Улаанбаатар 1c

ЗУРВАС: Одохуй

Оюутан цаг. Багш нэг удаа монгол хэлэнд байдаг үхлийг илэрхийлсэн бүх үгийг бичих даалгавар өгөв. Бид бичнэ. Нас барах, бурхан болох, хадан гэртээ очих, мөнх бусыг үзэх, нүд аних, нүгэл дуусах, наснаас одох гэх мэт маш олон жагсаалт гарлаа. Зарим нь давхацсан ч зарим нь огт мэдэхгүй үгс сонстов.

Тэгэхэд л Үхэл бол өөрөө үг юм. Маш олон янзаар хувирч, ямар ч үгэнд шингэх боломжтой агаад гэртээ ахиж хэзээ ч эргэж ирэхгүйгээр явлаа ч гэж болохоор юм байна гэж ойлгосон. Дахиж хэзээ ч эргэж ирж чадахгүй хүн л гэрээ орхих болно. Түүнчлэн сандалд шингэх, ухаанд үлдэх гээд хэлээд байвал бүх үгтэй холбогдож чадна. Харин үхэл гэгч чухам өөрөө юу юм бол оо. Бидний дунд байсан амьд биет гэв гэнэтхэн алга болчихно. Бусад нь гашуудацгаана. Хэн хүнгүй халаглана. Харин дараа нь юу болдог вэ. Мартдаг. Хэн ч дурсахгүй. Тэр бие хаашаа оддог вэ. Янз бүрээр л ярина.

Шарын шашинд дараа төрлийг олох гэж ярина. Христэд бол там, диваажин хоёрын нэгд унана гэх л байх. Дутуу дулимаг мэдлэгийн үүднээс буруу хазгай бичиж байж ч болох юм. Хаашаа явахаа хүн бүр л сонирхоно шүү дээ. Гэтэл хүсэл хүзүүгээр татна гэж байх аж. Мэдэхийг хүсэвч мэдэж болохгүй... Бурхан гэж магадгүй тэр одох мөч байх гэж итгэнэ. Харин хотын өглөө, үдшийн түм бужигнаж олон цугласан газар тэр бүхнийг мартана. Гэвч одохуй бидний хажууханд...

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид