сорьж, шинэ үзүүлбэр хийлгэнэ гэсээр нэг зүйлээр нь мэргэшүүлдэггүй байсан талтай. Байсхийгээд л үзлэг, шалгалт хийнэ.

-Таныг Монголд анх удаа шидэх банзнаас үсэрч гурван удаа эргэсэн хүн гэдэг. Хэдэн онд вэ?

-1958 он. Монголдоо анхных. Миний өмнө лоонжтой буюу хамгаалалтын бүстэй гурав эргэсэн залуу байсан. Бүсээ тайлж чадаагүй. Бэртэл аваад циркээсээ гарчихсан. Дараа нь би манежинд “Дэлхийн циркийн дээд амжилт” гэж зарлуулж гарч эргэсэн. Дараа нь Жаргалсайхан бас гурав эргэдэг байсан. Түүнээс хойш дөрөв, тав гээд тоо өссөн.

-Тэр үед таны үсэрч байсан банзыг өөрсдөө хийж байсан уу?

-Өөрсдөө хийнэ. Хус модоор хийдэг байсан. Тэр чинь бас шидэлт муутай. Сүүлийн үеийнх сайн юм гэнэ лээ.

- Асуулт тавиад л анзаарахаар та бодол болоод суух юм. Ярихаас илүүтэй тэр үеэ дурсах нь сайхан байна уу?

-Нас ахиад мартах нь их болжээ. Нэр нь орж ирлээ гээд зүс нь харагддаггүй, зүс нь харагдахад нэр нь орж ирэхгүй юм. Ё.Намсрай гуай баримт, гэрэл зураг цуглуулах хоббитой. Түүнд Монголын циркийн үе үеийн уран бүтээлчдийн гэрэл зурагтай цомог бий. Бас түүнээс ч дутуугүй баялаг цомог хоёр байдаг гэсэн. Мөн төрийн тэргүүнүүдийн хөрөг, улс орны удирдагчдын түүх гээд цуглуулдаггүй зүйл ховор. Өглөө эрт номын сан тийш жолоо залаад, үдэш болтол өнөөх эмхтгэлээ баяжуулдаг нь түүний дадал. Ярианы өнгө тийш эргэлээ.

-Өглөөдөө номын сан явдаг гэв үү Та?

-Улаанбаатар хотын номын санд байдаг Америкийн соёл мэдээллийн төвд очиж надад зориулж хурааж хуримтлуулсан зүйлсийг авдаг. Надад их долоогийн бүх удирдагч нарын зураг бий. 12 ширхэг альбом дүүрэн зураг байна. Гэрэл зурагт ямар орчуулга шаардагдах биш дээ. Хэлийг нь мэдэхгүй ч сонин сэтгүүлээс түүж, эвлүүлээд зөндөө цуглуулгатай болсон..

-Хэдэн оноос ийм цуглуулга хийдэг болсон бэ?

-1970-аад оноос хойш элдэв зүйл цуглуулж байна. Нэг төрлөөр дагналгүй олон юм цуглуулсан нь буруу болж гэж боддог юм. Гэхдээ болъё гээд больж чаддаггүй юм аа. МАХН, МАН , АН болон холимог гээд тус тусдаа хайрцагтай улс төрчдийн зураг хөрөг, сонгуулийн тараах хуудас, хайчилбар байна. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийн зургийг ч үе үеэр нь бүгдийг нь цуглуулсан. (Ихо эгч энэ ажлыг нь таашаадаггүй бололтой. Хийх ажлаа олж ядсан юм шиг. Юм хийдэг хамаг сав дүүргэчихдэг гэж түүнийг шүүмжиллээ)

-Таныг бас залуугаасаа тогтмол хэвлэл уншдаг байсан гэх юм билээ.

-Одоо ч гэсэн долоон төрлийн хэвлэл захиалж уншиж байна. Тэгээд л Монголд айлчилсан гадаадын төрийн тэргүүнүүд, Их долоо гэх мэт гарчиг, нэр, чиглэлтэй цуглуулгаа хийж байна даа. Монголын ахмад үеийн зохиолчдын бүтээл, гэрэл зургуудыг бас цуглуулдаг. Энэ ярианы завсар тэр надад сонирхуулж БНСУ-ын бүх төрийн тэргүүний гэрэл зургийг дарааллын дагуу байрлуулсан хавтас үзүүллээ. Дээр нь нэрийг нь солонгосоор бичсэн нь сонин. Тэрбээр солонгос үсгийг сонирхон сурчээ. АНУ-ын 45 ерөнхийлөгчийн зургийг ч мөн ийм жишгээр хадгалжээ. ДБЭТ, УДЭТ, ҮУИТ-ын үе үеийн уран бүтээлч, алдартнууд, хошин урлагийнхан, шог хошин ярианы гээд хэчнээн ч төрлийн цуглуулгатүүнд байгааг таашгүй. Амьд архив л гэж хэлнэ дээ.

-Байхгүй юмгүй хүн юм аа, Та?

-Бурхан болоочид гээд хавтас тэнд байна. Алдар хүндтэй хүмүүсийнхээ юмыг цуглуулаад байгаа санаатай. Гэхдээ хэнд ч хэрэгтэй юм бэ дээ. Ё.Намсрай гуайн өндөр насалсан нууцыг архи, тамхи хэрэглэдэггүй, байнгын идэвхтэй хөдөлгөөнтэй нь холбож болмоор санагдсан. Тэрбээр өдөр бүр 22.00-23.00 цагаас хэтрэлгүй унтаж, өглөө босоод цайгаа уучихаад ойрхон гарч алхдаг гэсэн. Улсад 35 жил ажиллаж тэтгэвэртээ гарчхаад, хүсэлт гарган дахин таван жил ажиллаж байсан юм билээ. 1987 оноос хойш тэр бүрэн утгаараа гавьяаныхаа амралтыг эдлэн суугаа.

Дуртай зүйлээ хийж, хобби болгоод, цуглуулгаа арвижуулж, хол ойрын зочинд түүх хүүрнэн суугаа энэ цагаан сахалтай хөгшин бичгийн сод туурвигч, соён гэгээрүүлэгч Д.Урианхай гуайтай үеэлүүд юм билээ. Дугуй манежинд шуугиулж явсан энэ эрхэм тэтгэвэрт гарснаасаа хойш Соёлын тэргүүний ажилтны үнэмлэх гардсан ч түүндээ гонсойдоггүй. “ Одоо надад тэр төмөр хэрэггүй ээ” гээд нэг л дургүй янзтай хариулах нь ч гайхам. Харьцуулах зүйл, ялгарах үнэн даанч их хорвоо юм даа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид