Улаанбаатар 1c

ЦАГИЙН ЗҮҮНИЙ ЭСРЭГ ЗҮГТ ТАНТАЙ УУЛЗАНА

М. Дэвээжаргал

Уулзахыг хүссэн хэн нэгэнтэйгээ хаа нэгтээ санамсаргүй таарах юм шиг учрахын совин төрөхгүй. Энгэр цээжний нулимсан дунд эртэд живсэн завь мэт сураг алдарсан улирлууд бий. Намжаа толгодын орой цайрч харагдана. Өвс үндэснээсээ эхэлж цантах мэт бодогддог сон. Довтолгогч өдөр хоногууд нүд ирмэхийн зуур өнгөрсөөр сайн, сайхан хүний үзэж чадаагүй долоон намрыг би үзэж байна. Гэвч тэр хүн л сонин мэдрэмжит намрын зураач билээ. Үгүйлэн санахын хэрээр үймрэн гуниглах үр хойч байна гэдэг хэчнээн хөндүүр. Нүдээ аниад цагийн зүүний эсрэг чигт алхсаар бидэнтэй хамт байсан гэрэлт он жилүүдэд хүрдэг. Хааяа зүүдэнд минь ирэхгүй бол хэн нэгний зүүдэн дундуур сэлж яваагаар төсөөлсөөр...

Шүүдэр буусан зуны сэрүүхэн өглөө дан дээлээ хөдөрч, монгол гутлаа хонгилдог өмсөөд уяа морь доошин жин суугаа дүр нь үргэлж нүдэнд харагдана. Өвөө сайхан инээмсэглэн, тэнгэр шинжин байдаг сан. Балчир ахуй насны минь инээд хөөрийг, чимээгүй дотогшоо өнгөөр сольж орхисон арван хэдэн оны үүрийн гэгээг ч мартаагүй. Харин дутахын хэцүүг дүүргэхийн хүслээр халхалж амьдрахыг хар багаасаа сурсан. Тэрээр нар салхинд явсаар хөрслөг бор царайнд нь улаан туяа сууж дээ гэмээр, дээр үеийн монгол киноны жолоочийг санагдуулам саарал малгай духдуулан тавиад нимгэн цоохор срочкин цамцны хормой хэсгийг өмднийхөө дот уур хийж, орос хромны түрийг шалчийтал даравч цэмцгэрдүүхэн өмсдөг асан хүн бол миний өвөө. Түүнийг Дамдинсүрэнгийн Нүрзэд гэдэг. Сумын наадам эсхүл багийн өдөрлөгөөр өмсөх хүрэн торгон дээл, улаан залаатай улсын алдарт уяачийн малгай аргагүй сайхан залуу явсныг нь илчлэх мэт зохидогсон...

Хэдэн оны зун билээ дээ, дуг нойрноосоо сэрээд хөнжлийнхөө завсраар харвал гамбир хайрч байгаа бололтой, аав гурил элдэж, ээж шавар зуухандаа гал өрдөж байлаа. Гадаа хөлийн чимээ дуулдав уу, үгүй юу өвөө хоолой зассаар орж ирэв. “Үүрээр мал бэлчээд тогтсонгүй” гэх мэт элдвийг ярингаа цай оочлон, “Өнөөдөр морьдоо үсэргэнэ шүү” гэсээр гарч одлоо. Үдийн нар хэвийхийн алдад морьдын нэмнээг авуут сул асгарах хөлсөнд нь дүрс минь ойсноо төдөлгүй бутран унав. Тэнгэр тэсэлгүй борооших янзтай үүл учралдан байв. Охин дүүтэйгээ морь хөтлөн голын зөөлөн ширэг даган алхсаар гэрээсээ нэлээн холджээ. Гэрийн зүг харвал “бороо орох нь дээ” гэсэн өвөөгийн хоолой чих шүргэх төдий л дуулдлаа. Буцах замд их усан бороо хувингаар цутгах мэт асгаж, дүү бид хоёр бороо орохоор баясдаг хүүхдийн гэнэн зангаараа инээлдсээр уяан дээр очвол “Гэртээ орж дулаац, миний хүүхдүүд” гээд морио нэмнэн үлдэв.Өчигдрийн ширүүн борооноос өглөөний шүүдэр, чийгийн үнэр үлджээ гэж бодсноо ч өдий олон жил өнгөрөхөд мартаагүй л байна шүү. Дүр төрх нь бүдгэрэвч дуу хоолой нь замхрахгүй. Уяа морьд салхи сөрөн зогсоно. “Бүх дурсамжаа зарж дуусгаад юуг харж өвөөгөө санах юм бэ” гэсээр ээжийг бүлтэгнүүлж байснаа ч мартахгүй нь.

Цаг хугацааны үзүүр сэжмээс барин тавин дурсамжууд зүүгдээстэй. Ой тойнд таны хийсэн үйлдэл, хэлсэн бүхэн өчигдөрхөн мэт тод. Орчлон ертөнц хувираагүй хэр нь огтоос танихгүй амьдрал, танихгүй хүмүүсийн дунд амьдарч байна. Хүйтэн агаарын мөр даран ганхах модод, мөчир дээрх шувууд хэдэн жилийн дараа тэднээс хэд нь үлдэх бол

Нутгийнхан маань “Сайхан сэтгэлтэй, цагаан цайлган хүн байлаа” хэмээн дурсдаг сан. Хэнд ч хар буруу санаж, хэнийг ч алаг үзэхгүй харьцаж ирснийг аавын яриа сануулна. Зэргэлдээ сумын баярт хөтөлгөө морьтой хүү хоног дамнан явж хүрдэг байсан гэдэг. Харин одоо өнгөрснийг мартах гэхээсээ илүү өнгөрсөн бүхэн өнөөдөрт дутагдаад байх шиг санагдаж, юм л бол бага байхад, тэр үед гэж боддог болжээ. Өвөө минь жамын жимээр буцахдаа он цагийн сайн сайхныг аваад явчихсан эсвэл өвөөг дагаад он цаг сайн сайхантайгаа буцсаныг ч эс мэднэ. Уулсын оройд хөлгүй манан татахуйяа өнгөрсний нөмөрт хөтлөн аваачих шиг сэтгэл гижигдэх буюу. Тэр жил, манайх өвөөгийнхтэй хаяа залган хаваржиж байв. Юмсыг сониуч, таньж мэдээгүй зангаар ажиглан хардаг байсан балчир ахуйдаа дээр үеийн зоос цуглуулж, янз бүрийн хэлбэртэй төмөр халаасалсаар гэртээ бараг “ховор эдлэлийн цуглуулгатай дэлгүүр” нээх шахаж билээ. Өдгөө түүнээс юу ч алга. Өвөө ч эзгүй.

Эмээ бид хоёр хулсан хашааны хөр хатгаж, амсхийх зуураа өвөөгийн залуу үеийн тухай, тэдний хайр сэтгэлийн тухай ярьдаг байв. Том болохын хэрээр би эмээгээсээ ч холдсон байна. Хөдөө явах дуртай ч тэнд сэтгэл тогтдоггүй, нэг л уйгаар хөндий цээж давчддаг болчихсон. Хамаг бүхэн дурсамж сэдрээж, хажуу дэргэд амьсгал нь мэдрэгдэнэ. Атан тэмээний аяс алхаанаас бодол түрүүлж, аавгүй орчлон давчуу гэдгийг аавын харц хэлнэ.

Аргал уралдан хормойлж, чулуун гэр барьж, харгана тэсгэнэ түүж, уулын уруу уралдаж, хөр хатгаж, адуу тургих чимээнээр сэрж, мануухай босгож, мал үргэх тоолонд үсрэн босч, худгаас ховоо татаж, шагай шүүрч, овоонд чулуу нэмж, төлийн уутнаас ишиг хурга эрж, тэмээний тушаа авч, болжмор харваж, элээнээс ааруулаа хамгаалан модонд уут зүүж, адуунд явсан аавыгаа хүлээж, айл саахалттай хонь малаа зөрүүлж нэвсийсэн их сайн сайхны дунд аж төрдөг байлаа. Нэг зун өвөө сумын төв рүү айлын найранд яваад халамцуухан, малгайгаа хойш нь харуулаад хазгайдуу тавьчихсан, манай “Гэсэр” гэдэг жижиг улаан мотоциклтой дуу аялан уулын уруу салхи татуулан давхин ирсэн сэн. Ач зээтэйгээ голын усанд орж, бид голын эргээс өвөө хүртэл хэн нь хурдан сэлэх вэ гээд л уралдаан зохионо. Өвөө гараа дэлгээд дэлхийг бүхэлд нь алдлах шиг биднийг тэвэрдэг байв. Үгүй болсных нь хойно сахал тань ширүүн, муухай байна гэж уйлан дуугарах биш санаж болох бүхнийг нэгд нэгэнгүй нэхэн нэгжин санадаг аж. Ингэний айраг нэг амьсгаагаар хэн нь ууж чадахаа үзнэ. Би хул аягаар эхлээд нэгийг уув. Урамшуулан магтаад байхаар нь сайн хүн болох гээд ахиад нэгийг уутал юу юугүй буцаад гарах нь ээ. Эрэг дор ороод суучихаж билээ.

Тавдугаар ангийн тоглолтоороо аав, ээжийнхээ өөдөөс харж байгаад "Охин үрээ хайрла" хэмээх шүлгийг уншчихаад гэртээ нэг л бардам хүн ирээд сууж байтал, эмнэлэгт хэвтэж байсан өвөө минь манайд ороод ирэх нь тэр. "Сайхан шүлгийг сайхан уншлаа. Одоо өөрөө бичдэг болно доо хө" гээд энгэрийнхээ халаасыг уудлан хоёр мянган төгрөг гаргаж ирээд гарт минь атгууллаа. Харин би өвөөг эмнэлгээсээ явж ирээд үзнэ гэж бодоогүй болохоор гайхаж, балмагдахын зэрэгцээ баярлан хөөрч байв. Надад асар их хүч, хүсэл мөрөөдлийг бэлэглэсэн юм. Яруу найрагт дурласан бяцхан охиныхоо зүрхэн дэх галыг өрдөж, чадах мэт итгэлээр хөглөж өгсөн хайрт өвөөдөө мөнхөд талархаж явна. Өдийг хүртэл миний хүртсэн шагналуудаас хамгийн том шагнал өнөөх хоёр мянган төгрөг. Алс одсон, эргэж ирэхгүй сайхан буурайнхаа хойноос зуу зуун үгэн суварга босгож, эрхинээс илүү үсэг имэрч сууна. Бичиж гавихгүй ч сэтгэл өөрөө ярихыг сонсдог.

Халиа гүйсэн нуурын хөвөөнөө сэтгэл жиндүүлж

Халиах нүдний аяганд хуурай салхин дэгдэв үү

Альхан дотроос ховхрон унасан бүлээхэн амьсгаа

Аюулхайн гүн дэх хөндүүр болж ургав уу

Цэнхэр торгон лавшиг тань гүймэл зэрэглээнд замхарч

Цэх нуруу, аараг давахдаа бөхийлүү

Госноо тань мөр ахиж гарахгүй хорвоо доо

Горь тасартал хүлээвч зүүдэнд үл үзэгдмү

Бүгээн зүсмийн морьд анир зүсэж өвс хазлав уу

Борооны усыг шимсэн өрхөө татах мэт зовхио би өргөж ядлаа

Хараацай үүрээ засахаар хараачийг ажна

Хөөрхий, энэ шувуунд та хувилаа юу...

Хүйтэн хайруу үгсээ өнөд залгия гэтэл Хөнтөрч барамгүй гуниг төрлөө

Уйлмаар, дулаахан наран дөнгөж л мандаж байхад

Гүний хөрс бүлээстэл цагийг зогсоомоор санагдлаа...

Цаг хугацааны үзүүр сэжмээс барин тавин дурсамжууд зүүгдээстэй. Ой тойнд таны хийсэн үйлдэл, хэлсэн бүхэн өчигдөрхөн мэт тод. Орчлон ертөнц хувираагүй хэр нь огтоос танихгүй амьдрал, танихгүй хүмүүсийн дунд амьдарч байна. Хүйтэн агаарын мөр даран ганхах модод, мөчир дээрх шувууд хэдэн жилийн дараа тэднээс хэд нь үлдэх бол.

Өвөө эзгүй. Эмээгийн гэр ханхай хоосон. Хөндий талд адуу хүртэл толгой гудайлган зогсох мэт уйтай. Орыг нь залгах хүү, охин бий ч орон зайг нөхөх хүн гээч л үгүй. Алганых нь бүлээн одоо ч мэдрэгддэг. Алганы тань хээг хадгалсан бүхнийг хайрласаар. Энэ зүрхээ муу муухайгаар дүүргэж чадахгүй. Энд л та сэрүүн тунгалаг оршдог. Таны амьдарсан дэлхийг муу муухайгаар төсөөлж зүрхлэхгүй. Альхан нэгэн газарт ч мөр тань дурайн буй.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Нүдэнд харагдтал бичсэн бна аа Ахтайгаа олон жил хамт наадамд явсан даа Уяаныхан сайхан хүлгүүдээс нь ч унаж явлаа Сайхан 2 дурсамжууд нь сэргэж нүдэнд харагдаж сэтгэлд ургах шиг
    2020 оны 09 сарын 17 | Хариулах
  • Билгүүн
    Сайхан бичдэг сэтгүүлч байна
    2020 оны 09 сарын 17 | Хариулах
  • Babo
    Woow
    2020 оны 09 сарын 17 | Хариулах
  • Noami
    🖤🖤🖤
    2020 оны 09 сарын 16 | Хариулах
Нийтлэлчид