Улаанбаатар 1c

ЗУРВАС: Цэргийн алба амьдралын их сургууль

1982 оны тэр нэгэн зун 18 нас хүрсэн аавд минь эр цэргийн зарлан дуудах хуудас иржээ. Эх орны даалгавар, иргэний үүрэг учир биелүүлэх л ёстой. Тухайн үед нэгдэлжих хөдөлгөөн өрнөж байсан үе л дээ. Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд “Эх орон” нэгдэлд мал малладаг байж. Гэсэн ч аав маань цэргийн албанаас ухраагүй. Өнөө үеийнх шиг оюутан гэдгээр далайлгаж, ар гэрийн гачигдалтай гэдгээ нөмөрлөж, цэргийн албанаас зугтаагүй юм. Ингээд “сэрээд, сэрээд” командаар босохоос эхлээд, захны даавуу хадах, шалаа лааны тосоор зүлгэх, ороо цэмбийтэл хураах, жагсаалын бэлтгэл хийх цэргийн амьдралаа эхлүүлжээ.

Хөдөөгийн ажил үүрээр босож, адуугаа хурааж, хонио бэлчээрлүүлэхээс эхэлдэг учраас өглөө эрт босох нь тийм ч хүнд байгаагүй гэнэ лээ. Салааны дарга нь “Цэрэг гэдэг зэрэг гэсэн үг. Та нар бүх үйлдлээ зэрэг хийх ёстой. Амиа бодож болохгүй, чадахгүй нэгэндээ тусалж бай” гэж нийтэч байхыг сургадаг байж. Аав минь гурван жилийн алба хаахдаа анх цэргийн сургалт бэлтгэлд өглөө, өдөргүй “нүдүүлж” байсан бол хоёр дахь жилээс нь өөрөө шинэ цэргүүдэд бэлтгэл сургалт явуулдаг дэд түрүүч болон дэвшсэн гэдэг.

Цэргийн албанд шамдахын зэрэгцээ улс орныхоо бүтээн байгуулалтад ч гар бие оролцож явсан удаатай. Төв аймгийн Жаргалантын аж ахуй, нийслэлийн баруун дөрвөн замын барилга, “Хандгайт”-ын цэргийн амралтын байр, Толгойтын арван байшин, Яармагийн эцсийн буудлын дэлгүүрийг үеийн нөхөдтэйгөө сүндэрлүүлж явсан нь аавын минь энэхэн үеийнх нь бахархал. Энэ бүхнээс аав хүний итгэлийг зүтгэлээр хариулах, аливаад үнэнч, тууштай байх, бусдыг сонсох, учир шалтгааныг нь эргэцүүлж бодох олон зан чанарыг сурсан гэдэг.

Цэргээс халагдахдаа Батлан хамгаалах яамнаас авсан цэрэгжилт, улс төр, буудлагын шалгалтад салаагаараа онц дүгнэгдээд зогсохгүй “мэргэн буудагч”, “онц сурлагатан” тэмдгээр шагнуулж явсан нь үр хүүхэд бидний бахархал юм даа. Дурсамж, ухаарал дүүрэн гурван жилийн цэргийн албаа аав минь ярих дуртай. Бид ч сонсох дуртай. Хугацаат цэргийн алба нь миний аавын гэлтгүй цэргийн алба хаасан хүн бүрийн насаараа дурсан ярих дурсамж, амьдралынх нь сургамж, хатуужил болдог байх гэж би боддог.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид