Улаанбаатар 1c

ЗУРВАС: Ус цацдаггүй жолооч танд баярлалаа

П. ЖАРГАЛ

Усан бороо асгарсан өдрүүд Улаанбаатарт үргэлжилсээр. Тал нутагт байсан сан бол гараа дэлгэж, тэнгэр ширтэн сэтгэлээ ариусгамаар, чийгтэй өвсөн дундуур хөл нүцгэн гүйж баясмаар зөөлөн бороо зүсэрнэ. Харамсалтай нь, ус зайлуулах шугам, шуудуу маруухантай нийслэл хотод бороо орохтой зэрэгцэн түмэн асуудал ундардаг билээ. Хамгийн наад зах нь гишгэх газаргүй ус тогтож, борооны ус автозамын хашлага даван үерлэнэ.

Энэ бүхэнд хамгийн их хохирдог нь явган зорчигч. Бороо орсон өдөр гоёж, гангалдаг хүн цөөхөн биз. Иргэдийн ихэнх нь юүдэнтэй цамц, хөдөлгөөнд саад болохооргүй өмд, хөлд эвтэйхэн, намхан ултай гутал углаад гэрээсээ гардаг болохыг борооны дараах Улаанбаатарын гудамжнаас харж болно. Учир нь, том том тогтоол усан дээгүүр харайж, замын хашлага давж саадтай харайлтын тамирчин шиг багагүй зүдэрч байж зорьсон газраа хүрдэг болохоор тэр. Гэвч хэчнээн бэлтгэл хангаж гарлаа ч тэднээс шалтгаалахгүй зүйл олон. Ажил алба, хувь хувьсгалын болзоондоо хоцрохгүй, хувцсаа бохирдуулчихгүй очих сон гэж мэрийж явахад нь хаанаас ч юм хар хурдаараа хааз гишгэсэн машин гарч ирээд хамаг хувцас руу нь ус цацчихдаг нь даанч бухимдмаар.

Гэхдээ бүгд тийм сагсуу, бүдүүлэг юм уу гэвэл бас үгүй. Ус тогтсон зам руу орохдоо холоос хурдаа хасч, явган зорчигчийн хажуугаар зөрөхдөө эгээ л унтаж буй хүүхдийн дэргэдүүр өлмий дээрээ сэмхэн гишгэсээр гарч буй мэт усыг үл ялиг долгилуулан өнгөрөх жолооч цөөнгүй. Эсвэл явган зорчигчийг зөрж өнгөртөл хэсэгхэн зогсож, ус цацрахааргүй холдсны дараа хөдөлж харагдана. Хандлага зөв хүний үйлдэл тийм сайхан. Бусдыг хүндэлж, бие биендээ үлгэрлэсэн жолооч танд баярлалаа. Төд удалгүй жолооч бүхэн ийм соёлд суралцана гэдэгт гүнээ итгэнэ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид