Улаанбаатар 1c

Д.Гантулга: ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦОО МОНГОЛЧУУДЫГ ЯДУУРАЛД ХӨТӨЛЖ БАЙНА

Эдийн засаг:
Албаны хүний үг:
NPost.mn
Уржигдар 11 цаг 22 минутад

Б. Бямбасүрэн

Тэтгэврийн сангийн талаар ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулгатай ярилцлаа.

-Монголдоо ганц актуарч гэдгээр нь зарим хүн таныг мэднэ. Та хаана боловсрол эзэмшсэн, ХҮН-д элсэхээсээ өмнө ямар ажил эрхэлж байсан бэ?

- МУИС- ийг 1995 онд математикийн бакалавр, 1997 онд мөн мэргэжлээрээ магистр хамгаалсан. Санхүүгийн чиглэлээр Английн Manchester Metropolitan University сургуулийг санхүүгийн бизнес удирдлагын мастер (MBA)-аар дүүргэсэн. Актуарч гэдэг нь санхүүгийн эрсдлийг тооцдог нарийн мэргэжил юм. Энэ мэргэжлээрээ би Лондоны сан хүүгийн төвд ажил л аж байгаад 2008 онд эх орондоо ирсэн. Миний мэргэжил бол санхүүгийн тооцооллыг хийдэг бөгөөд ингэхдээ ирээдүйд болох гэж байгаа, яах нь мэдэгдэхгүй зүйлийн магадлалыг тооцдог гэсэн үг. Тухайлбал, тэтгэврийн даатгал бол миний мэргэшсэн салбар. Хүн тэтгэвэрт гарчихаад хэд хүртэл наслаад таалал төгсөхөө мэдэхгүй шүү дээ. Зарим нь тэтгэвэрт гарчихаад төдөлгүй насан эцэслэдэг бол нөгөө нэг нь 20-30 жил амьдардаг. Тиймээс тэтгэврийн сангийн тооцоолол маш чухал. Үүнийг гаргадаг хүнийг актуарч гэдэг. 2008 онд эх орондоо ирээд “ Гэрэгэ партнерс ” зөвлөх үйлчилгээний компанийг хүмүүстэй хамтран байгуулсан. Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлд хараат бус гишүүнээр ажиллаж байсан. Сүүлийн үед Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж байгаа компаниудын бизнесийн үнэлгээг хийсэн. Дурьдвал, Lend.mn, Invescore, Бодь даатгал гэх мэтчилэн олон байна. Олон улсын үнэлгээний RICS гэж байгууллагын бизнесийн үнэлгээгээр мэргэшсэн гишүүн үнэлгээчин. Онгирвол, Монголдоо олон улсын бизнесийн үнэлгээний эрхтэй цорын ганц хүн.

- Тэтгэврийн сангийн тооцоолол таны мэргэшсэн салбар гэлээ. Сүүлийн үед тэтгэврийн реформыг эдийн засагчид онцолж ярих боллоо. Та мэргэжлийн хүний хувьд манай тэтгэврийн тогтолцоо ямар байна вэ?

-Би Лондоны санхүүгийн төвд ажиллаж байхдаа Grant Thornton гэх аудитын компанийн тэтгэврийн сангуудын жил бүрийн шинжилгээг хийдэг байсан. Ингээд Монголдоо ирээд тэтгэврийн сангийн хуримтлалын тогтолцоо манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж буй талаас нь сонирхон судалсан. Мөн МУИСийн дэргэдэх Эдийн засгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захиалгаар Монгол Улсын нэрийн дансны тогтолцоо ирээдүйд ямар үр дүнд хүрэх вэ гэдэг тооцооллыг хийсэн. Тиймээс тэтгэврийн сан, түүний шинэчлэлийг маш олон талаас нь хөндөн ярьж болно. Юуны түрүүнд, иргэд, хувь хүн талаас нь авч үзвэл, одоо тэтгэвэр авч буй хүмүүсийн тэтгэврийн нэмэх асуудал. Яагаад гэдэг нь ойлгомжтой. Дундаж тэтгэвэр 400 мянган төгрөг бөгөөд дийлэнх олонх нь хамгийн доод хэмжээ болох 350 мянган төгрөг авч байгаа. Одоогийн энэ тогтолцоо монголчуудыг шууд ядууралд хөтөлж байна. Гайгүй цалинтай явж байгаад тэтгэвэрт гараад 350 мянган төгрөг авна гэдэг ядуучуудын эгнээнд шууд шилжиж буй үзэгдэл. Үр хүүхэд нь туслаж дэмждэггүй л юм бол өнөөгийн нийгэмд сарын 350 мянган төгрөгөөр амьдарна гэдэг маш хэцүү.

-Тэтгэврийн хэмжээг өсгөх гэхээр тэтгэврийн санд мөнгө байхгүй гэдэг шүү дээ. Яаж нэмэх гарц, шийдэл байна вэ?

-Монгол Улс уул уурхайн баялагтай. Эндээс орох орлогоос тэтгэврийн хэмжээг нэмэх боломж байгаа. Жишээлбэл, 2019 онд 2020 оны төсвийг батлахдаа байгалийн баялгаас “Ирээдүйн өв сан”- гийн хуулиар 792 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж төсөвлөж байсан. 2020 онд цар тахал гарснаар төсөөлөл өөрчлөгдсөн хэдий ч хөрөнгийн зах зээлд гаргаад өгөөжийн өсгөх боломж байна. Мөн хуримтлалын тогтолцоо байж болно. Дөнгөж ажлын байран дээр гарч буй залуучууд 30-40 жилийн дараа авах тэтгэвэрт санаа зовнидоггүй. Тэдний хувьд, орон байрны асуудал нэгдүгээрт байдаг. Тэгвэл хуримтлалын тогтолцоонд шилжсэнээр энэ асуудлыг шийдэж болно. Зүй нь, тэтгэвэрт төлж буй бүх шимтгэлийг яг өөрийнх нь нэр дээр банканд хадгалж буй хуримтлуулна. Одоогийн нэрийн данс шиг хийсвэр биш гэсэн үг. Үнэндээ иргэд нэрийн дансанд шимтгэл төлж, бичилт хийлгэж байгаа боловч тухайн мөнгө нь өөр дээр нь биш тэтгэвэр авч буй хүмүүс рүү гардаг. Иймд 20 настай ажил хийж эхэлсэн бол 30 нас хүрээд өөрийн нэр дээрх тэтгэврийн санд хуримтлуулсан мөнгөө орон сууцны урьдчилгаанд 50 хувийг нь шилжүүлдэг байж болно. Энэ бол нэг хувилбар. Ингээд 30-45 нас хүртлээ 30 хувиа зарцуулдаг, 45-аас дээш бол хуримтлалаас нь мөнгө гаргахгүй зөвхөн тэтгэвэрт нь нөөцлөх гэх мэтээр тэтгэврийн тогтолцоогоо шинэчилж болно. Энэ бол зөвхөн тэтгэврийн бус хуримтлалын тогтолцооны асуудал бөгөөд маш олон нийгмийн суурь харилцааг шийдэх гарц юм. 1900 оноос хойш дэлхийн хөгжингүй улс орнууд үндэсний хуримтлалын сантай болсон байдаг. Ийм сангүйгээр хөгжсөн улс гэж нэгээхэн ч үгүй.

- Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн мөнгийг бодитоор өөрийнх нь нэрийн дансанд урт хугацаанд хуримтлуулна гэсэн үг юм байна. Тийм үү?

-Одоогийн хуулиар 65-тайдаа тэтгэвэрт гарлаа гэхэд багадаа 30 жил тэтгэврийн санд хадгалагдана гэсэн үг. Тэгэхээр сан урт хугацаат хөрөнгө оруулалт хийх боломжтой болно. Өнөөдөр манай улсад урт хугацааны хөрөнгө оруулалт гэсэн ойлголт алга. Норвеги улс 1967 онд даатгалынхаа хуулийг баталж, сангаа байгуулсан түүхтэй. Энэ сан Норвегийн ихэнх томоохон үйлдвэрүүдийн хувьцаа эзэмшигч байдаг. Энэ жишгээр хуримтлалын сан байгуулагдвал дагаад Хөрөнгө оруулалтын сан бий болж, урт хугацааны хөрөнгийн зах зээл ажиллаж эхэлнэ.

-Хөрөнгийн зах зээл гэснээс энэ талбарыг хөгжүүлэх шийдлийн талаар саналаа хуваалцахгүй юу?

-Хөрөнгийн зах зээл бол арай өөр. Тэнд байшин барилга байна, ажиллаж буй брокер, диллерийн компаниуд байна, IPO гаргаж байна шүү дээ. Өнөөдөр санхүүгийн зах зээл дээр банк 95 хувийг эзэлж байна. Тэгвэл үнэт цаасны зах зээлийг идэвхжүүлэхийн тулд Засгийн газрын хийж чадах нэг ажил нь дотоодын бонд гаргах. 2017 оноос хойш Засгийн газар дотоодын нэг ч бонд гаргаагүй. Ерөөс бонд гэдэг төсвийн алдагдлыг санхүүжүүлдэг, иргэд, аж ахуйн нэгжээс зээл авдаг хэлбэр юм шүү дээ. Өнгөрсөн наймдугаар сард төсвийг 3.8 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Үүнийг хаанаас санхүүжүүлэх вэ гэдэг нэг асуултын тэмдэг. Тэгвэл Засгийн газрын бондыг хамгийн ашигтай нөхцөлтэйгээр хөрөнгийн зах зээл дээр гаргаснаар энэ талбар хөгжих боломжтой. Бондыг зөвхөн нэг удаа гаргаад зогсчихдог, нэг ч компани, иргэн авдаггүй байж болохгүй. Заавал хоёр дахь зах зээл дээр арилжаалагддаг байх хэрэгтэй. Хамгийн эрсдэл багатай нь Засгийн газрын бонд . Тиймээс бондынхоо өгөөж, үнэ цэнийг нь тодорхойлчихвол хөрөнгө оруулалтынхаа эрсдэлд таарсан санхүүгийн хэрэгсэл бодитоор бий болно. Тухайлбал, бодлогын хүү 10 нэгж хувь байлаа гэхэд Засгийн газрын бондынх 11-тэй байж болох. Дараа нь компанийн бонд арай ахиу, хувьцаа, тэр дундаа уул уурхайн компанийн хувьцаа бүр илүү үнэтэй байвал эрсдэл болон хөрөнгө оруулалтын өгөөж нь ч өөр байдаг зах зээл үүснэ шүү дээ. Үүнийг л хөрөнгийн зах зээл, биржийн арилжаа, ажиллагаа гэж хэлээд байгаа юм

. -Танай нам Засгийн газрын мөрийн хөтөлбөрт анализ хийсэн байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөр олонхийн суудал авсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт суурилж гарч ирдэг хуультай. Нам бүр ирэх дөрвөн жилд юу хийх вэ гэдгээ мөрийн хөтөлбөртөө тусгаж, иргэдэд танилцуулдаг. Иргэдийн зүгээс мөрийн хөтөлбартөй нь танилцсаны үндсэн дээр тухайн намын хөтөлбөрт итгэл хүлээлгэж, нэр дэвшигчийг сонгодог. Тиймээс ХҮН-ын зүгээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг ул суурьтай шинжилж үзлээ. Гэтэл МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан 17 зүйл заалт Засгийн газрын хөтөлбөрт огт ороогүй, заримынх нь хүрэх зорилт нь буурсан байдалтай байна. Тухайлбал, ядуурлыг хоёр дахин бууруулна гэж МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан мөртлөө үндсэн чиглэлдээ 20 хувиар, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “тууштай” бууруулна гэж оруулсан. Өөрөөр хэлбэл, сонгуулиар ядуурлыг 50 хувь бууруулна гэж байснаа 20 хувь болгоод бүр сүүлдээ “тууштай” бууруулна гэсэн хэмжих боломжгүй нэгж рүү шилжүүлсэн. 2019 оны өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар ядуурлын суурь түвшин 28.4 хувьтай гарсан. Энэ бол харагдах талаасаа нэг тоо боловч бодит байдлыг авч үзвэл, 900 мянган хүн сард 166 мянган төгрөгөөс бага хэрэглээтэй байна гэсэн үг. Гэтэл 150 мянган төгрөгөөр зарим хүмүүс нэг ресторанд ороод хооллоод гардаг шүү дээ. Уг нь жилд 125, сард 10 мянган хүнийг ядуурлаас гаргах том зорилт дэвшүүлсэн нь зөв. Энэ зорилтдоо хүрэхийн төлөө эргэж буцалтгүй явах ёстой юм. Энэ мэтчилэн 17 заалтын 14 нь огт байхгүй, зорилт нь буурсан гурав байснаас бид санал, дүгнэлтээ уламжилсны үндсэн дээр огт байхгүй 14-өөс ес, зорилт буурсан гурвын хоёр нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид