Улаанбаатар 1c

Нийгмийг өөрчилсөн онцгой 80 хүний нэгээр монгол бүсгүй шалгарчээ

Соёл урлаг:
NPost.mn
Уржигдар 14 цаг 58 минутад

С. Сэргэлэн

Нийгмийн хандлагыг өөрчлөн, ажил, амьдралаараа бусдыг сайн сайханд уриалдаг онцгой 80 хүнийг тодруулж, олон улсын манлайллын хөтөлбөрөөс “Face of exchange” хэмээн зарлажээ. Энэ дунд нэгэн монгол бүсгүй багтсан нь Б.Отгонтуяа. Тэрбээр автомашины ослын улмаас нурууны гэмтэл авч тэргэнцэртэй болсон ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг зөрчсөн, таагүй нөхцөл байдлаас үүдэн гэртээ нэлээд хугацаанд идэвхгүй амьдарсны эцэст энэ байдалтай тэмцэж өөртэйгөө ижил асуудалтай хүмүүсийн эрх ашгийн төлөө ажиллахаар сэтгэл шулуудсан нэгэн юм.

Б.Отгонтуяа 2010 онд олон улсын манлайллын хөтөлбөрт оролцож АНУ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хэрхэн хамгаалдаг, тэдний боловсрол, ажил эрхлэлтийг яаж дэмжин, хуульчилсныг судалж, эх орондоо ажил хэрэг болгохоор зорьж яваа юм. Улмаар 2013 онд “Бид чадна” ТББ-ыг үүсгэн байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх тэгш ажиллаж, амьдрах боломжтой орчинг бүрдүүлэх, ажлын орон тоог нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагатай ажил олгогчдыг дэмжиж сурталчлах, нийгэмд эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилготой “Бид чадна сайт“-ыг санаачлан эхлүүлснээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдээллээр хангах, соёл урлагаар дамжуулан нийгэмд таниулах хоёр үндсэн чиглэлээр ажиллаж буй юм.

Өнгөрсөн хугацаанд тэд “Тэргэнцэртэй Мисс“, “Тэргэнцэртэй Фэйшн Шоу“, тэргэнцэртэй иргэдийг чадавхжуулах, ажлын байранд бэлтгэх “Бид чадна” хөтөлбөр, “Ажилд ортол нь түгээцгээе” цахим хөтөлбөр, “Бид тэгш эрхтэй флаш моб“, “We Are Life Covers” дууны тэмцээн, “Бидний тэгш хүртээмжтэй хот - Тэргэнцэртэй иргэдийн газрын зураг”, “Эргэлдэн бүжих тэргэнцэр“ зэрэг олон төсөл хэрэгжүүлжээ. АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчооноос зохион байгуулдаг 80 жилийн түүхтэй олон улсын манлайллын хөтөлбөрт 225 мянга гаруй хүн хамрагдсанаас 80 хүнийг л ийн онцолсон аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид