Улаанбаатар 1c

Шалгалтад хамрагдаагүй ААН-д “С” зөвшөөрөл олгохгүй

Нийгэм:
NPost.mn
2020-09-16 15:37

Автотээврийн үндэсний төвөөс Зам, тээврийн хөгжлийн яамтай 2020 онд хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Ухаа худаг уурхайгаас 215 км-т буюу Ханбогд сумын Хайрхан багын нутагт орших Цагаанхад суурьшлын бүс хүртэлх аж ахуйн нэгжүүдийн автотээврийн хэрэгслийн ашиглалтын байдал, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хамтарсан хяналт шалгалт хийж гүйцэтгэжээ.

Хяналт шалгалтыг “Ачаа тээвэрлэлтийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас” болон “Зэрэглэл тогтоох хуудас”-аар хяналт шалгалтыг гүйцэтгэж илэрсэн дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх автотээврийн аж ахуйн нэгж, байгууллагын хөдлөх бүрэлдэхүүнээс хамааруулан авто аж ахуй зэрэглэл тогтоон ажиллаж байна.

Энэ хүрээнд Авто тээврийн үндэсний төвийн удирдлагууд өчигдөр дээрх аж ахуй нэгжүүдийн 200 орчим төлөөлөлтэй уулзаж, санал солилцож, тулгарч байгаа асуудлуудаа хэлэлцэж, шалгалтын дүнг танилцууллаа. Шалгалтад нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэн гүйцэтгэдэг 213 аж ахуйн нэгж хамрагдахаар төлөвлөгөөнд тусгагдсанаас 161 аж ахуй нэгж хамрагджээ. Үүнээс “Их” эрсдэлтэй буюу шаардлага хангаагүй 69 ААН, “Дунд” эрсдэлтэй буюу хангалтгүй 67 ААН, “Бага” эрсдэлтэй буюу хангалттай 25 ААН байгууллага байсан байна.

Шалгалтаар тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл үйлчилгээний ил болон дулаан зогсоол, техникийн үйлчилгээ, засварын байранд тавигдах шаардлага, автотээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, тээвэрлэлтийн нөхцөл, боловсон хүчний хангалт, тээвэрлэгч жолооч, инженер техникийн ажилтанд тавигдах шаардлага, тээвэрлэлтийн гэрээ байгуулсан эсэх зэргийг шалгахад дараах нийтлэг зөрчил илэрсэн байна. Мөн шалгалтад хамрагдаагүй 52 аж ахуйн нэгж, байгууллагад улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зөвшөөрлийн бичиг олгохгүй байх шийдвэрийг танилцууллаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид