Улаанбаатар 1c

ДЭЛХИЙД ӨЧИГДӨР

Дэлхий:
NPost.mn
2020-09-16 15:47

ОХУ

Германд эмчлүүлж байгаа Оросын сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальный биеийн байдал дээрдмэгц эх орон руугаа буцан, өмнөх ажлаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн талаар “New York Times” мэдээллээ. Түүний эмчлүүлж буй Шарите эмнэлэг Навальныйн биеийн байдал сайжирсаар байгаагийн дээр уушгины хиймэл амьсгалын аппаратыг салгасан, орноосоо босож чадахаар болсон хэмээн мэдэгдсэн юм. Өнгөрсөн сарын 20-ны өдөр Навальный онгоцоор зорчих үедээ бие нь муудаж, улмаар онгоц нь Омск хотноо шуурхай газардан, түүнийг эмнэлэгт хүргэсэн юм. Омскийн эмч нар шинжилгээ хийсний дүнд цусан дахь чихрийн хэмжээ эрс өөрчлөгдсөнөөс үүдэлтэй бодисын солилцооны алдагдал гэсэн үндсэн онош тавьсан. Үүний шалтгааныг нарийвчлан тогтоож чадаагүй ч Навальныйн цус болон шээснээс хорт бодис олоогүй гэж эмч нар мэдэгдэж байлаа.

АНУ

АНУ-ын өмнөд нутгийн Флорида, Миссисипи, Алабама зэрэг хэд хэдэн мужийг хар салхи чиглэн урагшилж байгаа ажээ. “Салли” халуун орны шуурга даваа гарагт хар салхи болсон бөгөөд хөрсний гулгалт үүсгэх төлөвтэй байгааг холбогдох албаныхан онцолж байна. Түүнчлэн хар салхины улмаас зарим нутагт 30 см гаруй хур тунадас унаж, салхины хурд 135 км/цаг хүрч ширүүсэх төлөвтэй байна гэж цаг уурчид мэдээлжээ. Атлантын далайн хар салхины улирал жил бүрийн зургаагаас арваннэгдүгээр дүгээр сард үргэлжилдэг юм. Алабама, Миссисипи мужид “Салли” шуургатай холбогдуулан онцгой байдал тогтоожээ. Мөн Луйзиана мужийн захирагч сонор сэрэмжтэй байхыг оршин суугчдадаа уриалсан байна. “Лаура” хар салхи гурван долоо хоногийн өмнө Луйзиана мужийг дайран өнгөрсний улмаас 80 мянга орчим өрх одоог хүртэл гэрэл цахилгаангүй хэвээр байна. “Салли”-гаас гадна “Полетт”, “Рене”, “Тедди”, “Вики” нэртэй халуун орны дөрвөн өөр шуурга Атлантын далайн ай савд хуйлран эргэлдэж байгаа аж.

ЯПОН

Японы эрх баригч ЛибералАрдчилсан намын шинэ дарга Сүга Ёшихидэн амынхаа удирдлагыг шинэчлэх төлөвтэй байна. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг Никай Тошихиро үргэлжлүүлэн хаших бол Боловсролын сайд асан Шимомүра Хакүбүнийг Бодлогын асуудал хариуцсан даргаар томилох ажээ. Эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаалаасаа огцорч буй Ерөнхий сайд Абэ Шинзогийн халааг аван намын шинэ даргаар даваа гарагт сонгогдсон Сүга Ёшихидэ Дотоод хэрэг, харилцаа холбооны сайд асан Сато Цүтомүг Ерөнхий зөвлөлийн даргаар томилохоор төлөвлөж байгаа бол Парламентын асуудал эрхэлсэн хорооны даргын албыг Морияма Хироши үргэлжлүүлэн хашна гэж намын эх сурвалжууд мэдээлжээ. Сүга Ёшихидэ намын удирдлагын халаа сэлгээг хийснийхээ дараа Либерал-Ардчилсан намын эвсэл болох “Комэйто” намын дарга Ямагүчи Нацүотой уулзахаар товлосон бөгөөд талууд эрх барих эвслийг тогтвортой байлгах талаар тохиролцох ажээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид